Монголчууд эрүүл мэндийн даатгалд түүхэндээ анх удаа 98,6 хувь нь хамрагдлаа
2012-02-09

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэд эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах үүрэгтэй байдаг. Гэвч иргэдийн даатгалын талаарх ойлголт дутуу, санхүүгийн чадавхи сулаас эрүүл мэндийн даатгалын хамрагдалт 100 хувьд хүрч байсан тохиолдол үгүй юм. Тухайлбал, иргэдийн эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг сүүлийн 10 жилийн байдлаар авч үзвэл нийт хүн амын 73.4-82.6 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байсан тоон үзүүлэлт бий. Харин өнгөрсөн 2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалаас санхүүжсэн тусламж, үйлчилгээг даатгуулагч  бүр хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Үүний үр дүнд түүхэндээ анх удаа Монгол Улсын нийт хүн амын 98.6 хувь нь буюу 2 793 220 хүн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна. Энэ нь эрүүл мэндийн даатгалын хамрагдалт өмнөх оныхоос 23.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийгмийн даатгалын салбарынхан Засгийн газрын тогтоолоор баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүний хөгжил сангийн хишиг, хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хүртээх замаар малчид, оюутан, суралцагчид, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэдийг даатгалд хамруулах ажлыг төрийн захиргааны байгууллагуудтай хамтран шуурхай зохион байгуулсан нь ийнхүү нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин