Хүүхдийг жолоочийн хажуугийн суудалд суулгахгүй байхыг анхааруулав
Уламжлалт сар шинийн баяр дөхсөн энэ үед нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул Замын цагдаагийн газраас иргэдэд хандан доорх анхааруулгийг хүргэж байна.
Иргэдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол сүүлийн үед ихэссэн тул жолоо барих болон тээврийн хэрэгслээр зорчихдоо хүүхдээ жолоочийн хажуугийн суудалд суулгахгүй, мөн зориулалтын бүс бүслүүлж байхыг анхааруулав. Учир нь осолд өртсөн хүүхдүүдийн ихэнх нь жолоочийн хажуугийн суудалд, эсвэл аюулгүйн бүс бүслээгүй байсан аж.
Дашрамд дуулгахад, он гарснаас хойш нийслэлд зам тээврийн ослын улмаас 104 нас барж, 3400 гаруй хүн бэртэж гэмтжээ. Осол гаргасан жолооч нарын зарим нь санаатайгаар ослын газраас зугтдаг бөгөөд тэднийг дараа нь илрүүлэн шалгахад “Хяналтын камерт бичигдсэн болохоор ослын газраас явчихсан юм” гэж тайлбарладаг гэнэ. Хуульд “Замын хөдөлгөөн бүрэн хаагдсан, осолд нэрвэгдсэн хүнд яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хэргийн газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх” ёстой хэмээн заасан байдаг. Тиймээс ослын газраас зугтсан жолооч тооцох хариуцлагыг чангатгахаар болжээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ