Сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 18-ны өдөр БНСУ-ын Сувон хотын Цагаачлалын албанаас, тус улсад хууль бусаар ажиллаж амьдардаг Монгол улсын 44, ОХУ-ын нэг иргэнийг саатуулжээ. Тэднийг Гуанжү хотод байрлах тус улсын хамгийн том "G" цанын баазаас саатуулсан аж. Уг цанын баазын цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэдэг байгууллага нь жуулчны автобусаар тэднийг авчирсан бөгөөд тэдэнд ажлын хувцас өмсгөн цэвэрлэгээ хийх тухай зааварчилгааг өгч байхдаа Цагаачлалын албаны шалгалтанд өртөж баригдсан байна.
"G" цанын баазад ажлын өдрүүдэд 15 орчим , амралтын өдрүүдэд 40~45 цэвэрлэгээний ажилчид ажилладаг бөгөөд Солонгос иргэдээс гадаад төрхөөрөө ялгагдахааргүй хэмээн тооцож Монголчуудыг их хэмжээгээр ажилд авдаг байжээ. Мөн гадаадын хууль бус иргэдийг бүртгэж ажилд авсан байгууллага нь өөр олон цанын бааз, амралтын газруудад Монголчууд голдуу иргэдийг зуучилдаг байсан нь тодорхой болсон тул удахгүй ийм газруудад томоохон хэмжээний шалгалт явуулах болсон гэнэ.
Н.Дэлгэр