Пэпси үндэсний дээд лигт хожигдолгүй баг үлдсэнгүй
2012-02-28

Спортын төв ордонд МСБХ-ны Пэпси Үндэсний дээд лигийн тэмцээн хуваарь ёсоор гурван тоглолтоор үргэлжиллээ. Эхний тоглолт аваргаа хамгаалагч Харцага болон TLG 13 багуудын хооронд өрнөсөн. TLG 13 багийн хамгаалагч Кларенс Жеффри өвдгөндөө гэмтлийг авснаар тоглолтыг үзэгчийн суудлаас үзэхээр болсон юм. Түүний бэртэл нэлээдгүй хүнд бололтой.1-2 хоёр сар талбайд гарахгүй байж магадгүй юм байна. Жеффри багийн үндсэн тоглогч. Түүний эзгүйд Дархантөгс үндсэн бүрэлдэхүүнд гарсан ч хоёрдугаар үед шагайгаа гэмтээж тоглолтын сүүлийн хагаст талбайд гараагүй юм. Бөмбөг эзэмшилт муутай болсон TLG 13 Харцага багийг оноогоор гүйцэж чадалгүй байсаар 90-77 харьцаатай ялагдал хүлээлээ. Харцага багийн төвийн тоглогч Марко Павлович 34 оноо 17 сба хийн бүх тоглогчдыг тэргүүлсэн байна. Дараагийн тоглолт лигийн шинэ баг SBL Becks, ШУТИС QGX компанийн Акулууд багийн хооронд өрнөсөн. Нэг ч хожлыг авч чадаагүй байсан Акулуудын хувьд SBL эвгүй өрсөлдөгч байж болохоор байсан. Учир нь SBL Өмнөх тоглолтондоо Пүрэв-Цэрэнгийн шилдэг тоглолтын ачаар TLG13 буулгаж авснаар дээд лигт анхны хожлоо авч нэлээд урам зоригтой тоглолтыг үзүүлэх болсон. Гэвч Дэлгэрням, Ганболд тэргүүтэй Акулууд тоглолтын эхнээс л санаачлагыг авч тоглон үндсэн цагт 82-67 харьцаатайгаар Пэпси Дээд лигийн чансаагаа харуулж эхний хожлоо авсан юм. ингэснээр хоёр баг ижилхэн нэг нэг хожилтой болж байна. Сүүлийн тоглолт маш сонирхолтой тоглолт болсон. Аваргын төлөө өрсөлдөж болох хоёр багийн тулааныг аав хүү хоёрын дуэл улам бүр чимж байлаа. Цэвэрбал дасгалжуулагчийн хүү Пүрэвдорж Ёлууд багийн ахлагчаар аавынхаа удирдлаган доор тоглож байсан ч энэ жилээс Хүлэгүүдэд хүчин зүтгэх болсон. Тиймээс мэргэжлийн лигт өрсөлдөгчийн хувиар анх удаагаа хүү нь аавынхаа эсрэг тоглож байна. Хамгаалалт түлхүү хийгдэж байсан тоглолтын эхний хагас 31-26 харьцаатай Хасын Хүлэгүүд багийн давамгайллаар өндөрлөсөн. Хүлэгүүдээс Пүрэвдорж 16 оноо,  Вилльям Боүзэр 13 оноог авч багаа тэргүүлцгээсэн ч гуравдугаар үед бүх зүйл Бүллсийн талд эргэсэн. Энэ үед Хас ердөө 8 оноог авсан бол Бүллс 24 оноог өөрсдийнх болгосон. Улмаар давуу байдлаа хадгалж явсаар 63-58 харьцаатай Баянзүрх Бүллс баг ялалт байгуулснаар Пэпси Үндэсний дээд лигт хожигдолгүй баг үлдсэнгүй. Бүллсийг онооны лидер Дэн Хадли 24 оноогоор тэргүүлсэн бол Рафаел Харрис 17 самбараас бөмбөг авч бүх тоглогчдыг тэргүүлжээ.
Shuud.mn
Сонин хачин