
Их Британийн судлаач Уильям Линдсей орчин цагийн газрын зургуудад тэмдэглэгдээгүй Цагаан хэрмийн 100 км урт хэсгийг Монголын нутаг дэвсгэрт олж илрүүлсэн тухай «Дейли телеграф» сонинд нийтэлжээ. Тэрбээр Цагаан хэрмийг судлах явцдаа XII зууны атласын хуулбараас үүдэн өнгөрсөн оны намар Монголын Говьд очихоор шийдсэн аж. Түүний үзсэн хуулбарт Чингис хааны аян дайнууд болон Цагаан хэрмийн хэсэг тод харагдаж байсан нь говиор аялах үед нь нотлогдсон байна. Тиймээс манай эриний өмнөх 120 он орчимд Хань хаад эрх барих үедээ Цагаан хэрмийн Монголын газар нутаг дахь хэсгийг босгосон хэмээн Линдсей үзэж байна. Түүний энэхүү шинэ нээлтийн тухай мэдээ баримтуудыг «Нэшнл жеографик» сэтгүүлийн ойрын дугаарт нийтэлж олны хүртээл болгох гэнэ.
П.Наран