Татварын бодлого цаг үеэ мэдэрсэн байх хэрэгтэй
2012-03-02

Татварын ерөнхий газрын  байранд Үндэсний татварын албаны удирдах ажилтны улсын ээлжит зөвлөгөөн боллоо. Татварын албаны улсын зөвлөгөөнд УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны гишүүн Д.Балдан-Очир, Сангийн сайд Д.Хаянхярваа, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр нар хүрэлцэн ирсэн. Улсын зөвлөгөөнийг нээж Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр үг хэллээ. Тэрбээр татварын албанд хийгдэж буй инноваци, эрсдэлийн менежмэнт, цахим өөрчлөлтийн талаар болон  татварын эрхзүйн орчны шинэтгэл, татварын албаны үйл ажилллагааг дэлхийн жишигт хүргэж ажиллах зорилтын талаар тодорхой илтгэж, шийдвэрлэх арга зам, цаашид анхаарал асуудлын талаар дурьдсан юм. Үндэсний Татварын алба 2011 онд улсын төсөв, хүний хөгжлийн санд  1439,6 тэрбум,  орон нутгийн төсөвт 372,4 тэрбум төгрөг, нийт улс, орон нутгийн төсөвт 1,8  их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байснаас 2011 оны 10 сард УИХ-ын чуулганаар Татварын Ерөнхий газраас улсын төсөв, хүний хөгжлийн санд   төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөг 196.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж  нийт 2,1 их наяд төгрөг болгон  тодотгож баталсан. Улс, орон нутгийн төсөвт 2011 онд  2117.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгээс  2159,5 тэрбум  төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг  102.0 хувиар буюу 42,0 тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ.   Татварын орлогын нийт гүйцэтгэлийг өмнөх оны мөн үеийн орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 622.2 тэрбум төгрөгөөр илүү байгаагаас 414.8 тэрбум  төгрөг буюу 66.7 хувь нь улсын төсөвт, 33.3 хувь буюу 207.3 тэрбум төгрөг нь орон нутгийн төсөвт тус тус төвлөрсөн байна. Аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтсээс орон нутгийн төсөвт 481.6 тэрбум төгрөг оруулахаас 508.3 тэрбум төгрөгийг оруулж, төлөвлөгөөг 105.5  хувиар биелүүлсэн тухай мэдээллийг ТЕГ-ын дарга илтгэлдээ онцлон тэмдэглэлээ. Татварын албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцогсдод хандаж  Сангийн сайд Д.Хаянхярваа мөн үг хэлсэн. Тэрбээр цаашид татварын бодлогоор эдийн засгийг дэмжих чиглэлээр дорвитой ажиллах шаардлага байгааг онцлоод, татварын албаны өнөөгийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа татварын албаны  нийт удирдах ажилтнуудад дуулгаж, цаашдын ажилд амжилт хүслээ. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир өнөөдрийн зөвлөгөөний үндсэн илтгэл болох Татварын Ерөнхий Газрын даргын илтгэлийн талаар байр сууриа илэрхийлэхдээ дээрх дүгнэлтийг хэлэв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо татварын бодлогын талаарх эрхзүйн олон асуудлаар хэлэлцүүлгийн түвшинд ажиллаж байгаа. Цаашид Татварын албаны ажилд дөхөм болох үүднээс төрийн бодлого илүү уян хатан, цаг үеэ мэдэрсэн байх шаардлагатайг эрхэм гишүүн хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Өнөөдөр татварын албыг эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн эрдэм шинжилгээний ажил хийж байсан боловсон хүчин тэргүүлэн ажиллаж байна. Энэ нь татварын албыг илүү шинжлэх ухааны түвшинд, хэтийн чиглэлийг барьж ажиллах бололцоог олгодог сайн талтай. Цаашид Монгол Улсын эдийн засгийн бааз суурь нэмэгдсээр байх тул татварын алба нь улсын төсвийн орлогыг бүрдүүлэхээс гадна татварын бодлогоор эдийн засгийг зохицуулах үндсэн үүргээ биелүүлж,  дэлхийн стандартад нийцэж ажиллах шаардлага бийг  онцоллоо.
Shuud.mn
Сонин хачин