
Хятад улс батлан хамгаалахын салбарын төсвөө 11,2 хувиар нэмэгдүүлж буйгаа зарлалаа. Ингэснээр Хятадын батлан хамгаалахын зардал 670 тэрбум юань буюу 106,4 тэрбум ам.долларын өртөгтэй болгон нэмэгдүүлж байгаа аж.
Ирэх жилүүдэд ч Хятадын батлан хамгаалахын зардал нь тогтмол өсөх тухай олон улсын шинжээчид тэмдэглэж байна.
Хэдийгээр Хятадууд албан ёсоор ирэх жилүүдэд цэргийн зардлаа өсгөнө хэмээн зарлаагүй ч зэвсэглэлдээ шинэчлэлт хийхээр зарлаад буй төлөвлөгөөнүүд нь асар өндөр өртөгтэй учраас цаашдаа батлан хамгаалахын зардал нь өсөх нь дамжиггүй гэнэ.
Хятадын батлан хамгаалахын зардал ийнхүү 100 тэрбум ам.доллар давлаа. Энэ үзүүлэлтээрээ Хятад улс дэлхийд хоёрдугаар байрт өрсөлдөгчгүй жагсдаг юм. Учир нь Хятадын дараа гуравт бичигддэг улс болох Их Британийн батлан хамгаалахын төсөв нь 60 тэрбум ам.долларт хүрээд буй. Дөрөвт Франц улс 59,3 тэрбум ам.доллар, тавд манай хойд хөрш ОХУ 58,7 тэрбум ам.доллараар тус тус эхний тавд жагсдаг. Харин нэгдүгээр байрт мэдээж АНУ дэлхийн бусад улс гүрнүүдээс хол тасархай буюу 698 тэрбум ам.долларыг батлан хамгаалахын салбартаа төсөвлөсөн.
Дээрх таван гүрний дараа Япон улс 54, Герман 45, Саудын Араб 45, Энэтхэг 41, Итали 36 тэрбум ам.доллар батлан хамгаалах салбартаа зарцуулдгаараа дэлхийд эхний 10-т ордог ажээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ