Р.Абрамович ууртай байна
2012-03-06

Ирэх улирлын Аваргуудын лигт тоглох эрхийн төлөө болон Холбооны цомын эхний дөрөвт багтаж үлдэхийн төлөө тэмцэлдсээр буй Челси клуб хэдхэн хоногийн өмнө португали дасгалжуулагч Андре Вильяш Боашийг ажлаас нь халсан билээ. Улирал дуустал тус клубын туслах дасгалжуулагч Роберт де Матео түүний албыг түр хашихаар болсон. Тэгвэл Роман Абрамовичийн дараагийн сонголт хэн байх тухай, мөн Челси клубын ирээдүйн тухай мэргэжилтнүүдийн таамаглалууд английн хэвлэлүүдийг дүүргэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Премьер лигтээ хүснэгтийн тавдугаар байрт жагсаж буй Челсигийн хувьд байдал тун хүнд. Шинэхэн дасгалжуулагч португали эр нутагтаа одтой байсан ч будант Альбионд ирмэгц алдарт Челси клубыг одоогийн муу амжилтад хүргэсэн нэр авч хөөгдөөд буй. Багийн эзэн Роман Абрамович ч тоглогчдоо хатуухан зэмлэж дасгалжуулагчаа халагдахад хүргэсэн нь муу тоглолт үзүүлж буй та нарын буруу хэмээсэн сурагтай. Мөн алтан жаал хэмээх нэр нь Челсид ирмэгцээ л зэвэрсэн Торресыг Абрамович тоож ч харахгүй байгаа аж. Асар өндөр үнээр тус клубт ирсэн болохоор буцааж ч болдоггүй, яаж ийгээд хэргийг нь гаргах бодол Челсигийн удирдлагуудад байх боловч харамсалтай нь Торрес тэдний хүслийг мөрөөдөл болгосоор байгаа. Тиймээс ирэх зун Роман Абрамович Челсигийн асуудалд хүчтэй хутгалдаж удирдлагууд төдийгүй тоглогчдын дунд ч халаа сэлгээ их хийж магадгүй болоод байгаа гэнэ. Хэт олон одуудтай, тэр одууд нь зэвэрч хожигдол авчрах болсон, хэл ам хэрүүл тэмцэл ихтэй хэмээн Челсигийн доройтлын шалтгааныг тоочигсод олон. Яг одоогийн нөхцөл байдлаар Премьер лиг шувтрах тийшээ хандаж байгаа цагт асар муу тоглолтын үр дүнгээс шалтгаалан бүтэн жил хамт байсан дасгалжуулагчаа алдсан Челсигийн залуус шөвгийн дөрөвт багтах эсэх нь хүндхэн байна. Челсигийн нөөц бололцоог чинээнд нь тултал бүрэн гүйцэд шавхаж чадах тийм л дасгалжуулагч Лондоны багт хэрэгтэй болоод байна. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин
AIIN L HALAH BAISAN YUM.
2012-03-06
bb:
haha ene uurlahaaraa yaadgiin zail
2012-03-06