Хөгжлийн банкныхан хөрөнгө оруулагчидтай уулзана
2012-03-09

Монголын Хөгжлийн банк энэ оноос эхлэн 600 сая ам.долларын бонд гаргахаар болоод байгаа. Энэ хүрээнд бондын хөтөлбөрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлаад байгаа билээ. Уг бондыг гаргах асуудлаар Хөгжлийн банк энэ долоо хоногт олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийхээр болсон байна. Уулзалт энэ сарын 8-наас эхлэх бөгөөд хэд хэдэн удаагийн цуврал уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн талаар Bloomberg агентлаг мэдээлжээ. Монголын Хөгжлийн банк бондын хөтөлбөрөө ''ING Group'', "Deutsche Bank" болон "HSBC" банкуудтай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Дээрх хөрөнгө оруулалтын банкууд удахгүй зохион байгуулагдах уулзалтад оролцоно гэдгээ ч бас илэрхийлээд байгаа ажээ. Монголын хөгжлийн банкны бондын санхүүжилтээр Засгийн газар эхний ээлжинд шинэ төмөр зам, цахилгаан станц барьж, уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаа билээ. Түүнчлэн "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ч Хөгжлийн банкны бондыг дайчлахаар шийдвэр гарсан. Монголын хөгжлийн банк байгуулагдсанаасаа хойш бонд гаргах асуудлыг ярьж эхний ээлжинд дотоодын хөрөнгийн бирж дээр 800 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болоод байсан ч өөрчлөгдөж, зөвхөн гадаадын зах зээл дээр гаргахаар болсон. Энэ хүрээнд Сингапурын хөрөнгийн биржтэй хамтрахаар болоод байгаа билээ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин