Германы Канцлер Ангела Меркелийг манай улсад айлчлах мэдээ гарсан мөчөөс эхлэн хэвлэлийн хуудаснаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын хэсгийн дарга Б.Хурц, ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркел хоёр хэлхээтэй юм шиг салахаа болив.
Тэднийг холбож буй гол асуудал нь Б.Хурцын “хэрэг”. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын хэсгийн дарга Б.Хурц Франц улсаас хүн хулгайлсан хэрэгт холбогдож бүтэн жилийн турш тус улсын шоронд хоригдож байсан ч Германы талд шилжсэнээсээ хойш сарын дараа эрх чөлөөтэй болсон нь олны хүнд эргэлзээ бас хардлага төрүүлсэн юм.
Энэ нь Англи улсад бүтэн жил хоригдсон Б.Хурцыг хэний захиалгаар Герман руу татаж, ямар учраас суллав гэдэг асуудал байв. Б.Хурцыг суллагдсаны дараахан ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркел Монгол улсад айлчлахаа мэдэгдсэн нь үнэн. Харин айлчлалыг гол зорилгын талаар Монголын Засгийн газар ч тэр, Германы Засгийн газар ч тэр үг унагахгүй байсан нь Б.Хурцтай холбоотой байж магадгүй гэсэн хардлагыг лавшруулсан хэдий ч Б.Хурц үнэхээр Германы өгөөш болсон уу гэдэг нь Төмөр хатагтайн айлчлалаар илэрнэ. Гэхдээ манай түшээд иймэрхүү наймааг хийхдээ гаршсан нөхдүүд. Төрийн нууцын хэмжээнд авч үзэн дээд хэмжээний хаалттай уулзалтаар бүх асуудлыг шийдвэрлэж “ханцуйдаа наймаалцдаг” туршлагатай.
Кремль үү, Улаанбаатар уу
Ангела Меркел Монгол улсад айлчлах шийдвэр гаргахаасаа өмнө манай хойт хөршид айлчлах төлөвлөгөөтэй байсан хэдий ч төрийн дээд хэмжээний айлчлалаа цуцалжээ. Түүнийг чухам яагаад Монгол улсыг сонгож ОХУ-д хийх айлчлалаа хойш тавив гэх асуулт бас л хардлага дагуулсан боловч Германы Засгийн газрын төлөөлөгчид айлчлалын агуулгаа дэлгэснээр асуудал цэглэсэн гэхэд болно. Германчууд Монгол улстай эрдэс баялаг, газрын хэвлий дэх ашигт малтмалын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа учраас энэхүү айлчлалыг онцолсон гэдэг нь тодорхой болов.
16-хан цагт асуудлыг шийдэж болох уу
ХБНГУ-ын Канцлер Хатагтай Ангела Меркел Монгол улсад 16-хан цаг саатна. Албан хэргийн ажлаар яваа хүнд бол урт хугацаа хэдий ч Ангела Меркелийн “онилж” ирсэн салбарт бол хэтэрхий багадана. Гэсэн ч асуудлыг дардан замаар гүйлгэхийн тулд эртнээс нааш бэлтгэсэн нь бараг тодорхой болчихлоо. Тэд Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсгээ мутарлаж, бас Эрдэнэс Тавантолгой компани ч нэгдлээ.
Ашигт малтмалын салбарт хамтран ажиллахаар хэн гарын үсэг зурав
Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талаас ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Германы талаас ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт төлөөлөгч Петер Шаллер, тус улсын Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Иохен Хооманн нар, мөн Уурхайн гэрээт олборлогчдын тухай Эрдэнэс Тавантолгой компани, ББМ Оперта групп хоорондын гэрээнд Монголын талаас Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Германы талаас ББМ Оперта группийн Ерөнхийлөгч Вольфган Петерс нар гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах тухай Эрдэнэс Тавантолгой компани, Сийменс компани хоорондын ерөнхий гэрээнд Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Сийменс компанийн Эрчим хүчний үйлдвэрлэл хариуцсан гүйцэтгэх захирал Маркус Таке нар гарын үзэг зурав.
Түүнчлэн Улаанбаатар хотод шинээр баригдах суурьшлын бүс дэх усны тогтвортой ашиглалтын болон усны хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, ХБНГУ-ын ГАУФФ инженеринг компанийн хоорондын хэлэлцээрийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, ГАУФФ инженеринг компанийн Ерөнхийлөгч Увэ Гауфф нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Б.Хурцын асуудлыг хурцатгах нь хэнд ашигтай вэ
Б.Хурцыг Германаас суллагдаж ирснээс хойш энэ асуудалд УИХ-ын 76 гишүүн хошуу нэмэх дургүй байгаа. Хэрэв Б.Хурцын асуудал үнэхээр хурц байсан бол тэд амаа үдүүлчихсэн юм шиг дуугүй байхгүй байсан биз ээ. Ямартай ч Б.Хурц бүтэн жилийн турш шоронд хоригдож эцэст нь эх орондоо чимээ дуулиан багатайхан шиг ирж нуугдаж амьдрах болов гэдэг асуудал хаалттай үлдэж байгаа боловч түүнийг тойрсон энэ асуудал сонирхолтой бас хэвээр байгаа юм.
Ангела Меркелийн өнөөдрийн гарын үсэг зурсан хамтран ажиллах гэрээнүүд нь Герман ашигт малтмалын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг бүрэн илэрхийллээ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын хэсгийн дарга Б.Хурцын асуудлыг хурцатгах нь хэнд ашигтай нүүдэл болсныг уншигч танд үлдээе.
Ж.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ