
Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа болох “UNMISS”-нд 850 хүний бүрэлдэхүүнтэй Мотобуудлагын батальон тус улсад үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдөр тус батальоны цэргийн багийн тэргүүний бүлэг болох эхний ээлжийн 350 цэргийн алба хаагч жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Тус арга арга хэмжээнд УИХ, ЗГ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Сезин Синоноглу, БХЯ, ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүн болон Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг, тэдний ар гэрийнхэн оролцов.
Судан улсад 850 хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэх цэргийн баг нь Монгол Улсын зэвсэгт хүчний түүхэнд хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа тохиолдол юм. Судан улсын зорих цэргийн багийн тэргүүний бүлэгт Зэвсэгт хүчний 39 анги нэгтгэлээс энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэх бөгөөд цэргийн багийн захирагчаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч хурандаа Л.Гансэлэм үүрэг гүйцэтгэнэ.

Энэ үеэр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 91 жилийн ойд зориулан үүргээ үлгэр жишээчээр хааж буй зэвсэгт хүчний зарим бие бүрэлдэхүүнд ийхүү 91 жилийн ойн төрийн дээд одон медалиар шагнав. “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Р.Цэрэнням, Говь-Алтай аймгийн цэргийн штабын дарга, хурандаа И.Дамдинсүрэн, “Цэргийн гавьяаны одон”-оор Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчын орлогч дэд хурандаа Т.Ричиндэднэв, , ЗХКТГ-ын шүдний камбинетын эрхлэгч Ж.Ганхуяг, “Алтан гадас одон”- оор ЗХКТГ-ын сувилагч Ж.Сугар, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн авто механикч Ж.Баатар нарын 2 хүнийг, “ Цэргийн хүндэт медаль”-иар ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Г.Баярсайхан, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн алба хаагч Б.Насандулам, Ж.Батбаяр нарын 21 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль” –иар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн алба хаагч У.Нарангарал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Х.Бор нарыг тус тус шагналаа.
П.Наран Гэрэл зургийг Н.Ариунаа