Сая төгрөг олгох журам батлагдлаа
2012-03-28

Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тухайлбал “2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй “Хүний хөгжил сан”-гаас нэг сая хүртэлх төгрөгийн хишиг, хувь хүртэж болно” гэж заалаа. Мөн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссоор хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон 16 хүртэл насны хүүхэд, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан нь эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоогдсон 16 нас хүрсэн иргэн хишиг, хувиа авч болох юм. Хэрвээ өмнө нь бэлэн бусаар хишиг, хувь хүртсэн бол 1 сая төгрөгөөс үүнийг суутган тооцож, үлдэх хэсгийг энэ оны 2 дугаар улиралд сар бүрийн сүүлийн хагаст тэнцүү хувааж олгохоор журамд тусгажээ. Энэ талаар Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний хэлснээс үзвэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж 4,5,6 дугаар сард олгох юм байна. Санхүүгийн боломж, өдөр ирэх бүр нэмэгдэх гээд байгаа инфляцыг барихын тулд ийнхүү гурав хувааж өгөхөөр шийдвэрлэжээ. Хишиг, хувиа авах хүсэлтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд бичгээр гаргаж өгөх ёстой. Хэрвээ өөрөө хүсэлт гаргах боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эхнэр, нөхөр нь өмнөөс нь гаргаж болох юм. Хүсэлтэд овог нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэхний дугаар, оршин суугаа хаяг, өмнө нь бэлэн бусаар хишиг, хувь хүртсэн эсэх, 1 сая төгрөгийг бэлнээр авах хүсэлтэй байгаа болон өмнө нь бэлэн бусаар авсан хишиг, хувийг суутган тооцохыг зөвшөөрсөн тэмдэглэлийг заавал тусгах ёстойг журамд заажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд хөдөлмөр алдалтын хувь хэмжээ, 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй болохыг нотолсон баримт бичгийг хүсэлтэд хавсаргах юм байна. Хэрвээ тухайн хүн нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг бол нэмэлт баримт бичиг шаардахгүй, тэтгэвэр, тэтгэмж авдаг гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагуудаас авах юм. Сум, хорооны ажилтан иргэдийн хүсэлтийг сар бүрийн 15-ны өдрөөр тасалбар болгон нэгтгэж, мэдээллээ аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст тухайн сарын 25-ны дотор хүргүүлэх ёстой. Аймаг, дүүргээс үүнийг нягталж, иргэдийн нэрсийн жагсаалтыг батлан сар бүрийн 30-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх юм. Эндээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн яамны Төрийн сангийн газар гэсэн дарааллаар явж Төрийн сангийн газраас шаардагдах хөрөнгийг сар, улирлын хуваарийн дагуу “Хүний хөгжил сан”-д шилжүүлэхээр болжээ. Үүнээс гадна “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын гуравдугаар бүлэгт нэмж заалт орууллаа. Энэ дагуу шинээр төрсөн хүүхэд болон нас барсан иргэнд тухайн онд хуваарилагдсан хишиг, хувийг бүрэн олгохоор болсон байна. Түүнчлэн “2011-2012 оны хичээлийн жилд оюутны сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх хэмжээг 491960 төгрөг” гэж журамд тусгасан байсныг “500 мянган төгрөгөөс 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн хэмжээг хассан хэмжээтэй тэнцүү” хэмээн өөрчилжээ. Орон сууцны төлбөрөө хишиг, хувиар төлөх хүсэлтэй иргэдэд хамаатай заалтыг ч журамд өөрчлөн найруулсан байна. Тухайлбал Орон сууцны санхүүжилтийн корпораци нь орон сууцны төлбөр хэлбэрээр хишиг, хувийг олгоход шаардагдах хөрөнгийг захиалга авсан байгууллага, иргэн, зээл олгосон банк, төлбөрөө бүрэн төлж орон сууцаа авсан иргэн, аймаг, дүүрэг тус бүрээр гаргаж, төлбөрийн дансны бүртгэлийг нэгтгэн, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байх болжээ.  Шат шатны байгууллагууд үүнийг хянан үзэж шийдвэр гаргасны дараа хишиг, хувийг шилжүүлэхээр болсон байна. Мөн журамд “Монгол Улсын иргэн гадаад улсын харьяат болсон бол сүүлийн жилд түүний хүртэх хишиг, хувийн хэмжээг 3 дахин нэмж нэг удаа олгоно” гэж тусгасан байсан нь хуульд нийцэхгүй байгаа тул хаслаа. Засгийн газрын энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэх урьдчилгаа төлбөр болох 312.5 тэрбум, ногдол ашиг 110 тэрбум төгрөгийг энэ оны 3-5 дугаар сард үе шаттайгаар, бүрэн төвлөрүүлэхийг Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс МГЛ”, ”Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгав
Shuud.mn
Сонин хачин