Засгийн газрын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
Хуулийн төсөлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргагч аж ахуйн нэгж, иргэний татвар ногдох орлогын хэмжээ 10 сая төгрөг байвал татвар төлөгчөөр бүртгэгддэг бол үүнийг 50 сая төгрөг болгохоор тусгажээ. Мөн орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй бизнес эрхлэгчдээс авдаг татварын хувь, хэмжээг тодорхой хязгаарт өөрчлөх эрхийг орон нутагт олгохоор заасан байна.
Түүнчлэн хэрэв тухайн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлогын дүн 50 сая төгрөгөөс бага байвал
“НЭГ” хувийн татвар төлж байхаар холбогдох хуулийн төсөлд тусгажээ.
Мөн тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй боловч аль нэг үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 10 сая төгрөг хүрч, Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, буцаан олголт хийх тохиолдол гарч байгаа учир татвар ногдох борлуулалт хийгээгүй бол хасалт хийхгүй байх зэрэг олон заалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар төсөлд тусгаад байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэхдээ “Том аж ахуйн нэгжүүдэд татварын өршөөл нэг удаа үзүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Иймээс жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд ч мөн адил татварын өршөөл үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ татвартай холбоотойгоор том аж ахуйн нэгжүүд задарч жижиг болохгүй байх гарц олох, татварын энэ өөрчлөлтийг татвар төлөгчийн байр сууринаас хандаж хийх, хүнд суртал, ар өврийн хаалганаас хол байлгах нь зүйтэй” гэж хатуу сануулав.
Үүнээс гадна Ой, модны салбарын бүтээгдэхүүний үйлдвэрүүд түүхий эдээ хангалттай авч чадахгүй байгаа учир импортоор оруулж ирэх бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, дүнз, хагас боловсруулсан модон материалыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж Сангийн яам үзэв.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ