Ерөнхийлөгч Киргизийн Үндэсний их сургуулийн "Хүндэт профессор" боллоо
2012-04-05

Монгол Улсын Ерөнхийлөгч БНКУ-ын парламентад үг хэлснийхээ дараа Ж.Баласагыний нэрэмжит тус улсын Үндэсний их сургуулийг зорив. Тэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд К.Садыков, Их сургуулийн ректор И.Исамиднов, проректор Э.Усекеев нар угтан авлаа. Киргизийн Үндэсний их сургуулийн их танхимд  олон арван профессор, багш нар, зуу гаруй оюутан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн хүрэлцэн ирсэн байв. Хоёр улсын төрийн дуулал эгшиглэсний дараа их сургуулийн удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгчид “Хүндэт профессор” цол олгосон юм. Энэ үеэр их сургуулийн ректор хэлсэн үгэндээ “Таны зүтгэл, удирдлагын оролцоотойгоор Монгол Улс үлгэр жишээ амжилттай хөгжиж байна. Монгол бол энэ дэлхийн эртний үндэстэн улсын нэг юм. Энэ эртний хүчирхэг үндэстний өнөөгийн амжилтад нөлөөлж Монгол орондоо ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан гавьяаг тань үнэлж хүндэт профессор цол олгов” хэмээв. Энэ үеэр Киргиз Улсын Ерөнхийлөгч асан Роза Отунбаева хүрэлцэн ирж Монгол Улс бөгөөд Монголын Ерөнхийлөгчийн тухай, түүний бага балчраас хэрхэн өсч торниж ардчилсан хувьсгалыг удирдаж, хэрхэн эрх чөлөөний төлөө тэмцэж ирснийг дэлгэрэнгүй ярив. Тэрбэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Ардчилал, эрх чөлөөний хүчирхэг лидер” хэмээн онцлоод өөрийн төрсөн дөрвөн хүүхдээс гадна 20 гаруй хүүхэд өргөж авсан өнөр бүлийн эцэг хэмээн танилцуулж байлаа. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Нэр хүндтэй цол хүртсэндээ баяртай байна.  Би энэ өргөмжлөлийг өндөрт өргөж явах болно. Монгол, Киргиз улсууд нэг язгууртай, нэг соёлтой, нэг хувь заяатай ард түмнүүд билээ. Бид эрх чөлөөг эрхэмлэдэг. Нүүдлийн соёл бол хамгийн сайн, дээд зэргийн иргэншил юм. Нүүдэлчний соёл бол хүмүүс байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах хамгийн шилдэг хэмжүүр (стандарт) гэж хэлж болно. Бидний өвөг дээдэс ийм л ухаалаг, зөв амьдралын хэлбэрийг сонгож ирсэн байна шүү дээ” хэмээгээд Ерөнхийлөгч асан Роза Отунбаевагийн гүйцэтгэсэн ардчиллын төлөөх түүхэн үүрэг, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, улс төр дэх идэвхтэй оролцооны тухай дэлгэрэнгүй ярив. Мөн Ерөнхийлөгч хэлэхдээ “Нээлттэй нийгмийн хамгийн том дайсан бол авлига, хээл хахууль мөн. Тиймээс энэ хорт үзэгдэлтэй байнга тэмцэж байх ёстой. Миний бие Ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсад шүүх эрх мэдлийг шинэчлэх, шударга ёс тогтоох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа” хэмээн өнөөгийн хийж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар болон Монгол Улсын хөгжлийн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаевагийн ардчиллын төлөөх гайхамшигтай үйл хэргийг нь өндрөөр үнэлэн “Алтан гадас” одонгоор шагнаснаа гардуулж баяр хүргэлээ.
Shuud.mn
Сонин хачин
юу хийсэн гээд хүндэт доктор болчихов оо. худлаа яриьж хүн хэлмэгдүүлсэн гээд үү. хошигруулчих юм аа
2012-04-05
Ee medehgui. Ard tumnee turhirchihaad uuruu ard ni uldeed gemgui olon hubii amind hursen. Olon huniig helmegduulj bgaa hudal amlagch hun
2012-04-05