Доктор Айман Аль Завахири гэгч хэн бэ
2012-04-24

Саяхан Катарын Аль Жазира телевизээр өнөөгийн Аль Каидагийн лидерээр тодроод буй Айман Аль Завахиригийн шинэхэн мэдэгдэл гарсан тухай өрнөдийн хэвлэлүүд шуугиж байна.  Айман Аль Завахири 2012 оны Лондонгийн олимпийг заналхийлсэн бөгөөд Аль Каида хүчээ алдаж суларч буй хэмээх мэдээллийг эрс үгүйсгэж, цаашдаа америк болон сионист дэглэмийн /израйлийн эсрэг/ эсрэг хийх тэмцлээ үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдлээ.
Барууны гүрнүүдийн хамгийн заналт дайсан, Америкийн цэргийн нэгдсэн штабуудын зөвлөлийн тэргүүний мэдэгдсэнээр энэ оны дотор багтаж устгана хэмээгээд буй шейх, анагаах ухааны доктор Айман Аль Завахири гэгч хэн бэ. Тэртээ дөчөөд жилийн өмнө Арабын орнуудын удирдагчдын дунд нэр хүндээ алдаж ганцаардсан ганц л удирдагч байлаа.  Тэр хүн бол  Египетийн ерөнхийлөгч Анвар Садат байсан юм. Тэрбээр Каирт цэргийн парадын үеэр индэрт зогсож байхдаа буудуулан амь насаа алдсан. Тэр үед ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн этгээдүүд болох Египетийн исламын жихад бүлэглэлийн гишүүд баригдахад тэдний дунд өдгөөгийн Аль Каидагийн тэргүүн Айман Аль Завахири байсан билээ. Айман Аль Завахири энэ үеэс л олны танил болж эхэлсэн. Толгой нь олон улсад 25 сая ам.доллараар үнэлэгдээд буй, заналхийлэл бүхий нэлээдгүй олон видео бичлэгийн гол дүрд тоглосон египет гаралтай энэ өвгөний тухай олон улсын хэвлэлүүд ид бичиж эхэллээ. Лондон дахь олон улсын терроризмын судалгааны Куиллиам хэмээх байгууллагын шинжээчдийн мэдэгдэж буйгаар бол Айман Аль Завахири Аль Каидагийн тэргүүн болмогцоо хамгийн түрүүнд хийх ажил нь америкийн эсрэг гэхээсээ ойрхи дорнод дахь дайснаа дарж, бүлэглэлийнхээ доторхи задралыг цэгцлэх хэмээжээ. Түүнтэй 80-аад оны сүүлээр биечлэн уулзаж явсан шинжээч, доктор Номан Бенотмэний үзэж буйгаар Аль Каида жинхэнэ тэргүүнийхээ гарт орсон учир одоо илүү аюултай бөгөөд хүчирхэг болно гэнэ. Учир нь тэрбээр Осама бин Ладены баруун гар гэгдэж явсан ч Аль Каидаг сулавтар байдаг л нэг жирийн жихад бүлэглэл байхад нь өөрийн номлолыг нэвтрүүлж, тодорхой зорилго, итгэл үнэмшилтэй олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг хүчирхэг цэрэгжсэн байгууллага болгосон хүн аж. Номан Бенотменийхээр бол Осама Аль Каидагийн хөрөнгө оруулагч, билэг тэмдэг, Айман Аль Завахиригийн зөвлөгөөгүйгээр хөдөлдөггүй хүн байсан гэх. Энэ нь ч үнэний ортой. Айман Аль Завахири 80-аад оны үед Египетийн шоронд 3 жил ял эдлээд суллагдмагц Исламын жихад хэмээх хэт даврагч бүлэглэлийн тэргүүн болж улмаар Афганистанд очиж Бин Ладентай уулзсан гэдэг. Энэ үед л ТТГ болон Саудын Арабын хааны гэр бүлийн дэмжлэгтэйгээр Оросын эсрэг Афганистанд тулалдаж байсан тэрбумтан Осамагийн толгойг лалын ариун дайны үзэл бодлоор Айман Аль Завахири угааж чадсан гэж үздэг. Удалгүй америкчуудын бариулсан зэвсгийн амыг Осама бин Ладен тэдэн рүү эргүүлсэн юм.  Язгууртан удамтай, мэс засалч мэргэжилтэй, доктор Завахири болон  бусдыг урамшуулан сэргээх, араасаа дагуулах авьяас чадвартай уур цухалтай, можахедуудын итгэл бишрэлийг татаж чадсан Осама бин Ладен хоёр 1998 онд нэгдсэн цагаас л Аль Каида урьд хожид үзэгдээгүй хорон муу үйлийн уур уурхай болсон хэмээн америкчууд бичдэг. Бөмбөгдөлтөд өртөж, амийг нь хороох оролдлоготой удаа дараалан тулгарч, баривчлагдаж, байгууллагынх нь дотор зөрчил тэмцэл гарч байсан ч үхэхээс бусдыг үзсэн гэлтэй Завахири тэмцлээсээ ухарсангүй. АНУ-ын болон Пакистаны тагнуулын байгууллагынхны хэвлэлд мэдээлж байснаар бол есдүгээр сарын 11-ний дайралтыг төлөвлөж, хэрэгжүүлэх зөвшөөрлийг Осама Бин Ладенаас авч чадсан хүн бол өнөөх л Завахири. Есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараа бүх юм орвонгоороо эргэнэ, Америкчууд Аль Кайдаг орогнуулж буй Афганистан руу дайран орно, дайн байлдаан урт удаан хугацаагаар үргэлжлэх бөгөөд гэм зэмгүй афганы хүүхэд эмэгтэйчүүдийн цусандаа будагдсан цогцос бүхий дүр зураг өдөр бүр дэлхий даяар мэдээлэгдэж үүний дүнд Арабын ертөнцийн зэвүүцэл туйлдаа хүрч улмаар лалын ариун дайнд Аль Каидагийн тугийн дор удирдан босгоно хэмээн Завахири төлөвлөж байсан гэдэг. Сая сая лалын шашинтнуудын урмыг сэргээж, түүний тугийн дор нэгтгэнэ гэсэн Завахиригийн мөрөөдөл Осама Бин Ладеныг эзэмдэж чадсан хэдий ч тооцоо алдагдаж дайн хэдхэн долоо хоног үргэлжилж, Кабулаас Талибууд болон Аль Кайдагийнхан оргон зугтсан билээ. Түүний тооцоолсон ёсоор бүх дэлхийн лалын шашинтнууд өөрсдийн эрх баригчдын эсрэг босч түүнийг даган ганхуулах цаг хугацаа байсангүй. Цаашдаа ч ямар нэгэн дорвитой үр дүн гараагүй нь лалын ертөщийн нэг ч оронд "буруу номтны эсрэг ариун дайн хийх" үзэл бодолтнууд засгийн эрхэнд гараагүйгээр илэрхийлэгдэж байна. Саудын Араб, Алжирт лалын шашинтны ариун дайны байлдагчид ялагдал хүлээж, зөвхөн Йемен, Сомали зэрэг бараг эзгүй зэлүүд газар гэж нэрлэж болох орнуудад тэд өөрийн баазаа байгуулж л чаджээ. Америкчууд Иракыг байлдан эзэлсний дараа Аль-Кайда тийшээ тэмүүлсэн боловч амжилт олоогүй юм. Месопотами дахь Аль-Кайда-гийн (Энэ бүс нутгийг эрт үеээс ингэж нэрлэдэг) бүлгийн удирдагч аз-Заркауи Лалын шашны шийт урсгалын үзэл бодлоороо ихэд алдаршсан гол хүн билээ. Тэрээр шийтүүдийг "Хяран мяраагч могой, өрсөлдөгчөө далдаас тагнадаг, хор нь бүх бие организмд гүн нэвчин тардаг, хар санаатай хилэнцэт хорхой-дигваранз" гэж нэрлэжээ. Ингэж Месопотамийн Апь-Кайда бүлгийнхэн өөрөө өөрийгөө шашны урсгал хоорондын тэмцлийн улмаас хорлож сүйтгэсэн юм. Өөрийнхөө амийг золиослогчдыг ашиглан энгийн номхон ард иргэдийг үй олноор нь устгах, Шариатын ёсны хамгийн бурангуй хүнлэг бус ёс заншлыг хүчээр тулгах, Суннит урсгалыг шүтдэг омгийн ахлагч-шейхүүдийн ашиг орлого их олж авдаг хууль бус наймааны сувгуудыг булаан авах гэсэн санаархал нь Иракын суннит байлдагчдын ихэнх хэсэг холоос зочлон ирэгсдийн эсрэг тэмцэхэд хүргэсэн байна. Ийнхүү холбоотнууд бие биеэ үзэж чадахгүй дайснууд болж, "Америк муу нь муу, гэхдээ Аль-Кайда бүр ч долоон дор" гэж үзэх үзэл бодолд хүргэсэн байна. Өрнөдөд тухайлбал Лондон, Мадридад алан хядах-террорист ажиллагаа явуулснаар үзэж харагдах ямар ч үр дүнд өчүүхэн төдий ч хүрээгүй юм. Улмаар олон жил нуугдсаны эцэст Аль Каидагийн тэргүүн хэдэн сарын өмнө Пакистанд америкчуудын гарт хороогдож дуусахад хүргэсэн. Бин Ладен ийнхүү түүхийн тавцанд арчигдаж эхлэх үед Завахири одоо л албан ёсоор зарлагдаад буйгаас бус үнэндээ Аль Кайдаг бүрэн гартаа авч эхэлсэн гэдэг. 2001 оны арванхоёрдугаар сард Афганистан дахь Аль Каидагийн байрлал руу хийсэн НАТО-гийн агаарын дайралтын үеэр Айман Аль Завахиригийн 3 эхнэр, 6 хүүхэд нь амь үрэгдсэн. Энэ үеэс Завахиригийн бичлэгүүд Осамагийнхаас ихээр арабын телевизүүдээр цацагдаж эхэлжээ. Пакистаны тагнуулын байгууллагын мэдээгээр бол бин Ладеныг алуулахаас өмнө Аль Каида хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд үүнийг өдөөгчдийг Завахири удирдаж байжээ. Үндсэндээ 2001 онд Осама бин Ладенг устгахаар америкчууд Тора Бора уулыг хэмжээ хязгааргүй ихээр бөмбөгдсөнөөс хойш түүний сураг алдарч маш нууц байдалд шилжихээс өөр аргагүй болсон гэдэг. Америкчууд ч хиймэл дагуул, орчин үеийн тагнуулын тоног төхөөрөмжөөсөө илүүтэйгээр мөнгө болон сайн мэдээлэгчид илүүтэй найдаж Бин Ладены тухай мэдээлэл өгөх хүмүүсийг олноор нь худалдан авах болсон тул Аль Каидагийн тэргүүн асан юун үзэл бодлоо тунхаглаж лалын залуусыг ариун дайнд уриалах манатай болсон гэлцэх. Энэ үед Айман Аль Завахири чөлөөтэй хөдөлж, шилжиж, үзэл бодлоо хангалттай илэрхийлэх болсон. Бүү Аль Каидагийн хэвлэлийн алба гээчийг ч байгуулсан тухайгаа мэдээлж, тэр байгууллага нь улам бүр боловсронгуй болж компьютер, интернэтийн чиглэлээр өндөр мэргэшсэн үнэнч залуусаар эгнээгээ тэлсээр байгаа аж. Тэд нь Аль Каидагийнхны мэдэгдлийг олон улсын хэлээр орчуулж дуртай сайтдаа байрлуулж дөнгөх юм. Алан хядах ажиллагаа нь ч улам нарийсаж байна. Одоо Аль Каида нэгдсэн төв байрлалгүй, олон үүр сүлжээ бүхий, уулын агуйгаас ч хоорондоо найдвартай хамгаалагдсан интернэтийн сүлжээгээр харилцдаг болоод буй. Энэ талаар Холбооны мөрдөх товчооны хэвлэлийн албаны дарга мэдэгдэхдээ өндөр хөгжсөн тагнуулын техник технологит төдийлөн баригдахгүй үйл ажиллагаа явуулдаг болсон нь одоогийн алан хядагчид биднээс ч дутахгүй технологи ашиглаж чаддаг болсны илрэл хэмээн халаглаж байсан. Ачаа бараа, машин техникт, сүүлдээ биедээ тэсрэх бөмбөг нууж алан хядлага хийдэг байсан бол энэ арга нь улам нарийсаж сүүлийн үед мэс заслын аргаар маш хүчирхэг рентген төхөөрөмжинд л мэдэгдэхээр ихээхэн хэмжээний тэсрэх бодис биедээ тээх арга хэрэглэх хандлага гарч буйг тэрээр мэдэгдсэн. Мэс засалч мэргэжилтэй Айман Аль Завахиригийн бодлого ч үүнд нөлөөлсөн гэх. Одоо өрнөдийнхөн төдийгүй арабын ертөнц тэр чигтээ Аль Каидагийн хувь заяа хаашаа эргэхийг ажиглаж байна. Өнгөрсөн жил нэгэн идэр насны афган хүүгийн тухай Ньюсвийк сэтгүүл дээр алдартай материал гарч олон хүнийг хирдхийлгэж байсан. Аль Каидагийнхан тэр хүүгийн бүдүүн гэдсэнд мэс заслын аргаар асар хүчтэй тэсрэх бодис хийчихээд “Ариун бурханд тусла” гэж явуулахынхаа өмнө яаж дэлбэрэхийг нь үзье хэмээн инээлдэж байсан гэдэг. Азаар тэсрэх бөмбөг байндаа хүрэхээс өмнө хүү ухаан алдан унаж эмнэлэгт хүргэгдэж улмаар Пакистаны тагнуулын байгууллагынхан илрүүлж аюулгүй болгосон гэдэг. Аль Каидагийн энэ мэт хэрцгий үйлдэл нэр хүндийг нь унагаж орхисон юм. Шашин нэгтнүүдээ бай болгон устгахаас аргагүй байдалд хүргэсэн Аль Каида Египет, Саудын Арабын олон сая иргэнийг өөртөө татах байтугай уур хилэнг нь бадраав. Жорж Вашингтоны их сургуулийн улс төр судлалын профессор Марк Линч “Бин Ладеныг үхэхээс өмнө Аль Каида Араб дахины бодлогын захад хаягдсан юм гэж бичсэн нь бий. Өрнөдийн дэмжлэг хүлээсэн дарангуйлагчдыг Египет, Тунисээс өгсүүлээд түлхэн унагаасан ард түмний бослого тэмцэл Аль Каидагийн тэмцэх аргаас өөрөөр өрнөдийнхөнтэй тэмцэж болдог гэдгийг харууллаа. Саудын Арабын сэтгүүлч Хусейн Шобокши “Бин Ладены эрин дуусаж Буазизи (өөрийгөө шатааж байж Арабын ертөнцөд түгсэн Тунисийн хувьсгалыг эхлүүлсэн залуу)-гийн эрин эхэлж байна. Энэ хоёр эрин бие биенээсээ эрс ялгаатай. Нэг нь айдас түгшүүртэй өнгөрсөн үед, нөгөөх нь хол явах ирээдүйд хамаарна” гэж бичлээ. Ойрхи Дорнодын судлаач Рей Такей “Хэрэв аливаа дэглэм унавал түүний эзэн нь ард түмэн л байхаас Аль Каида байх нь өнгөрсөн гэж үзэж байна. Нийгэм, олон түмэнд алан хядах үйлдлээр нөлөөлөх гэсэн Бин Ладены мөрөөдөл түүнтэй хамт нэг юм дуусах нь уу. Тэгэхдээ энэ нь Бин Ладены үзэл санаа нэгтнүүдийн алан хядах ажиллагаа зогсоно гэдэг нь Айман Аль Завахири мэтийн нөхдүүд байгаа цагт үгүй бололтой. Судлаачдын үзэж буйгаар Айман аль Завахири эрчимтэй удирдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч Аль Каидагийн задрал төвлөрсөн байдлаа алдаж, тарж бутрах янзтай болоод нэг бус жилийн нүүр үзэж буй алан хядах байгууллагын бүрэн бүтэн байдлыг хадгалах нь түүнд тун амаргүй байх нь мэдээж.Түүнээс гадна Завахири зөвхөн Өрнөдийг онилоод зогсохгүй өөртэй нь санал нэгдэхгүй байгаа лалын шашинтнуудыг ч “ариун дайчдын” бай болгоно гэж мэдэгдэж буй. Үүнийг нь шашин шүтлэгийн үүднээс буруу гэж лалынхан үзэж буй төдийгүй хөдөлгөөнийг шинэ задралд хүргэх мулгуу тактик хэмээн буруушааж байна. АНУ-ын холбоотон Пакистаны нутаг дэвсгэрээс Осама бин Ладеныг олж устгасаны дараа Карачигийн тагнуулын байгууллагын дарга нь Вашингтонд очиж Аль Каидагийн толгойлогчийг олон жил эрэн хайсан хайгуулын хаагуур нь Пакистанд ийнхүү тайван амьдарч байсныг нь толгойгоо гашилган тайлбарлаж байх зуур Айман Аль Завахири ийнхүү Лондоны олимпийг заналхийлсэн мэдэгдлээ олон улсыг хирдхийлгэн цацаж байна. Тэрбээр  Осама бен Ладены өшөөг авна гэсэн үгтэй нь холбогдуулан Оросын түүхийн ухааны доктор Г.Мирский нэгэн нийтлэл бичсэн байдаг. Үүндээ тэрбээр “Айман аль Завахири Аль Каидагийн толгойд албан ёсоор гарч ирснээр энэ бүлэглэл яваандаа түүхийн хог дээр хаягдах шинж тэмдэг нь илэрнэ. Эрүүл хүний санаанд оромгүй аллага хядлага, тамлан зовоолт, боловсрол мэдлэггүй хав харанхуй лалын шашны хэт харгис үзэлтнүүдийн үйлдлээс хүмүүс айж эмээх боллоо. Дотоодын үймээн самуунаас болж 1990-ээд оны үеэр Алжирын алан хядагчид дайн байлдаан өдөөн явуулж 200 гаруй мянган хүний амь насыг хөнөөсөн харгис үйл явдлыг хүмүүс одоо ч мартаагүй байна. Дэлхийн лалын шашинт бүх орнуудын хүн амын зөвхөн нэг хувийг Лалын алан хядагчид эзэлдэг юм. Өрнөдийн орнуудын зүгээс явуулж буй зарим нэг алдаатай алхмыг ашигладаг авхаалж самбаатай явдал болон тэдний амь насаа гаргуунд нь хаяж улайран зүтгэдэг байдал нь зарим улс оронд "Лалын шашинтан" гэдэг үг бараг "Алан хядагч-террорист" гэдэг үг хэллэгтэй адил утга агуулгатай болоод байна. Арабуудын дунд түүх домог шиг болсон аугаа их ер бусын хорлогчин Осама бин Ладен шиг хүн Аль Каидад дахин төрөхгүй, Завахиригийн хувьд тэр академийн ухааны өндөр мэдлэгтэй, эмч хүн, цагаан гартан болохоос Ладен шиг удирдан дагуулах авьяасгүй юм. Бин Ладен өөрийн амьдралын хамгийн гол зорилт болсон зүйлдээ ялагдал хүлээсэн нь Завахирид том цохилт болсон нь ойлгомжтой. Ладены үхлээр далимдуулан Завахири бага бус цус асгаруулах байх. Гэсэн ч олон улсын шинжтэй алан хядагч-террористууд ямар ч нэр хүнд байхгүй удахгүй төгсгөл нь ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг одоо биш хэтдээ, ойрын ирээдүйд гэдэг нь ойлгомжтой. Ийнхүү олон улсын ажиглагчид өөр өөрийн зүгээс Аль Каида болон түүний шинэ тэргүүний хувь заяаны тухай таамаглан бичиж байна. О.Нар
Shuud.mn
Сонин хачин
hehe:
chotgoriin hyyhed
2013-03-24
huue ene o.nar gegch chin amerikiin hulsnii amitan yum uu haashaa yum.orosuud socializmiin uyed yag ingej amerikuud shig surtal uhuulga ih hiij bsan yum.odoo ted oirhi dornodiin asar ih neftiig bulaaj avah gej musulmanuudiig hagargan butargaj hoorond ni tulalduulj olon ulsiin tavtsand ner hundiig ni unagaj bn. musulmanuudiig demjiee
2012-10-22
Чааваас:
Шашинг ийм буруугаар ашиглаж болохгүйэ. Монголчуудыг харах хэрэгтэй ш энэ Лалын шашинтнууд. Бөө, лал, Христ гэсэн шашныг нэг дэр нэгтгээд Бөө тэргүүтэйгээр дэлхийн талыг эзэлснийг харах хэрэгтэйш. Шашнаар гадуурхана гэдэг тухайн хүний итгэлээр тоглож байна д гэсэн үг. Хүний итгэлийг авж хаяж байхаар тэр хүнд улам их итгэл өгж түүгээр нь удирдан явбал хамаагүй амжилт олно гэдгийг ойлговол уул нь...
2012-04-24
Tamiin elch ymuu haashaa ym
2012-04-24
монгол:
Өвөө гэртээ эмгэнээрээ цайгаа чануулаа уугаад суухгүй дээ хэхэ. нохой мэт буудуулах юм байна даа зайлуул
2012-04-24