“Хэцүүхэн” эцэг эх болохгүйн тулд...
2012-04-25

Бид бүгд эцэг эх бөгөөд бас – хүүхэд. Тэгэхээр, ямар нэгэн хэмжээнд хоёр талыг хоёуланг нь ойлгох чадвар хүн бүхэнд бий байх. Тиймээс, эцэг эх ба хүүхдийн /жижиг ч, насанд хүрсэн том хүүхэд ч/ харьцаанд  ямар дүрмийг баримтлах шаардлагатай вэ гэдэг асуудлыг хэлэлцэх гэсэн юм. Миний бодлоор дараахь дүрмийг баримталж байвал “хэцүүхэн” эцэг эх болохгүй гэж үздэг: Нэгдүгээр дүрэм. Шалтгаан- үр дагаварын холбоо Хүүхдээ хүмүүжүүлэх явцдаа тэдэнтэйгээ харьцахдаа толгойдоо үргэлж өөрийн чинь үйлдэл ямар үр дүн авчрах вэ гэдгийг бодож байх ёстой бөгөөд энэ нь хүүхэд хүмүүжүүлэх асуудлын хамгийн чухал ба хамгийн хэцүү нь юм. Аливаа зүйл рүү тэмүүлэх явцдаа хоёр зүйлийг маш тодорхой төсөөлж байх учиртай: зорилго ба түүнд хүрэх арга зам. Харамсалтай нь, хүүхдээ хүмүүжүүлэх асуудал дээр эцэг эхчүүдийн хийдэг нийтлэг алдаа бол зорилгоо сайн мэдэж байгаа ч түүндээ хүрэх арга замыг тодорхойлолгүй хаядаг /мартдаг/. Бодоод үзье л дээ: хүүхэддээ хэзээ ч жинхэнэ сонголт хийж хариуцлагыг өөртөө үүрэх боломж өгч байгаагүй байж “ манай хүүхэд насанд хүрсэн байж биеэ даагаагүй, хариуцлагагүй, идэвхи санаачлагагүй, сонголт хийх зориг байхгүй – ийм л хүн болчих юм”, - гээд гайхаад байх хэрэг байна уу? Энд би жинхэнэ сонголт гэж цохон тэмдэглэж байгаа минь учиртай: ихэнхи эцэг эх хүүхэддээ зөвхөн өөрт таалагдаж байгаа хувилбаруудаас сонголт хийлгэдэг. Эсвэл “ за яахав, чи жигнэмэг алим хоёрын аль нэгийг сонго, гэхдээ дараа нь чамд алимыг сонгох хэрэгтэй байсан юм гээд алим л өгнө” – гэх маягийн сонголт хийлгэдэг. Хоёрдугаар дүрэм. Хүүхдээ бүү өртөн болго Мэдээж эцэг эх бүр л хүүхдээ өөртөө ойр байлгахыг, өөртөө анхаарал халамжтай, хүндэтгэлтэй хандуулахыг хүсдэг бөгөөд энэ хүсэл нь нас ахих тусам улам нэмэгдэж байдаг. Ялангуяа тэтгэврийн насанд очсон хойно амьдрал хажуугаар нь өнгөрөөд байх шиг, бүх зүйлээс хоцроод байх шиг санагдан ганцаардах үедээ хүүхдийнхээ анхаарал халамжийг хамгийн ихээр хүсч “авлагаа нэхдэг”.  Зарим хүмүүс үргэлж үр хүүхдээ “би чамд хамгаа зориулж байна, чи надад зөндөө өртэй болж байгаагаа мэдэж яв” гэсэн санаа агуулсан зүйл хэлж байдаг. Энэ бол туйлийн буруу юм. Хүүхдийг ингэж өртөн болгож дарамтлах нь эргээд өөрт чинь л сөргөөр тусдаг, учир нь хүн гэдэг амьтан угаасаа өглөгтэй хүндээ дуртай байдаггүй. Нэгэн, хэн бүхний хайр хүндэтгэлийг татсан, хэн бүхний мэдэх, өндөр амжилтанд хүрсэн хүн өөрийн амжилтын нууцыг: “Би хэзээ ч хүнд тааламжгүй зүйл хэлж байгаагүй, хүн  бүрийг анхааралтай сонсдог, хэзээ ч, хэнд ч юу ч зээлдүүлж байгаагүй”, - хэмээн тодорхойлсон байдгийг тунгаан бодоод үзэхгүй юу? Гуравдугаар дүрэм. Алдаа гаргахаас нь бүү сэргийл Бараг бүх эцэг эхчүүд өөрийнхөө гаргаж байсан алдаануудыг хүүхдээрээ давтуулахгүй байхыг хүсдэг байх. Хүүхдээ халамжилж сэтгэлийг нь өвтгөхгүй байхыг хүсэх нь зүйн хэрэг. Гэвч бодоод үз дээ: хүүхдээ алдаа гаргуулахгүй урдуур нь ороод байх юм бол хүүхэд чинь алдаа гэж юу, түүнээс хэрхэн зугтах, нэгэнт хийсэн алдаанаас гарах үр дагаварыг хэрхэн багасгах талаар хэзээ ч суралцахгүй гэсэн үг! Та хүүхдийнхээ өмнөөс тоог нь бодож өгдөггүй биз дээ? Та хүүхэдтэйгээ бүх насаар нь хамт байхгүй шүү дээ! Тиймээс, алдааны тухайд яг л хориглолтой ижил байх хэрэгтэй: зөвхөн амь, эрүүл мэндэд нь бодит аюул заналхийлж байгаа үед л эцэг эхийн эрх мэдлээ хэрэглэвэл зохино. Согтуугаар машин жолоодох бол нэг хэрэг, харин танд таалагдахгүй байгаа хүнтэй найзлах, эсвэл таны сэтгэлд нийцэхгүй байгаа хүнтэй суух – энэ бол огт өөр хэрэг. Зарим нэг ийм эцэг эх байдаг: эхлээд сануулаад, дараа нь алдааг нь хийлгээд, тэгээд буруутсан нь батлагдсан хойно “би чамд хэлсэн биз дээ...” хэмээн тавлана. Хэзээ ч бүү ингэ! Угаасаа шаналж ядаж байхад нь ингэх хэрэг юу байна? Хүүхдийнхээ сэтгэлийг бод, мөн өөрийнхөө ирээдүйг ч бод! Таны энэ тавлал хүүхдэд чинь ямар хүндээр тусдаг гэж санана? Хүүхэд өөрийгөө огт үнэлэхээ больж хамгийн адгийн дорой амьтанд өөрийгөө тооцдог болчихвол яана? Тэгээд ч алдаан дээр нь тавлана гэдэг унасан хүнийг өшиглөн зодож байгаатай л адил, ийм өөдгүй зүйл хийж байгаа хүнийг хэн ч хүндлэхгүй, уучлахгүй. Дөрөвдүгээр алдаа. Өөрийнхөө мөрөөдлийг хүүхэд дээрээ бүү хэрэгжүүл Ихэнхидээ ээж нар ингэдэг. Хүүхэд байхдаа мөрөөдөж байсан боловч биелүүлж чадаагүй мөрөөдлөө хүүхэд дээрээ хэрэгжүүлэх гээд зүтгээд байх нь цөөнгүй.  Багадаа хөгжмийн сургуульд сурахыг хүсдэг байгаад бүтээгүй бол хүүхдээ тийш нь өгөх жишээтэй. Хүүхдийн хүсэл огт хамаагүй, загнах... миний хүү нэртэй хөгжимчин болно ... гэх мэт янз бүрийн арга хэрэглэн уйлуулж байгаад ч гэсэн хөгжмийг нь давтуулаад байх нь энүүхэнд.  Та түр азнаад бод доо: та өөрийнхөө мөрөөдлийг хүүхэддээ “шахаад” байна шүү дээ? За яахав, хүүхэд чинь дургүйцсан ч таныхаар хийлээ гэж бодьё. Харин хүүхдэд чинь өөрт нь бас хүсэл мөрөөдөл байгаа шүү дээ, тэр нь тэгээд хаачих вэ гэдгийг бодож үзсэн үү? Хаачих нь - тодорхой! Яг л таныг өдий болтол зовоож байгаа “ харамсал харууслаар дүүрэн биелээгүй мөрөөдлийн ертөнц” рүү очино. Дараа нь хүүхэд чинь өөрийнхөө биелээгүй мөрөөдлийг мөн л өөрийнхөө хүүхэд рүү “шахах” гэнэ, тийм биш үү? Ингээд үеээс үед ийм байдал давтагдаад байх хэрэг үү?  Таны ээж аав өөрсдийнхөө биелүүлж чадаагүй мөрөөдлийг танаар хэрэгжүүлүүлсэн юм уу? Та үүнд нь дуртай байсан уу? Дургүй байсан бол та тийм таагүй мэдрэмжийг хүүхэддээ өгч яах гээв? Тавдугаар дүрэм. Хүүхдээ дийлэх гэж бүү улайр Хүн гэдэг амьтан угаас зааж, зөвлөж сургаж байхдаа үүнээсээ гарч болох сөрөг үр дагаварын тухай боддоггүй, зөв юм зааж байна гэж үзэж байгаа хүн юу гэж тийм юм бодох вэ дээ? Эцэг эхийн зааварчилгаа хүүхдийнх нь амьдралд маш гүн гүнзгий нөлөө үзүүлдэг нь гарцаагүй бөгөөд муу, сөрөг нөлөө ч бас үзүүлдэг гэдгийг санаж байх хэрэгтэй! Ялангуяа, хэт муйхарладаг ээж аавтай хүүхдийн өөрийнх нь гэр бүлийн амьдрал аз жаргалтай байх нь ховор.  Маш олон гэр бүл  “эхнэр маань ээжийнхээ үгийг л үг гэж үздэг, миний үгийг тоодоггүй... би нөхрийнхөө анхаарал халамжийн төлөө ээжтэй нь олон жил тэмцлээ, одоо больё доо, залхлаа...”  гэх шалтгаанаар салдаг. Мэдээж, хүүхэддээ амьдралын туршлага, ухаан мэдлэгээ дамжуулалгүй яахав. Харин бүх юманд хэм хэмжээ хэрэгтэй гэдгийг санаж өөрийгөө хянаж байх нь чухал. Зөвөлгөөг нь нэг -хоёр удаа дагачихлаа гэхэд үргэлжид, хүүхдийнхээ бүх хэрэгт хошуу дүрж зааж зөвлөөд, заавал өөрийнхөөрөө хийлгэх гэж дарамтлаад, заавар зөвөлгөөг нь яг таг дагахгүй л бол бөөн гомдол тунирхал болдог эцэг эх цөөнгүй байдаг. Бүхий л, хов жив ярихаас авахуулаад хүн тамлах хүртэлх муу зуршилууд юунаас эхэлдэг гэхээр: нэг-хоёр удаа хийж үзээд, энэ нь таалагдаад... тэгээд, дахин дахин хүнийг доош хийх замаар өөрөө тодрох хүсэл нь дийлсээр дийлсээр өөрийгөө энэ муухай зүйлээс татаж авч чадахаа байдаг. Заавал бусдыг дийлж байж санаа нь амардаг, эцсийн үг ямар ч хамаагүй үнээр минийх л байх ёстой гэсэн ойлголттой болчихсон  хүмүүс таны эргэн тойронд ч байгаа биз? Ийм хүмүүс өөрсдөө ч аз жаргалгүй, өрөөл бусдын амьдралыг ч байнга хордуулж байдаг. Энэ танд хэрэгтэй юу? Хамгийн чухал дүрэм. Хүүхдээ хүндэлж бай Бусдаар хүндлүүлэх – энэ бол аливаа хүний амин чухал хэрэгцээ. Хичээгээд байхад хэн ч хүндлэхгүй байвал тэр хүнд хоёр л гарц үлдэнэ: нэг бол өөрийн гэсэн бодолгүй, увайгүй “шалны алчуур” болж хувирах, нөгөө бол үл хүндлэлийн үүсвэрээс/өөрийг нь хүн гэж үздэггүй хүнээс/ зай барьж явах. Энэ хоёр хувилбарын аль нь танд таалагдаж байна вэ? Аль нь ч таалагдахгүй байх. Тиймээс, хүүхдээ аль болох эртнээс л хүндэлж эхлэх нь зүйтэй, ингэвэл дараа нь танд ч, хүүхдэд ч амар байх болно. Хүүхэд чинь танд итгэж, сонсдог болно, яагаад гэвэл та хүүхдийнхээ хувьд дарамт шахалт бус, харин -найз нь, хамтрагч нь, найдвартай тулгуур нь байх учраас! Эгзэгтэй мөчид хүүхэд чинь танд л итгэж дагана! Хүүхдээ том хүн мэт үзэж харьцах нь хамгийн зөв санагддаг. Мэдээж, зөв чигийг та өгнө, ойлгохгүй зүйлийг нь тайлбарлаж өгнө, зарим зүйл дээр хориг тавих асуудал ч байж таарна, гэхдээ л биеээ даасан хүн гэдэг байдлаар харьцах хэрэгтэй. Хэт халамжилж, хүүхэддээ уусч түүний амьдралаар амьдарч хэрхэвч болохгүй. Сонголт болон хариуцлагыг багаас нь биед нь тохируулж оноож байвал ирээдүйд та ч хүүхдээрээ бахархаж, хүүхэд тань ч ачтай ээж ааваараа бахархаж та нартаа талархаж явах болно! Орчуулсан: Ё. Одончимэг, www.orosshkolton.mn
Shuud.mn
Сонин хачин
nyamka:
bayarlala.saihan zowlogoo ogsond.
2012-04-26
bayarlalaa taalagdlaa
2012-04-25
Mongolchuud bidend yag heregtei zuil bna. Uunii esregeer amidarch irsen bid yaj bna? har nyar hiiltssen huntei niilemkgui huniig hundeldeggui. hertsgii humuus boltsgooj bna.
2012-04-25
Mash saihan zuvlumj baina..Uneheer ih bayarlalaa.
2012-04-25