Мах, гурилын үнэ тогтвортой байна
2011-10-17

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг энэ сарын эхний байдлаар есдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.5 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар буурсан байна. Махны дундаж үнэ: Есдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад ямааны махны үнэ 0.3 хувиар өссөн бол, хонины махны үнэ 2.2-3.0 хувь, үхрийн махны үнэ 1.2-1.4 хувиар буурчээ. Адууны махны үнэ тогтвортой байна. Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.5 хувь, хонины махны үнэ 0.8-1.5 хувь, адууны махны үнэ 1.4 хувиар өссөн бол, ямааны махны үнэ тогтвортой байна. 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4225 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4688 төгрөг, ямааны мах - 3280 төгрөг, адууны мах – 3650 төгрөг, хонины цул мах – 4283 төгрөг, үхрийн цул мах – 5200 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Гурилын үнийг өмнөх  сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн  задгай 2-р зэргийн гурилын үнэ 1.2 хувиар өссөн бол, задгай дээд гурилын үнэ 0.6 хувь, савласан дээд гурилын үнэ 0.2 хувиар буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой байлаа.
Shuud.mn
Сонин хачин