“Уолл стритийг эзэл” хөдөлгөөн ажил хаялт зарлав
2012-05-02

АНУ-ын олон хотод “Уолл стритийг эзэл” хөдөлгөөн мягмар гаригт  ажил хаяхыг уриалсан бөгөөд энэ нь олон улсын эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулсан эсэргүүцэл юм байна. Мягмар гаригт Нью-Йорк хотод ширүүн бороотой байсан учир төлөвлөж байсан шиг олон хүн жагсаалд ирээгүй юм. Хөдөлгөөний жагсагчидтай дараа нь үйлдвэрчний эвлэлийн гишүүд нэгдсэн бөгөөд санхүүгийн төвүүд байрладаг гудамжаар жагсаал хийжээ. Бараг 400 орчим жагсагчид Бродвейн гудамжны хөдөлгөөнийг хаах гэж оролдсон учир цагдаа нар тэднийг тараасан гэнэ. Жагсаал Лос Анжелес, Окленд, Чикаго, Атлант болон Сан-Франциско зэрэг томоохон хотуудад болсон бөгөөд зарим жагсагчид нийгмийн хэв журам зөрчиж байсан учир цагдаа нар нулимс асгаруулах хий хүртэл хэрэглэх тохиолдол гарчээ. Нью-Йорк хотод 30, Лос-Анжелест 10 болон Портлендэд 12 жагсагсдыг баривчилсан ажээ. Түүнчлэн Герман, Грек, Турк, Их Британи зэрэг дэлхийн бусад оронд жагсаал цуглаан болж нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн байна. Дараагийн цуглааныг Чикаго хотод энэ тавдугаар сарын 20-21-нд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр зохиох гэнэ.
Shuud.mn
Сонин хачин