Хан-Уул дүүргийн Ардчилсан нам даргагүй боллоо
2012-05-02

Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга Б.Ариунболд 04-р сарын 30-нд хуралдсан намын хорооны ээлжит бус хурлаараа намын даргын ажлаа хүлээлгэн өгчээ. Хан-Уул дүүргийн Ардчилсан нам 2008 орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан цагаасаа эхлэн маргаан дагуулсан бөгөөд улмаар 2011 онд эвлэрэн намын даргаар Б.Ариунболд, засаг даргаар Ж.Ганхуяг ажиллаж эхэлжээ. Гэсэн ч улсын Их Хурлын тов зарлагдсан энэ өдрүүдэд Ардчилсан намын лидер гэх улс төрчид гэнэт нойрноосоо сэрж Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хэсэг нөхдөд их мөнгө амласнаар маргааныг дахин сэдрээсэн байна. Түүний дараа нөхөн сонгууль болсон боловч тус хурлыг зохион байгуулсан Нийслэлийн нам тамгалаагүй хүчингүй хуудсаар санал авсан төдийгүй 91 хүн санал өгсөн боловч 94 саналын хуудас гарсан, төрийн албанд ажилладаг, намын гишүүн бус хүн санал өгсөн зэрэг маргаантай асуудлууд үүссэнээр намын хорооны хурлыг 60 гаруй гишүүн хаяж гарснаар намын даргаа сонгож чадахгүй тарсан байна. Дүүргийн намын гишүүд Б.Ариунболд даргыг ажлаа өгөхгүй байхыг шаардаж байсан боловч тэрээр  өнөөдөр 13 цагт хэвлэлийн хурал хийж намын тамгаа дэд дарга А.Цэрэнбатад хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү Хан-Уул дүүргийн Ардчилсан нам өнөөдрөөс эхлэн даргагүй болсон байна. Энэ байдлаар бол Ардчилсан нам Нийслэлд ялалт байгуулах нь эргэлзээтэй болж эхлэж байна.
Shuud.mn
Сонин хачин