МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрөөс Төв аймгийн Хорих төвд өлсгөлөн зарлах болсон байна. АТГ-т хэрэгт татагдсан цагаасаа нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй гэсэн үндэслэлээр албадан саатуулагдсан тэрбээр зах зээлийн үнэлгээгээр 605 сая төгрөгийн үнэтэй нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж завшсан, 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг үнэгүйдүүлж завшсан, 113.4 мянган ам.долларын үнэ бүхий телевизийн 11 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмжийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшсан, төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар гэм буруутайд тооцон шалгаж байгаа юм.