90 саяын Гансүхийн амьдралаас сэдэвлэсэн кино үзэгчдийн хүртээл болно
Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь. Зах зээлийн үе буюу 1990-ээд оны үеийн нийгмийн байдал, хүмүүсийн төлөвшлийг амьдралын бодит түүхээр харуулсан Бодлын хулгайч кино энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийх аж. Энэхүү киног Сэтгүүл зүйн ангийн оюутан Б.Гантулга гэх залуугийн амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Б.Гантулга 1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг залилан 90 сая төгрөгийг авч тэрбумтны дүрд тоглож дуулианы эзнээр тодорч байсан юм. Залилан хийж гэнэт баяжсан Б.Гансүхийн тансаг амьдрал хоромын төдийх хугацаанд шоронгийн зэврүүн амьдралаар солигдон, хайртай ээжийгээ тэнгэрт халихад гавтайгаа шоронгоос оргож буй зэргээр кино адал явдлаар дүүрэн өрнөх аж. Найруулагчийн өгүүлэхээр киноны гол онцлог нь амьд хүмүүсийн амьдралаас сэдэвлэсэн анхны түүхэн кино юм байна. Түүнчлэн киног бүтээхэд АНУ-аас тоног төхөөрөмж авчирч ашигласан, дүр, баримтдаа маш сайн судалсан зэрэг олон онцлотой юм байна. Мөн эх хүүгийн хайрыг кинонд тод томруун тусгажээ. Бүтээгчид киног маш эмх цэгцтэй хоорондоо бүхэл бүтэн баг болж чиглэл чиглэлийнхээ үүргийг маш сайн гүйцэтгэж ажилласан учраас чамбай бүтээл гарсан гэдэгтээ санал нийлж байгаа аж. Тэд “Бид энэхүү киногоороо нэгэн бодит хүний туулсан амьдралыг дан ганц хар бараанаар харуулахыг хүсээгүй бөгөөд нэг хэсэг хүмүүсийг үгүйсгэж, аль эсвэл магтан дуулж, өмөөрөхийг хүссэнгүй. Энэ түүх бидний дунд амьдрах нэгний туулж өнгөрүүлсэн замнал. Өчигдөр үгүй бол маргааш үгүйтэй адил бид энэхүү бодит хүний амьдралаас сэдэвлэсэн түүхэн киногоороо өнөөгийн үзэгчдийн таашаалд нийцүүлэн Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болохуйц бүтээл хийхийг зорьлоо” гэсэн мэдээллийг өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд өглөө. Уг киноны гол дүрийг “Wisdom” кино продакшны үүсгэн байгуулагч УЗ-ийн гишүүн, Монголын уран сайхны “Тавилан”, “Уулын хөх сүүдэр”, “Боолын гэрээ” зэрэг арав гаруй киноны гол дүр бүтээсэн МУСТА жүжигчин Б.Амарсайхан бүтээсэн бол дэлхийн 68 фестивалиас 23 шагнал хүртсэн Бельги Монголын хамтарсан “Нохой орон” баримтат киноны найруулагч, зохиолч П.Төрмөнх зохиолыг нь бичжээ. Түүнчлэн Ерөнхий найруулагчаар “Цагаан шөнө”, “Амьдралд хүрэх зам”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бөртэ чоно”, зэрэг киног найруулсан найруулагч Ж.Сэнгэдорж ажилласан бол Ерөнхий зураглаачаар Д.Ангараг, зураачаар Н.Батжаргал, Зургийн даргаар Ч.Ганзориг, Ерөнхий продюссероор А.Уянга нарын чадварлаг уран бүтээлчид уг киног бүтээжээ. Тэд арилжааны бүтээл гэхээсээ чанарыг нэгдүгээрт тавьсан учраас жинхэнэ дэлгэцийн бүтээл болсон гэдгийг онцлон хэлж байна. Н.Бүжин

























СЭТГЭГДЭЛ БИЧИХ