Нийслэл хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай Хотын дарга Г. Мөнхбаяр амралтын өдрүүдэд газар дээр нь очиж танилцлаа. Дэнжийн 1000-ыг Хайлаасттай холбосон гэр хороолол доторхи замууд болон Сүхбаатар дүүрэг Монгол III сургуулийн арын орон сууцны хороолол дундах зам засварын ажлыг тэрбээр шалгалаа.
Дэнжийн 1000-ын автобусны буудлын эцсээс гэр хороолол дунд тавих 1,2 км автозамыг “Оч наран” компани гүйцэтгэж эхэлжээ. Долдугаар сарын 30 гэхэд энэ замын ажил дуусна гэдгийг гүйцэтгэгч компанийн инженер Хотын даргад амлав. Одоогийн байдлаар ажлын явц 30 хувьтай байгаа аж.
Цаашаа гэр хороолол дунд Дэнжийн 1000-ыг Хайлаасттай холбосон 4,1 км замын ажлыг “Өргөн говь” компани хийж байна. Энэ зам ашиглалтад орсноор гэр хороолол дундах түгжрэлийг багасгах түүнчлэн иргэд ая тухтай зорчих боломж бүрдэх юм.
Энэ жил нийслэлийн авто замын салбарт орон сууцны хороолол дундах замуудыг шинэчлэх ажил түлхүү хийгдэнэ. Эдгээр ажлын нэг болох Монгол III сургуулийн ард талын орон сууцнууд дундах замыг “Наранбулаг” компани гүйцэтгэж байна. Тус компанийн хувьд зургадугаар сарын 01 нь гэхэд 12 хэсэг бүхий замын ажлыг дуусгана гэдгээ илэрхийллээ. Зам барилгын ажлуудад ажлын дадлага туршлагатай хариуцлагатай компаниуд ажиллаж байгаа тухай Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од танилцуулж байв.
Улаанбаатар хотод энэ жил 8,5 тэрбум төгрөгөөр зам барилгын ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд бүгд эхэлжээ. Дээрхи ажлаас гадна Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр хэллээ. Тухайлбал, Богд уулын хормой тойрсон зам, Нисэхийн замууд гэрээ байгуулах шатандаа, Хөгжлийн банкнаас санхүүжих давхар замын асуудал ч мөн гэрээ байгуулах шатандаа орсныг дуулгалаа.
Д.Цэцэг