
Чөлөөт бөхийн өсвөрийн 2012 оны УАШТ оролцогчдын тоо өссөн үзүүлэлттэй байгааг харуулж байлаа. Хөдөө орон нутаг, нийслэлийн дүүргүүд болон спортын хороодуудаас тамирчид өргөн баг бүрэлдэхүүнтэйгээр өрсөлдөж байна. Энэ жилийн УАШТ-ээс шалгарсан өсвөрийн бөхчүүдийг хилийн чанадад болох ямар тэмцээн уралдаан хүлээж байгааг ерөнхий шүүгч, ОУ-ын шүүгч Л.Болормаагаас тодруулахад 7-р сард ОХУ-ын Якутскт болох Хүүхдийн спортын их наадам, Киргиз улсын нийслэлд болох Хүүхдийн Азийн наадам зэрэг томоохон тэмцээнд оролцуулах аж. Өнөөдөр спортын төв ордонд эхэлсэн тэмцээний барилдаан бүрийн өмнө тамирчдын жинг ерөнхий шүүгч, хяналтын шүүгч нар тогтмол үзэж байлаа. Жин үзэлт дээр МЧБХ-ноос хатуу бодлого баримталж байдаг учраас барилдах ёстой жингээсээ 100 грамм хэтэрсэн байсан ч тухайн тамирчныг тэмцээнд оролцуулахгүй шууд хасч байлаа. Харин холын аймгаас улсын аварга шалгаруулах тэмцээнийг зорьж ирсэн тамирчид гомдлын нулимс дуслуулж байсан ч нөгөө талаар үүнийг дасгалжуулагчын шууд хариуцлагагүй байдал гэж зохион байгуулагчид хэлж байсан юм. Учир нь тэмцээний өмнө МЧБХ-ноос аймаг, сум, нийслэлийн дүүргүүдэд тэмцээний удирдамж, зааврыг хүргүүлдэг байна. Бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн энэ оны УАШТ-д 30 байгууллагын 450 гаруй тамирчид зодоглож байна. Тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөж медалийн эзэд тодорно. Өнөөдөр охид 40, 49, 60, 70, 38, 46, 56 кг-ийн жингийн барилдаан явагдаж байгаа юм. Тэгвэл хөвгүүд 46, 58, 76, 42, 54, 69, 100 кг-ийн жинд өрсөлдөж байна. Тэмцээний нэгдсэн дүн энэ баасан гарагт гарах юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ