
БНХАУ-ын 19 иргэн Баян-Өлгий аймгийн Толбо, Буянт сумын зааг Хар нуур гэдэг газарт зэсийн хайгуул хийж байсныг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын ажилтнууд илрүүлжээ. Тэд “Вест Монголия” гэдэг компанид ажиллаж байсан бөгөөд тус компани нь дээрх газарт зэсийн хайгуул хийж байсан байна. Тэд манай улсад “В” ангиллын буюу 30 хоногийн хугацаатай визээр орж ирээд хайгуулын ажил хийлгэж байсан төдийгүй тус компани хууль бусаар хайгуулын ажил эрхлүүлж байсан нь шалгалтаар илэрсэн аж.
Тиймээс эдгээр 19 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр болон Засгийн газрын 2010 оны Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад оруулахгүй байх хугацааг тогтоох журамд заасныг үндэслэн гурван жилийн хугацаанд орох эрхгүйгээр албадан гаргахаар шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ