Есөн хүний амийг хөнөөн, галдан шатаасан этгээд өмнө нь эрүүгийн хэргээр ял шийтгүүлж байжээ
Өнгөрсөн сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх "Эрэл" компанийн тоосгоны үйлдвэрийн урд байрлах айлын гэрт байсан 9 хүний амийг хутгалан хөнөөж, улмаар гэртэй нь галдан шатаасан аймшигтай хэрэг гарсан. Хэргийг Цагдаагийн байгууллагынхан шалгаж 10-аад хүнийг сэжигтнээр татан шалгаж буй тухай мэдээллийг цаг тухайд нь өгч байсан. Тэгвэл хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийнхан баттай баримтаар тогтоожээ. Хохирогчид нь 4-30 насны гурван эрэгтэй, зургаан эмэгтэй хүн байсан уг хэргийг үйлдсэн этгээдийг олж илрүүлэхийн тулд УМБГ, ЭЦГ, Онцгой байдлын алба гэхчлэн олон байгууллагын ажилтнууд хүч нийлэн ажилласны үр дүнд 30 настай Ш гэгч үйлдсэн болохыг тогтоосон гэж байна.
Ш нь талийгаач н.Баярмаагийн салсан нөхөр байсан аж. Мөн сэжигтэн Ш өмнө нь шүүхээр шийтгүүлж, ял эдэлж байсан гэх мэдээлэл бий. Цагдаагийн байгууллага сэжигтэн Ш-ийн хувьд шүүхээс эрүүгийн хэргээр ял шийтгүүлж байсан, гэртээ бүтэлгүй хүмүүсийг орогнуулдаг, архиддаг, гэр бүлийнхэнээ дарамталдаг, айлгаж сүрдүүлдэг байсан нь хэрэг шалгах явцад тогтоогдсон гэдгийг хэллээ. Мөн хэрэгт холбогдох зарим зүйлийг нягтлахаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэж байна. Түүнчлэн, энэ хэрэгт ахуйн хүрээний архидалт нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Хохирогчдын зарим нь халаасны хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байсан хүмүүстэй холбоотой байсан. Шинжээчийн дүгнэлтээр зарим хохирогчид согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн нь тогтоогдсон гэсэн мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир өгч байна.
Мөн уг хэргийг үйлдсэн этгээд ганцаараа үйлдээгүй, хамсаатан байх магадлалтай гэсэн мэдээлэл бий. Үүнийг ч шууд үгүйсгэхгүй байгаа юм. Хошууч генерал Д.Сандаг-Очир “Гэмт этгээд уг хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдээгүйг тогтоосон... Шалгаж тогтоосны эцэст санаанд оромгүй, эгзэгтэй тайллыг бий болгодог” гэж хэлж байна. Түүнээс хэрэгтэй холбоотой асуудлаар тодруулга авсан юм.
Есөн хүний амийг хөнөөж, гэртэй шатаасан гэмт этгээдийг баривчилсан гэж байна. Гэмт этгээд, ганцаараа биш. Бүлэг этгээд байх гэсэн хардлага эхнээсээ л яригдаж байсан?
Уг хэргийн дуудлага арваннэгдүгээр сарын 20-ны 18.50 цагт цагдаагийн байгууллагад ирснээр 19.00 цагаас Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг томилж ажиллуулсан. Гэмт этгээдийг илрүүлэхэд цагдаагийн байгууллагын зүгээс бололцоотой бүх арга хэмжээг авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан. Мөрдөн байцаалтын явц, хэргийн газрын үзлэг болон бусад нотлох баримтаар гэмт этгээд уг хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдээгүйг нь шалгаж тогтоогоод байна.
Ноцтой гэмт хэрэг үйлдэгдэхдээ ээдрээ төвөгтэй гэмт адал явдлыг үүсгэдэг. Шалгаж тогтоосны эцэст санаанд оромгүй, эгзэгтэй тайллыг бий болгодог. Сонгинохайрхан дүүрэгт гарсан дээрх хэрэг ч энэ хувилбарт багтана. Энэ хэргийг мөрдөн шалгахдаа хэргийн газрын нөхөн үзлэгийг удаа дараа нарийвчлан хийж, гэмт хэрэгт холбогдуулан 360 гаруй иргэнээс байцаалт, мэдүүлэг авсан. Хэрэг гарсан газрын ойр орчимд амьдардаг 600 гаруй иргэнтэй уулзаж, холбогдох мэдээ, мэдээллийг тодруулж, зарим нэг хүнийг сэжигтнээр татаж шалгасан байна. Мөрдөн байцаалтын ажиллагаанд шинжлэх ухаан техникийн арга технологийг ашиглаж ажилласан нь үр дүнгээ өгсөн. Хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогчдын мэдүүлэг, холбогдох байгууллагуудын шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар Сонгинохайрхан дүүргийн харьяат 30 настай Ш-ийг сэжигтнээр тогтоон шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ