
Сүүлийн үед цаазаар авах ялыг халж “Цаазын ялгүй орон”-ы тоо нэмэгдэж байгаа ч статистик тоо баримтаар цаазаар авах ял сонссон болон цаазлуулсан хүний тоо буурахгүй байга аж. 2007 оны байдлаар 63 улс орон цаазын ялаа хэвээр нь үлдээсэн бол 24 улс энэ ялыг гүйцэтгэсэн ба 51 улс цаазын ялын тухай хууль баталжээ.
2008 онд 21 улс оронд 1252 хүн цаазаар авахуулсан бөгөөд 3347 хүн энэ ялыг сонссон байна. Дэлхийн улс орнуудын гуравны 2 хувь нь цаазаар авах ялыг хуулиасаа болон практикаасаа хассан бол 2007 онд 91 улс цаазаар авах ялаас татгалзжээ. Харин 2008 онд Албанийн зүүн арал, Рванда гэсэн гурван улс цаазаар авах ялаа хассан бол Киргистан улс энгийн гэмт хэрэгт тулгадаг цаазын ялыг халжээ.
Мөн онд 33 улс орон цаазын ялаа хуулиндаа бус практикаас халж сүүлийн 10 жилд цааз сонссон хэрэгтнүүдийн цаазын ялыг нь гүйцэтгээгүй байна.
Энэ бол зөвхөн цаазын ял сонссон болон цаазлуулсан хүмүүс, бас цаазын ялаас татгалзаж буй орнуудын тухай тоо баримт. Харин дэлхийн улс орнууд цаазын ялыг хэрхэн, яаж гүйцэтгэдэг тухай мэдээлэл хомс.
Манай улсын хувьд цаазаар авах ялыг гүйцэтгэх ажиллагааг нууцалдаг бөгөөд албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар толгойд нь буудаж гүйцэтгэдэг аж. Өөрөөр хэлбэл ар дагзнаас нь нэг буудаж дахин сум шалгах үүднээс толгойн хажуу хэсэг болох чамархай хэсэгт буудаж ялыг гүйцэтгэдэг байна.
Гэхдээ ял гүйцэтгэх хугацаа, газар, тогтоол гүйцэтгэгч, болон оролцогчид нь бүгд нууцлагдсан байдаг бөгөөд цаазлуулсан этгээдийг урдаас ухаж бэлтгэсэн нүхэнд ямар нэгэн оршуулах ёс горим үйлдэхгүйгээр булж орхидог байна. Энэ талаар цаазлуулагчын ар гэрийнхэнд мэдэгддэггүй ба тогтоолыг гүйцэтгэсэний дараа “Тогтоол гүйцэтгэсэн” гэсэн бичиг л ирдэг байна.
Хэрэгтнийг цаазалж байхыг нэг ч хүн хараагүй байдаг бөгөөд энэ талаар "Халхын шоронд" гэх номонд "Цаазын ял гүйцэтгэхэд яллуулагчаас гадна буутай гурван хүн, нэг эмч, тогтоол унших нэг хүн байдаг. Цаазлуулж буй иргэнийг оршуулах нүхний өмнө буудаад, эмч нь судсыг нь барьж нас барсан эсэхийг нь шалгаж, харин нөгөө буудсан гурван хүнд "хүний амь хөнөөсөн"-ийг нь цагаатгах тогтоол уншдаг" хэмээн бичснээс өөр баримт үгүй.
Харин дэлхийн бусад улс орнууд цаазын ялыг хэрхэн яаж гүйдэтгэдэг талаар өгүүлье. Цаазын ялыг гүйцэтгэх зургаан хэлбэр байдаг бөгөөд үүнд, буудах, дүүжлэх, цахилгаан сандалд суулгах, судсаар нь хор шахах, тусгай камерт хийн хорт хийгээр утаж хороох, чулуудах гэх зэргээр цаазалдаг байна.
Цаазаар авах ялыг хамгийн их гүйцэтгэдэг орнуудын манай өмнөд хөш буюу Хятад улс хамгийн ихээр гүйцэтгэдэг бол хоёрт Иран ордог. Харин гуравт Саудийн Араб ордог бол Пакистан, Америк, Ирак зэрэг улсууд шил дардаг байна.
Тэгвэл Хятад улс иргэдийнхээ өмнө яллагдагчийг буудаж цогцсыг нь ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгдөг байна.
Харин ОХУ-д гэмт хэрэгтнийг араас нь бууддаг ба шилэн хүзүүнээс нь их, бага хоёр тархийг нь дайруулан буудаж ялыг гүйцэтгэдэг бол Иранд шоронгийн хашаанд дүүжлэн цаазалдаг байна. Иранд хар тамхинаас гадна эх орноосоо урвасан, зэвсэгт дээрэм хийсэн ба эхнэр, нөхөртөө үнэнч байгаагүйн төлөө хүмүүсийн цаазалдаг хуультай. 1979 онд Исламын хувьсгал ялсны дараа Иран ийм хатуу хуультай болжээ. Түүнчлэн цаазын ялыг гүйцэтгэдэг орнуудын ихэнх нь адилхан арга хэрэглэдэг байна.
ЦААЗЛАХ ХЭЛБЭРҮҮД
Дүүжлэх
Зориулалтын тавцан, модны мөчир төдийгүй, салан дээр зоосон шонд дүүжилдэг уламжлал зарим оронд эртнээс нааш байжээ. Үхдэл тээсэн сал голоор урсаж явахыг эрэг дээр байсан хүмүүс харж "хүмүүжнэ" хэмээн эрх баригчид үздэг байж. Өнөөдөр дэлхийн 50 гаруй орон дүүжлэн хороох ял оноож байна.
Буудах
Хамгийн түгээмэл арга. Ихэнх оронд буудан хороох ялыг үнэ төлбөргүй хийдэг. Үүнийг тодруулдгийн учир нь фашист Германд цаазлуулсан хүний гэр бүлээр цаазын зардлыг нөхөн төлүүлдэг байсантай холбоотой ажээ. Иракийн эрх баригчид самуун дэгдээсэн курдуудыг цаазласны дараа гэр бүлээс нь 300 динар авдаг байсан ажээ. Сумны болон бууны элэгдэл хорогдлын төлбөр хийгээгүй хятадууд хамаатан садныхаа хүний цогцсыг авч чаддаггүй гэнэ.
Толгой цавчих
Энэхүү хуульчилсан аллагыг гүйцэтгэхэд гүйцэтгэгчийн ур чадвар маш их үүрэгтэй. Хоёр зууны тэртээ Францын агуу их хувьсгалын үед нэг ээлжинд нэг хүн 60 гаруй толгой цавчиж ихээхэн цуцдаг байсан ажээ. Иймд доктор Ж.Гильотен гэгч зориулалтын машин бүтээж хувьсгалчдад тусалсан байна. 160 кг-ын жинтэй хурц хутга бүхий энэ төхөөрөмжийг зохиогчийнх нь нэрээр нэрлэжээ. ХХI зууны эхэнд хүний толгой цавчиж цаазлах ялыг зөвхөн Саудын Арабт хэрэглэж байна. Хар тамхины наймаачдыг цаазлах хууль 1980-аад онд гарсанаас хойш энэ улсад 100 гаруй хүний толгойг цавчжээ.
Хорт тариа
АНУ-ын ихэнх мужид энэ аргыг хэрэглэдэг. Хүний судсаар орсон тариа ухаан алдуулж булчинг сулруулж, уушиг зүрхний ажиллагааг зогсооно.
Хорт хий
Тусгай өрөөнд хорт хийгээр утах аргыг фашист Германд бус ЗСБНХУ-д санаачилжээ. Дотоодыг хамгаалахын ажилтан И.Д.Берг гэгч автомашины утааг тэвш рүү оруулан хэрэгтнүүдийг хордуулж хороох арга бодож олсон байна. Хорт хийн аргыг 1956 оноос АНУ-д хэрэглэж эхэлжээ. Цианит калийг хүчилд хийхэд ялгарах хийгээр хэрэгтнийг хордуулдаг байна.
Цахилгаан сандал
Үүнийг агуу их зохион бүтээгч Томас Эдисон бүтээжээ. Түшлэгт сандалд суулгаж хүлсэн хүний толгой ба хөлд нь зэс электрод холбоно. 1900 вольтын хүчдэл өгөхөд хүний зүрх яаж ч тэсэх билээ. АНУ-д цахилгаан сандал дээр суулгах ялыг гүйцэтгэдэг.
Чулуугаар шидэх
Хүн төрөлхтний эртний үед хүн болгон чөлөөтэй оролцох боломжтой "ардын цааз" байжээ. Одоо энэ аргыг зургаан улс хэрэглэдэг аж. Хэрэгтэнг шонд дүүжилж байгаад чулуу нүүлгэнэ. Эндээс хэрэгтний тархины гэмтэл нь үхэлд хүргэх гол шалтгаан болно.
Хүчилд уусгах
Иракт энэ цаазыг хэрэглэдэг байжээ. Хүчлээр дүүргэсэн цементэн онгоцонд эхлээд хэрэгтний гар, хөлийг дүрнэ. Энэ аргаар Ливаны коммунист намын төв хорооны нарийн бичгийн дарга Ф.Хелүг цаазалжээ.
Хаднаас шидэх
Манай эриний өмнөх үеэс уламжлагдсан энэ аргыг дэлхийн 2-р дайны үед фашист германыхан хэрэглэж байжээ. Дараа нь улаан хамгаалагчдын үед Хятадууд хэрэглэж байсан бөгөөд 770-аад жилийн өмнө Хубилай хааны Юниан мужид аваачсан монголчуудыг ингэж цаазалсан түүх байдаг. Харин одоо Исламын зарим орнууд энэ аргыг хэрэглэж байна.
НАС ХАРГАЛЗАХГҮЙ ЦААЗЛАХ ЯЛ
Дэлхийн 13 оронд хэрэгтнийг нас харгалзахгүй цаазалж байна. Үүнийг эрх чөлөөт АНУ-д хийдэг. Тухайлбал Луизиана, Арканзас мужид 15 настай, Миссисипид 14-тэй, Флоридад 13-тай хүүхдийг цаазлан хороосон бол Иранд 10 настай хүүхдийг жирэмсэн эмэгтэйн хамт цаазалжээ. Сүүлийн арав гаруй жилд Ираны 13 хүүхэд хуульчилсан аллагад өртсөн байна.
ЦААЗЫН ЯЛ ОНООХ ХЭРГҮҮД
- Бусадтай энгэр зөрүүлсэн эхнэр хүн - БНАСАУ, Иран
- Эрийг эмлэх - Иран, Мавритани
- Садар самуун сурталчлах, янхны газар байгуулах, зуучлах, тамхи хулгайгаар хил давуулах, үхэр хулгайлах – Хятад
- Галдан шатаах - Марокко, Баруун Сахар
- Хар зах дээр наймаа хийх – Мозамбик
- Хүндрүүлэх нөхцөлд агаар, ус бохирдуулсан – Йемен
- Мухаммед бурхны нэрийг бузарлах – Пакистан
- Хар дом, хараал хийж хүний амь бүрэлгэх - Руанда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ