АТГ-ын дарга нарын хэргийн хяналтын шатны шүүх хурал болно

img

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарын гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин тагнаж чагнасан хэргийн хяналтын шатны шүүх хурал нөгөөдөр дээд Шүүхэд болно. Шүүгдэгч  Ч.Сангарагчаад Б.Хишигбаатар, Г.Оюунцэцэг эрх зшйн туслалцаа үзүүлнэ. Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбулган, Ц.Монгол, Ө.Алтангадасын өмгөөлөгч С.Цэдэндамба, Б.Одончимэг нар хяналтын шатны шүүх хуралд оролцох юм. Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн  87.1, 111.2, 133.1, 263.2, 273.3 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Прокурорын газраас  таван зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй  гэж шүүхээс үзсэн билээ. Ингээд дээрх зүйл ангиудаас зарим хэсгийг нь нэгтгэн хоёр жил дөрвөн сар хорихоор шийдвэрлэсэн. Одоогоор Ч.Сангарагчаа   ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги буюу Зайсан дахь хүүхдийн хорих ангид эд хогшил хариуцан хоригдож байна. Түүнчлэн уг хэрэгт яллагдагчаар татагдан гэм буруутай нь тогтоогдсон Ө.Алтангадас, Д.Сундуйсүрэн нарт эрүүгийн хуулийн  87.1, 133.1 дэх хэсэгт зааснаар төрийн нууц задруулсан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцож, 87.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял, 133.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял  тус тус оноож,  нийт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм.  Харин тус газрын Тамгын газрын дарга Г.Бадарчид үүсгэсэн албан тушаалын гэмт хэрэг нь нотлогдоогүй гэж  үзэн шүүхээс   цагаатгасан билээ. Н.Түвшин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ