Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Ж.Баярбаатартай ярилцлаа.
-“Лондон-2012” зуны олимпод чөлөөт бөхийн төрлөөр найман эрх авлаа?
-Лондон-2012 зуны олимпийн наадамд Монгол Улс чөлөөт бөхийн төрөлд найман тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. Энэ бол чамлахааргүй том амжилт юм.Олимпийн наадамд нийт 11 жин буюу чөлөөт бөх эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн жинд тэмцээн болдог. Түүнээс найман жинд нь оролцох гэж байна. Том зорилго тавьж байгаа. 1992 оны олимпоос хойш үзүүлж байгаагүй том амжилт.
Өмнөх олимпод дээд тал нь зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол энэ удаа найман тамирчин оролцож байгаа нь урьд өмнө үзүүлж байгаагүй том амжилт гэж хэлж болно. 2011 онд Турк улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 63 кг, 120 кг-ийн жинд олимпийн эрх авсан.
Мөн Хятадын Тьян хотод болсон олимпийн эрх олгох тэмцээнээс дөрвөн эрх авсан. Эмэгтэй багаараа, эрэгтэй дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй явхаар боллоо.
-Чөлөөт бөхийн тамирчид олон улсын Найрамдал зусланд бэлтгэлээ хангасан. Бэлтгэлийн хугацаа дууссан уу?
- Олимпод оролцох тамирчдын бэлтгэлд Монголын чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар, Үндэсний олимпийн хороо гэх мэт маш олон байгууллага анхаарал хандуулан ажилласан.Ялангуяа чөлөөт бөхийн холбоо анхаарал тавьж ажилласан.
Анх удаа чөлөөт бөхийн бэлтгэлийн төвийг Найрамдал зусланд байгуулсан. Зургаан дэвжээ, массаж, душ, хүчний бэлтгэлийн төв, олс гээд тамирчдын бэлтгэлд хэрэгтэй бүх л зүйлээр хангагдсан олон улсын шаардлагад нийцсэн бэлтгэлийн төвтэй болсон.
Энэ төвдөө тамирчид бэлтгэлээ хийсээр байна. Олимпийн эрхийн тэмцээн дууссанаас хойш Болгар улсад хамтарсан бэлтгэл хийсэн.
Наймдугаар сарын 1-нд манай тамирчид Болгар улсыг зорьж өндөр уулын бүсэд Болгарын бэлтгэл хангагч тамирчидтай бэлтгэлээ хийж байгаад наймдугаар сарын 5-нд Лондон хотыг зорих юм. Болгар улс, Лондон хот хоёрын хооронд нэг цагийн зөрүү байдаг юм билээ.
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Чинбат, тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазар,хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж, дэд ерөнхийлөгч Түмэн-Аюуш, Алтай констракшны захирал Бат-эрдэнэ гэх мэт хүмүүсийн хүч дэмжлэг туслалцаатайгаар энэхүү төв маань ашиглалтад орсон.
-Чөлөөт бөхийн тамирчдын дасгалжуулагчаар ямар хүн ажилласан бэ?
- Шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат багш А.Цэдэнсодном, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин З.Дүвчин, ОУХМ, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Баяраа,Т.Сүхбаатар, Ц.Баярсайхан нар ажиллаж байна. Мөн 120 кг-ийн жинд бэлтгэл хангагчийн хувьд Болгараас хоёр бэлтгэл хангагч нэмж авч бэлтгэл хангуулсан.
Спортын анагаах ухааны тал дээр МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж онцгойлон анхаарч Япон улсаас хоёр массажист эмчийг авчирч ажиллуулсан юм.
-Тамирчдад бэлтгэл хангахад нэн тэргүүнд заал танхим байдаг. Тэгэхээр чөлөөт бөхийн тамирчид шаардлага хангасан заалтай болжээ?
-Тэгэлгүй яахав. Тамирчдын хувьд спорт заал хамгийн чухал зүйлийн нэг байдаг. Тэгэхээр чөлөөт бөхийн тамирчид олимпоос гадна олон тэмцээн уралдаанд орно. Энэ заал шиг зургаан дэвжээтэй заал Монголд байхгүй шүү дээ. Спортын ордны А заал л гэхэд хоёр дэвжээтэй байдаг. Ийм сайхан бэлтгэлийн төвийг барьж байгуулахад туслалцаа үзүүлсэн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олонд баярлаж талархаж байгаагаа дамжуулах нь зөв болов уу. Мөн дашрамд дурдахад тамирчид маань Асикс фирмийн хувцсаар жигдэрч байгаа.
-Энэ удаагийн олимпод оролцох эмэгтэй шигшээ багийн хувьд бага зэрэг өөрчлөлт орсон. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Олон улсын бөхийн төрлийн нэгдсэн холбооны FILA-ийн дүрэм бий. Тамирчинд тухайн жинд, тухайн улсад эрх өгдөг. Монгол Улс тамирчнаа оролцуулж болно. Манай улсад чөлөөт бөхийн 63 кг-д олон мундаг бөхчүүд бий. Дэлхийн аварга гавьяат тамирчин Батцэцэг, дэлхийн аваргын хошой хүрэл медальт гавьяат тамирчин Насанбурмаа.
Насанбурмаа 2011 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж олимпийн эрх авч байсан.олимпийн сонгон шалгаруулалт явуулсан. Манайхан их сонин ойлголтоос салах хэрэгтэй байна. Энэ бол ганц нэг хүний шийдвэрээр сонгосон асуудал биш.
Эх орныхоо нэр хүнд бид хэн сайн бэлтгэлтэй байна тэр л тамирчинг явуулах нь зүйн хэрэг. 2010 онд Батцэцэг дэлхийн аварга болж байсан. 2011 оноос жин ахиж 63 кг барилдаж эхэлсэн. 2011 онд Mongolia-Орen улсын аваргын тэмцээнд М.Насанбурмаа, С.Батцэцэгийг хоёр удаа ялж байсан.
Тэгэхээр бид шударга байх зарчмыг баримталж байна. 2012 онд С.Батцэцэг Монголын бүх ард түмний спартакиадад Насанбурмаа, Батцэцэг хоёр бас дахин барилдаж таарсан. Батцэцэг хоёр ялсан. Батцэцэг хоёр удаа ялчихаад байхад бид Насанбурмааг олимпод явуулвал шударга бус явдал болно.
Тэгэхээр бид хэн сайн бэлтгэлтэй байна, чадалтай байна, тэр хүнийг явуулах нь шударга гэж үзсэн. Энэ шийдвэрийг МЧБХ-ны удирдах зөвлөл, дасгалжуулагчдын зөвлөл энэ хүмүүсийн араас дөрвөн жил дагаж зууралдаж байсан хүмүүс гаргасан. Тэгэхээр тамирчнаа мэдэхгүй хэн нэгэн дарга орж ирээд ганцаараа шийдсэн хэрэг биш юм.
-Батцэцэгийн хувьд 59 кг жинд барилдаж байсан. Жин ахиж 63 кг-д барилдаж байна. Хэр бэлтгэл хангагдсан байгаа вэ?
-Батцэцэгийн хувьд 63 кг жинд бие нь жижигдэх болохгүй байгаа зүйл байхгүй. 63 кг-т барилдаад хоёр жил болсон. 2010 онд дэлхийн аваргаас хойш жин ахисан. Тэгэхээр ямар нэг асуудалгүйгээр амжилт гаргана гэж бодож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ