Өдөнбөмбөг буюу монгол тэвэгтэй адил спорт

img

  Дэлхийн бөмбөрцгийн улс орнуудийн ихэнх нь хөлөөрөө тоглодог тоглоомтой гэдгийг та мэдэх үү. Зарим ард түмний уламжлалт тоглоомууд нь цагийн аяст яван явсаар дэлхийн хүн төрөлхтний топ спорт болсон нь ч бий. Жишээ нь хөлбөмбөг, регби гэх мэт. Үүнтэй нэгэн адил дэлхийд өргөн дэлгэр хөгжиж буй спорт /тоглоом/ бол Өдөнбөмбөг юм. Хятадын нисдэг бөмбөг, Малайзчуудын sepaktekraw буюу хулсан бөмбөг, Вьетнамчуудын өдөт бөмбөг, Америк Европын орнуудаар өргөн тархсан Footbag, Монголчуудын тэвэг гэх мэт олон үндэстний тоглоомуудыг нэгтгэн нэгэн хүчирхэг спортын төрлийг бий болгосон нь өдөнбөмбөг юм. Олон улсын Өдөнбөмбөгийн холбоо /International shuttlecock federation/ 1991 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл олон тэмцээн уралдаан зохион байгуулжээ. Хамгийн сүүлд л гэхэд, Өдөнбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулжээ. Улмаар 1999 онд  Европт салбар холбоо нь байгуулагдаж, одоо эгнээндээ дэлхийн 40 гаруй улс орныг багтаасан хүчирхэг спорт болон хөгжиж байна. Сонирхуулахад sepaktekrawбуюу хулсан бөмбөг нь Азийн тоглолтын хөтөлбөрт,өдөнбөмбөг нь өмнөд Азийн тоглолтын хөтөлбөрүүдэд тус тус багтсан спортын төрлүүд болно. Энэ нь ирээдүйд их олимпын хөтөлбөрт багтах бүрэн боломжтойг харуулж байгаа юм. Өдөнбөмбөгийн спортын ерөнхий зарчим нь дөрвөн талст галууны өдөнбөмбөгөөр тоглох. Бидний мэдэх волейболын спорттой тун адилхан буюу торны хоёр талаас хоёр буюу гурван үеэр тоглож аль болох олон оноо цуглуулах зорилготой юм. Яг л волейболын спорт шиг гэж ойлгож болно. Гэхдээ хамгийн том онцлог нь зөвхөн хөлөөрөө тоглоно гэдгийг санаарай. Волейбол шиг байрлал, довтолгоо, хамгаалалт, хаалт, дамжуулалт, давуулалт гэх мэт үндсэн техникүүдтэй. ] Бас нэгэн онцлог нь багийн /гурван тоглогчтой/, хосоор /хоёр эр/, холимог хос /эрэгтэй, эмэгтэй/, ганцаарчилсан гэх мэт олон хувилбараар тоглож болдог. Өдөнбөмбөгийн спортоор хичээллэхэд нүдний хараа болон тулгуур эрхтний үений холбоос, зөөлөн эдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Хөлөөрөө тоглодог болохоор хөлийн хөдөлгөөн, авхаалж самбаа, тэнцвэрийн чанаруудыг сайн хөгжүүлдэг. Ер нь, бидний тоглодог тоглоомуудын хэрэглэл /бөмбөг/ хэдий чинээ жижиг хэмжээтэй байна, тэр хэмжээгээр ур чадвар, самбаачлах овсгоо, мэдрэмж маш их дээшилдэг ажээ. Манай монголчуудын тэвэг хэмээх тоглоомтой тун адилхан учраас энэ спортоор бид илүү их амжилт олох боломжтой юм. Мөн энэ тоглоом нь хөдөлгөөний хомсдлыг арилгах зорилгоор бүх нийтээрээ тоглоход хаана ч тоглох болохуйц өртөг зардал багатай.

Монголчууд дайсныхаа гэзгээр “тоглодог” байсан гэв үү 

  Тэвгээр наадаж тоглож үзээгүй эрэгтэй хүүхэд ховорхон болов уу. Ялангуяа бага насны хүүхдүүдийн тоглох дуртай, басхүү сайн муу нэртэй тэвэг гэгч ер нь ямархуу тоглоом бэ. Лам нарын тоглоом, бөөрөнд муу, хятадууд монголчуудад зориулж зохиосон гэхчилэн их л ад үзэгдсэн дээ, энэ тоглоом. Гэтэл үнэхээр язгуурын монгол тоглоом гэдэг нь үнэн ажээ. Тэвэг гэдэг нь эрт дээр үеийн Евро-Азийн өргөн уудам нутгаар тархсан монголчуудын олон овог аймгийнхны дунд тархсан гэзэг үсний нэр байжээ. Эрчүүд голдуу дагз болон магнайн тус газраа жижигхэн үс үлдээн засуулдаг байсан нь тухайн үеийн моод шахуу юм байжээ. Үүнээс үүдэн Эвэртэйн тэвэгтэн гэх нэр үүссэн эрт үед хүний толгой дээрх тэвгийг эр цэргийн тоног ч гэдэг байж. Дайснаа дарсан баатар хүн хэд хичнээн дайсныг дийлснээ жанжиндаа айлтгахын тулд дайсныхаа тэвэг үсийг хуйхны арьстай нь хамт огтлон авч тооцуулдаг байсан түүхтэй юм байна. Тооцоо дуусан хойно мөнөөх хайсан гэзэгтэй арьсыг хүүхдүүддээ /ихэвчлэн хөвгүүддээ/ өгч өшиглүүлэн тоглуулдаг байжээ. Энэ нь ялагдсан дайснаараа тохуу хийж, тэднийг үзэн ядах хүмүүжлийг олгодог сайн талтай байсан гэдэг. Ингэж тэвэг хэмээх үндэсний тоглоом үүссэн түүхтэй аж. Уг тоглоом нь олон зуун жилийн тэртээх хөгжлийнхөө явцад улам боловсронгуй болсоор одоогийн энэ хэлбэрээ олсон бөгөөд хатсан арьс нэхий дээр хүндрүүлэгч тэнцвэржүүлэгч тугалга төмрийг бэхлэн тоглох болжээ. Өдгөө тоглох, хожилцох дүрэмтэй болж улмаар онооны систем хүртэл гарч ирсэн байна. Дүрэм болон оноо, хөдөлгөөний элементүүдийн нэр нь нутаг бүрт өөр өөр байх нь тун ч сонин. Ихэвчлэн тэвэгдэх, угсрах, шатлах, салтаа, өвдөг, өлмий гэх мэт нэршсэн тусгай ононны шалгууртай хөдөлгөөнүүд байдаг. Оноо нь 1, 5, 10, 20, 50 гэсэн бүхэл тоонуудтай. Тэвгийг тоглоход нүдний хараа, өвдөг, шагай, их бие, нуруу, хоёр гар зэрэг бүхий л биеийн далайцтай хөдөлгөөнүүдээр гүйцэтгэдэг. Мөн тулгуур эрхтнээр басхүү үсрэлттэй гүйцэтгэдэг учир тоглогчоос ихээхэн ур чадвар хөдөлгөөний эвсэл, авхаалж самбаа шаарддаг аж. Тоглоомын хэрэгсэл болох тэвэг нь өөрөө маш жижиг /ойролцоогоор хоёр см-ын диаметртэй/ учир тоглогчоос нарийн мэдрэмж, ур чадвар шаардах нь ч тодорхой юм. Харин энэ тоглоом бөөрөнд муу гэсний тухайд бол, соц нийгмийн үед зориулалтын бус хүнд гутлаар /бакал, хром, эсгий гутал/, мөн тоглодог дүрэм нь бүдүүлэг байсанд орших болов уу. Жишээлбэл, хамгийн олон угсарч оноо цуглуулсан нь хожино гэх мэт. Үүнээс гарах арга замууд нь зориулалтын спортын хувцас хэрэглэлтэй болох, нэгдсэн тоглоомын дүрэм гаргаж, түүндээ тодорхой орон зай, цаг хугацааны шаардлагыг тусгаж өгөх /хоёр минутад хамгийн олон оноо цуглуулах/ нь чухал юм. Ямартаа ч, жинхэнэ монгол тоглоом болох тэвгээр наадахад буруудах зүйлгүй гэдгийг спортны мэргэжилтнүүд хэлж байна. Р.Есүй          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

suuliin 2 zurag hehe esui
2012-08-02
Ямар сонин юм хэхэ
2012-08-02