
Монгол хүн олимпийн аварга болж чадахыг анх нотолсон гавьяатан бол Найдангийн Түвшинбаяр. Түүний түүхэн ялалт байгуулдаг 2008 оны наймдугаар сарын 14 бол Монголын спортын төдийгүй манай орны намтарт аугаа том ялалтын өдөр болсон билээ. Тэр жилийн долдугаар сарын 1-ний хар бараан үйл явдлыг мартуулж, улс үндэстнээ эргүүлж нэгтгэсэн эв эеийг сахиулагч анхны гавьяатан нь ч Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа нар. Тэдний араас удалгүй боксын алт, мөнгөн медальтнууд ихэрлэж, паралимпийн наадмаас ч анхны аварга мэндэлж байлаа. Тэгэхдээ залуу одод бэртэл гэмтэл ихтэй, бие сэтгэлээ золин байж амжилтын өндөрлөгт хүрснийг нь сүүлд нь мэдэж дуулсан сан.
Олимпийн баатрууд маань түүнээс хойш хоёр жил шахуу хугацаанд ужиг бэртэл гэмтлээ эмчлүүлж яваа, амсхийж нерв ядаргаагаа дарж буй дуулдсан. Олон түмний тэднийг гэх хүндэтгэл заримдаа хэрээс хэтэрдэг байлаа, найр наадам, хурал цуглаан, улс төр, урлаг уран сайхан ч тэдэнгүйгээр өнгөрдөггүй болов. Завсар чөлөөнд нь хүнд хүнд мэс засалд орж, гадны эрдэмт эмч нарыг толгой сэгсрүүлэв. “Ийм гар хөлөөр яаж олимпийн аварга болдог байна” гэжээ. Тэгсхийгээд бэлтгэл сургуулилтдаа эргэн ирж, наадам тэмцээний зах зухаас амсах болсон юм. “Түвшинбаяр азаар алт авсан”, “Цагийн зөрүүгүй болохоор тэгж байна”, “Бадар-Ууган тааруухан аварга”, “Дараагийн олимпод тэд явахгүй дээ...” гэх элдэв ярианы үнэн эсэхийг шалгахаар хүлээнэ. Бадраа хааяахан нэг тэмцээнд явсан ч гэмтэл нь болж өгөхгүй зовоох. Харин Түвшээ уралдаан тэмцээн алгасахгүй шахам ч үзүүлсэн амжилт нь төдий л хангалттай бус.
Он жил өнгөрсөөр, олимпийн Big Ben цохилсоор. Энэ хооронд юутай ч бидний Түвшинбаяр аварга формоо олж, олимпийн эрхийн оноогоо өсгөсөөр. Нэг мэдэхэд Лондоны олимпийн наадам тулан ирсэн байлаа. Олимпийн аваргаа өмнөө ханхалзуулсан Монголын баг Британийн аралд хөл тавилаа.

“Монгол Улсаас олимпийн наадмын анхны хошой медальтан төрөх үү”, “Олимпийн аваргаа хамгаалж чадах уу” гэсэн шинэ асуултууд урган гарав. Монгол хүн олимпийн наадмаас хос медаль зүүж болдгийг бид Бээжинд анх харсан. Манай улсын нүүрийг олон жил тахалж явсан Германы мэргэн буудагч Д.Мөнхбаяр тийм түүхэн гавьяанд хүрсэн билээ. Харамсалтай нь түүний сүүлчийн медалийг өөр улсын далбаан дор тооцдог нь үнэн.
Харин олимпийн наадмаас хос медаль хүртсэн анхны монгол тамирчнаар Найдангийн Түвшинбаяр Лондонд тодрох ёстой байжээ. Тэрээр Узбекистаны бөх Р.Саидовтой барилдах үедээ баруун хөлөө хөндсөн юм билээ. Улмаар мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөх, дэлхийн аварга Хван Хи-Тэтэй барилдахдаа бүр ч эвгүй хөшиж орхисныг нийт монголчууд харсан байх аа. Тэр барилдааны дараа бэлтгэлийн танхим руу орохдоо багийнхнаараа, багын анд Э.Энхбатаараа үүрүүлэн орсныг хэлэх хэрэгтэй. Үнэхээр шүд зуун тэвчсэнийг 2,7 сая Чингис бүгдээрээ харсан. Бараг л барилдахааргүй болчихлоо хэмээн халаглаж байсныг яана. Харин аварга маань ард түмнийхээ итгэлийг үүрэн татами дээр гарсан юм.
Монгол Улсын баг түүхэндээ цорын ганц удаа 1984 онд олимпийн наадамд оролцолгүй өнжсөн байдаг. Гэтэл тэр жилд төрсөн Булган нутгийн хүү ийн Монголын спортын түүхэнд байгаагүй өндөр амжилтыг ард түмэндээ авчрах, аз жаргал хайрлах хувьтай байжээ. Жинхэнэ олимпийн одтой, дэлхийн түвшний бөх гэдгээ ийнхүү тод нотлон харууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ