
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэнтэй уулзаж, олимпийн наадам тойрсон сэдвээр яриа өрнүүллээ.
-Олимпийн наадам эхлээд талдаа орчихлоо. Тамирчдынхаа оролцож буй байдлыг нийтэд нь хэрхэн дүгнэж байна вэ?
-2008 оны олимпийн дараа бидний тавьсан зорилго бол Бээжинд орсноос илүү олон тамирчин оруулах, мөн топ биш дөрвөн төрлийг топ төрөлд оруулж, эрх авахуулах. Мэдээж топ дөрвөн төрөл маань эрхээ аваад орно. Дээр нь байт харваа, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, тэквондо гэсэн дөрвөн төрөл дээр анхаарал тавьж, олимпод оролцуулах зорилго тавьсан. Энэ дөрвөн төрлөөс маань хоёр нь эрхээ авч чадаагүй, нөгөө хоёр нь зорилгоо биелүүлсэн. Марафон маань хараахан эхлээгүй байна. Харин байтынхан амжилттай сайн оролцсон. Эмэгтэй тамирчин Б.Урантунгалаг есдүгээр байр эзэллээ. Энэ бол сайн амжилт. Ямар ч байсан бид энэ олимпод тавьсан зорилгоо биелүүлээд явж байна гэж дүгнэж болохоор байна. Нөгөө нэг зүйл нь Бээжингийн олимпод оролцсон 28 тамирчныхаа тоог ахиулах байв. Харин Лондонд энэ тоог нэгээр нэмлээ. Ер нь бид Лондоны олимпод дөрвөөс дээш медаль авах зорилго тавьж байгаа. Тамирчдын бэлтгэл, гаргаж буй амжилт гээд олон зүйл дээр үндэслэж энэ зорилгыг дэвшүүлсэн. Өмнө нь монголчууд нэг олимпоос дээд тал нь дөрвөн медаль авдаг байсан. Энийг цаашид ахиулж, тав болон түүнээс дээш медаль авья гэсэн зорилго тавьсан. Одоогоор хоёр медаль аваад байна. Цаашид чөлөөт, боксынхон тус бүр хоёр медаль авчихвал бидний тавьсан зорилго биелэх юм. Бас нийлбэр дүнгээр Бээжингийн олимпийн байраа бууруулахгүй, ахиулах гэсэн зорилго тавьж байгаа.
Яг одоогийн байдлаар тамирчдад тэмцээн уралдаанд орох, өрсөлдөхөд хүндрэлтэй асуудал алга. Харин жүдо дээр шүүлтийн асуудал хүндрэлтэй байсан, шүүлтэд урьд өмнө байгаагүй зүйл их ажиглагдсан. Үүнийг манай мэргэжлийн хүмүүс хэлж байна. Онцлоод яривал манай С.Ням-Очирын Оросын бөхөд ялагдсан барилдаан. Тэр тохиолдолд нэг бол манай бөхөд үнэлгээ заана, эсвэл алинд нь ч өгөхгүй байсан. Тийм л хувилбар дээр Оросын тамирчинд шууд цэвэр ялалт өгөөд, тэр нь алтан медаль авчихлаа. Бас хоёр тамирчин барилдахад хантэйгаар нэг тамирчин ялсны дараа ерөнхий шүүгч нь дуудаад дахиж хантэй өргөөд нөгөө тамирчинд ялалтыг өгөх жишээтэй. Энэ бол тамирчны олон жилийн хөдөлмөрийг үгүй хийж буй харамсалтай явдал юм. Эндээс бид жүдогийн төрөлд өндөр зэрэглэлийн шүүгч бэлдэх шаардлагатай нь харагдаж байна. Шүүгч өөрийн тамирчдаа ийм зүйл дээр алдаа гаргаад байна гэдгийг хэлж өгөхөөс гадна бусад улсын шүүгчидтэй харилцаж, ойлголцох сайн талтай юм. Байт сурын хувьд Урантунгалаг сайн оролцсон. Харин Ж.Гантөгс төлөвлөсөн хэмжээндээ харваж чадаагүй. Миний хувьд Гантөгсийг нь илүү сайн харвачих болов уу гэж бодсон. Бэлтгэл ч сайн байсан. Дасгалжуулагч, холбооныхонтой нь уулзаж байхад салхины байдал нөлөөлсөн гэж ярьж байна лээ. Манайхан нутагтаа дандаа танхимд бэлтгэл хийдэг. Харин тухайн үед салхитай байж таараад сайн харваж чадаагүй гэсэн. Гэхдээ л байт харваа Монголд хөгжих суурь нь тавигдаад явж байна.
-Энэ олимпийн нэг онцлог нь Монголоос анх удаа хос медальтай тамирчин төрсөн явдал. Н.Түвшинбаярын тухайд онцлон яривал?
-Аварга аваргаараа төрдөг гэж манайхан ярьдаг. Түвшинбаяр бол үнэхээр аварга хүн. Хэрвээ хөлдөө гэмтэл аваагүй бол Оросын тамирчныг ялах бүрэн боломжтой байсан. Өмнө нь энэ тамирчнаа ялсан юм. Одоо энд шаардлагатай эмчилгээг хийж байна. Барилдаан эхлээд удаагүй байхад хөлөө гэмтээсэн хүн үлдсэн хугацаанд Солонгосын бөхийг ялаад мөнгөн медалийн бозол хангана гэдэг мундаг тэвчээр. Үнэхээр Түвшинбаяр онцгой бөх гэдгээ харуулж чадлаа. Бас Монголд нэг шинэ амжилт тогтоолоо. Энэ нь хос медальтай болсон анхны тамирчин. Хүнд жингийн хүний амжилт харьцангуй хожуу буурдаг. Тийм болохоор хөлөө сайн эдгээгээд бэлтгэлээ сайн хийгээд явбал дараагийн олимпод дахиад үзэж л таарна.
-Олимпийн наадмын зохион байгуулалт ямархуу санагдав? Өмнөх Бээжингийн олимптой харьцуулбал?
-Нээлтээс эхлээд тэмцээн, уралдаан явуулж буй үйл ажиллагаа маш өндөр түвшинд болж байна. Үйлчилж байгаа сайн дурынхан маш сайн бэлтгэгдсэн байна. Ажлаа мундаг мэдэж байна. Жишээ нь хүн заалнаас гарч ирээд хаашаа явахаа мэдэхгүй байхад хүрч ирээд “Танд юугаар туслах вэ, та хаашаа явж байна” гэж бүх юмыг асуугаад, чигийг нь зааж өгч тусалж байна. Тамирчдын тосгон дотор ч гэсэн дэг журам сайтай, бүх л юм нь ном журмын дагуу явж байна. Ер нь Лондоны олимп зохион байгуулалтын өндөр түвшинд болж байна гэж дүгнэж болно. Саяхан Зохион байгуулах хорооныхон бидэнтэй уулзсан. Энэ үеэр олон хүн санал хэлсэн. Энэ дунд гомдолтой санал бараг гараагүй.
-Олимпийн наадамд оролцоход МҮОХ-ны үүрэг, оролцоо ямар байдаг юм бол?
-ОУОХ-ны хартид зааснаар тамирчныг бэлтгэл сургуулилт хийлгэх гол үүргийг БТСГ хариуцдаг. Үүн дээр олимпийн хороо, спорт холбоод дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Яг олимпийн наадамд МҮОХ баг, тамирчдаа зохион байгуулан оролцуулж байгаа юм. Энэ бол маш хариуцлагатай ажил. Ямар нэг алдаа дутагдал гаргаж болохгүй. Хайхрамжгүй, зохион байгуулалт муутайгаас болж тамирчин тэмцээндээ орж чадахгүй байх зэрэг алдааг хэзээ ч гаргаж болохгүй.
-Саяхан л бид олимпийн анхны аваргатай боллоо гээд баярлаж байлаа. Гэтэл одоо дараагийн олим эхлээд талдаа орчихож. Тиймээс дөрвөн жилийн дараа болох Рио-де-Жанейрогийн олимпод оролцоход юун дээр анхаарах ёстойг та бодож яваа байх?
-Бид тэмцээн үзэж явахын хажуугаар судалгаа хийж байна. Жишээ нь жүдо дууслаа гэхэд тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүстэй нь уулзаж, бодол санааг нь сонсоод явж байгаа юм. Ингэснээр бид юун дээр алдаж байна, цаашид юуг анхаарах ёстой вэ гэдгээ олж харж байгаа. Жишээ нь жүдод шүүгч бэлдэх ёстой гэдгийг маш сайн ойлгосон. Байт харваанд гэхэд хөдөө, орон нутагт тамирчдыг бэлдэх асуудал байна. Энэ жил бид хоёрхон тамирчнаа бэлдээд тэднийгээ оруулсан. Харин одоо араас нь гарах шинэ залуу тамирчдыг бэлдэх хэрэгтэй. Буудлагад гэхэд сайн дасгалжуулагч хэрэгтэй байнаӨндөр зэрэглэлийн дасгалжуулагчийг гаднаас авах шаардлагатай. Үүн дээр спорт холбоодууд сайн ажиллаж байгаа. Мөн бусад орныхонтой сайн ярилцаж, хамтарсан бэлтгэл хийх, багш дасгалжуулагч солилцох яриа хэлэлцээрийг хийгээд явсан.
-Удахгүй чөлөөтийнхний тэмцээн эхэлнэ. 1980 оноос хойш олимпийн медальгүй яваа чөлөөтийнхнийг энэ жил юм дуулгаж магадгүй гэж харж байгаа. Та чөлөөтийн тамирчдаа хэрхэн өрсөлдөнө гэж төсөөлж байна вэ?
-Би чөлөөтөд их итгэл найдвар тавьж байгаа. Эрэгтэй тамирчдаас Б.Наранбаатарыг медальд хүрчихээсэй гэж их хүсч байна. Өмнө олимпод их сайн байсан хэрнээ мултарсан. Ер нь ДАШТ-ээс хос медаль хүртсэн мундаг бөх шүү дээ. Ингэж олон жил зүтгэж, арга туршлагатай болчихсон хүн эцсийн дүндээ нэг амжилтад хүрдэг. Тэр үр дүн гараасай гэж үнэхээр хүсч байгаа. Эмэгтэй тамирчдын хувьд маш сайн байгаа. Чөлөөтийнхөн маань өөрсдөө гурван медаль авчирна гэсэн зорилго тавьсан. Тэр зорилгодоо хүрчих болов уу гэсэн бодолтой байгаа.
-Залгамж халаа болсон тамирчдаа сайн бэлдэх шаардлагатай гэж олон хүн хэлдэг. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Залгамж халаа их чухал. Олимпийн дараа жилийн ДАШТ-д гэхэд залуу тамирчид явах ёстой. Энэ бол олон улсын жишиг юм. Би жүдог залгамж халаагаа сайн бэлдэж байна гэж ойлгож байгаа. Сая гэхэд 15 тамирчин бэлтгэл хангагчаар ирлээ. Тэд олимпийн наадмыг үзээд, өрсөлдөгчдөө судлаад, тамирчныхаа бэлтгэлийг хангаж байгаа. Ер нь клуб олон байх тусам залгамж халаа сайн бэлтгэгддэг. Клубүүдийн хооронд өрсөлдөөн бий болж, эндээс шалгарсан тамирчид шигшээд багтдаг. Зарим холбоод энэ тал дээр муу байгаа. Гэхдээ бидний гол зорилго бол тухайн тамирчныг аймагт нь бэлдэх ядал. “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийг олимпийн хорооноос гаргасан. Бусад улсад ийм жишиг их байдаг.
-Сүүлийн үед тамирчдын сэтгэхүй нэлээн өөрчлөгджээ. Сая гэхэд С.Ням-Очир хүрэл медалиа жаахан голонгуй байна лээ.
-Олимпийн аваргатай болоод ирэхээр би чадна гэсэн сэтгэхүй залууст төрж байгаа юм. Хамт нэг өрөөнд байрлаж, цуг бэлтгэл хийж байсан хүн аварга болчихоор би яагаад чадахгүй гэж бодоод эхэлнэ. Сая гэхэд С.Ням-Очир хүрлээ, Н.Түвшинбаяр маань мөнгөө жаахан голонгуй байгаа шүү дээ. Энэ бол сайн зүйл л дээ. Бэлтгэл сургуулилт мундаг байгаа л гэсэн үг.
-МҮОХ биеийн тамир, спортын нөгөө том байгууллага БТСГ-тайгаа хэр уялдаа холбоотой ажиллаж байна вэ?
-Ер нь төрийн байгууллага байх ёстой. Олимпийн хороо үүнтэй зэрэгцэн оршиж, нэг зүйлийг давхардаж хийхгүй, өөр өөрийнхөө дүрмийн хүрээнд ажиллах ёстой. Жишээлбэл, БТСГ бодлогоо тодорхойлж, дэргэдээ шигшээ багаа бариад явна. Энэ үйл явцад нь олимпийн хороо нэмэлт тусламж үзүүлээд явдаг. Бас олимпийн наадамд баг, тамирчдаа зохион байгуулж оролцох нь МҮОХ-ны үүрэг. Үүнийг олимпийн хороо хийгээд, БТСГ цуг оролцоод явж байх жишээтэй. Энэ мэт бүхий л зүйл дээр манай хоёр байгууллага сайн ажиллаж байгаа. Сая гэхэд манай төрийн байгууллагаас “Асикс” фирмийн хувцсыг аваад, тамирчиддаа өмсүүлээд явахад манайх өөрийн түнш байгууллага “Жордан” компаниас хувцас аваад явж байна.
-Дараа, дараагийн олимпийг сурвалжлах сэтгүүлчдийн тоог нэмэх, ажиллах нөхцөлийг нь сайжруулах тал дээр ямар ажил хийх вэ?
-Дан биднээс хамаардаггүй зүйл гэж байгаа юм. Сурвалжлагчдын тухайд Олон улсын олимпийн хороо, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо квот гарган, улс орнуудад хуваарилдаг. Тэгээд олимпийн хороогоор дамжилгүй Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой шууд харьцдаг. Ер нь үндэсний олимпийн хороод оролцож байгаа тамирчныхаа тооноос хамаарч сэтгүүлч авч явдаг. 30-аас дээш тамирчинтай баг бол дунд зэрэгтээ ордог. 50-иас дээш болохоороо том баг гэнэ. Тэгэхээр оролцох тамирчны тоо олон байх тусам албан ёсоор сурвалжлах сэтгүүлчийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Харин энэ жил Монголын спортын сэтгүүлчдийн холбоо Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоотой сайн хамтран ажилласны үр дүнд гурван сэтгүүлчийн кюот олдсон.
-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Спортын амжилт гэдэг олон хүний хамтын бүтээл байдаг. Энд мэдээж манай төрийн байгууллага, шигшээ багийн хамт олон, спортын холбоод, клубүүд, дэмжиж тусалдаг пүүс компани гээд олон хүний хамтын ажиллагааны үр дүнд спорт хөгжиж явдаг. Тэр жишгийн дагуу спорт манайд дажгүй хөгжөөд, одоогийн байдлаар хоёр медаль авчихаад байна. Энэ медалийг авахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн бүх хүнд танай сониноор дамжуулж талархлаа илэрхийлье. Тамирчдаа сайн оролцоосой гэж бодоод цайны сүүгээ өргөж буй ээжээс эхлээд гэртээ зурагтаа үзээд суухдаа энэ ялчихаасай гэж бодож байгаа бүх хүний сэтгэл энэ амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж боддог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ