Нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн байгууллагын даргыг Засаг дарга нар томилдог байснаас эдгээр нийтийн албан тушаалтнуудыг улс төрийн сонирхлоор тавьдаг жишиг 2005 оноос хавтгайрчээ. НХХЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2006-2008 онд нийгмийн халамжийн салбарын нийт ажилтныг мэргэшүүлэн сургасан боловч одоо дөнгөж 40 хувь нь ажиллаж байна. Энэ нь одоогийн тогтолцоо орон нутагт хэт улстөржсөн, мэргэшсэн ажилтнуудыг тогтвортой ажиллах боломжийг хязгаарлаж байгааг харуулав. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаатай иргэд зэрэг хүн амын тодорхой бүлэгт өгдөг тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг сонгуульд санал өгөх байдлаар ялгаварлан хүргэдэг хандлага ч гарах болсон.
Иймээс аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгал болон халамжийн газар, хэлтсийн даргыг улс төрийн албан тушаалтан болох тухайн шатны Засаг дарга томилдог байсныг өөрчлөх цаг болжээ. Түүний оронд Засаг даргатай зөвшилцөн дээрх нийтийн албан хаагчдыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга томилж байх нь зохистой гэж үзэж байна.
Эрхэм гишүүн Ж.Батзандан, С.Одонтуяа нар ийм зохицуулалт хийхээр Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барив.
С.Аня