Амьдаар нь барихгүй байхыг тушаасан уу
/Усама бен Ладенийг хөнөөсөн тухай номын талаар/
Америкийн номын дэлгүүрүүдэд худалдаж эхэлсэн энэ ном нь “Зуун хувийн борлуулалттай ном”-уудын нэг юм. Үүнд гайхах явдалгүй бөгөөд учир нь Марк Оуэний “Хэцүү өдөр” гэдэг ном бол Усама бен Ладенийг баривчлах зорилготой “Далай вангийн жад” ажиллагаанд биечлэн оролцогчийн бичсэн ном юм. Гайхах явдалгүй гэдгийн учир нь, номонд дурдсан “Аль-Каида” бүлэглэлийг үндэслэгч бөгөөд толгойлогчийг устгасан тухай тайлбар нь албан ёсны тайлбараас ялгаатай байгаа учраас тэр юм. Харин “Хэцүү өдөр” ном хэвлэгдэн гарахаасаа бүр өмнө томоохон интернэт-номын дэлгүүрүүдийн гүйлгээтэй номын жагсаалтын эхэнд бичигджээ.
Марк Оуэн гэдэг нь нууц нэр гэнэ. Энэ нэрийн цаана өнгөрсөн оны тавдугаар сарын 2-ны шөнө Пакистаны Абботтабад хотод Усама бен Ладенийг баривчлах ажиллагаанд оролцсон АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний шилмэл ангийн дайчин асан 36 настай Мэтт Биссоннетт байгаа аж. Тэр дөрөвдүгээр сард чөлөөнд гарчээ. Ажиллагаанд оролцсон хүний анхны тайлан гэдэг утгаараа “Хэцүү өдөр” ном дуулиан тарьж байгаа төдийгүй, уг ажиллагаа амжилттай болсныг Барак Обама Цагаан ордонд дөрвөн жил сууж буйгийнхаа бараг л хамгийн том амжилт хэмээн үздэг юм.
Олон сая хүн Америкийн хамгийн заналт дайсан гэж үзсэн манай гаригийн зартай алан хядагчийн амьдралын сүүлчийн агшины тухай үнэнээр нь өгүүлж байгаад номын гол үнэ цэн оршино. Биссиннеттийн номыг анзааралгүй хэвлүүлчихсэн Батлан хамгаалах яам, Тагнуулын төв газар, Холбооны тагнан мөрдөх товчоо болон бусад байгууллагынхан цухалдаж байгаа нь ч ойлгомжтой хэрэг. Жулиан Ассанжид мэдээлэл өгч, улсын нууц задруулсан хэргээр одоо шүүгдэж байгаа жагсаалын цэрэг Мэннингийн хэрэг одоо бүрнээ давтагдаж болохоор байна. Пентагон “Хэцүү өдөр” номын зохиогчийг яг ингэж буруутгаж байгаа ажээ. Одоо алба хааж байгаа төдийгүй чөлөөнд гарсан Америкийн цэргийн албан хаагчид Пентагоны зөвшөөрөлгүйгээр өөрийнхөө үйл ажиллагааны тухай ямар нэг зүйл бичих эрхгүй байдаг. Тэд чөлөөнд гарахдаа элдэв мэдээг задруулахгүй байх тухай үүрэг хүлээж, гарын үсэг зурдаг бөгөөд номын зохиогч үүнийг зөрчжээ.
Пентагоны хэвлэлийн албаны ажилтан, дэд хурандаа Тодд Бриссилийн хэлснээр хатуу хавтастай номыг 575 мянган хувиар хэдийнэ хэвлэснийг цэргийн байгууллагынхан наймдугаар сарын сүүлчээр мэдээд ихэд сандарцгаасан байна.
Усама сахлаа будаж, залуу болсон байжээ
Мэтт Биссоннетт Пентагонаас зөвшөөрөл авахаар оролдоогүй нь ч ойлгомжтой. Зөвшөөрөл авах гэдэг огт бүтэхгүй санаа гэдгийг тэр сайн мэдэж айсан хэрэг. Хэрвээ бен Ладенийг автомат буутай байсныг мэдсэний дараа л тусгайхан гал нээсэн гэж түүнийг устгасан албан ёсны тайлбарыг зохиогч няцаасан болохоор ямар зөвшөөрөл авахтай мантай билээ. Харин үнэндээ бол гар хоосон Усамаг буудан алсан юм гэж “Хэцүү өдөр” номын зохиогч бичсэн байна. Түүгээр ч барахгүй, тэр шөнө Ладен биедээ зэвсэггүй байсан бөгөөд яаж ч хүслээ гэсэн эсэргүүцэл үзүүлж чадахгүй байж. Тэгэхлээр энэ нь улайран эсэргүүцэхэд бэлэн дайсныг аргагүйн эрхэнд устгасан хэрэг биш, харин онцын түвэггүйгээр амьдаар нь барьж болох байсан гар хоосон хүнийг бүрэлгэсэн хэрэг байжээ. Хэрвээ Усамагийн зүгээс аюул учруулахгүй бол түүнийг баривчлах хэрэгтэй гэж Цагаан ордон юмуу Пентагоны хуульч ажиллагаа явуулж эхлэхийн өмнө хэлсэн юм гэж номын зохиогч бичсэн байна. Гэтэл шөнө хардаг нүдний шилтэй байлаа ч, хүн аюул учруулах гэж байна уу, үгүй юү гэдгийг тас харанхуйд мэдэх нь хэцүү юм.
Тусгайхан гурав гурваараа хуваагдан ажилласан байна. Мэтт Биссоннетт өөр хоёр хүний хамт нарийхан шатаар гурван давхарт сүүлд нь гарчээ. Тэр түрүүнд нь явж байсан нэг нөхрийнхөө буудах битүү дууг сонсохдоо, коридор нь тас харанхуй байсан гурван давхраас шатны гурав дөрвөн гишгүүрийн дор байсан байна. Хэн нэгэн хүн шатнаас гурван метрийн зайд баруун талын хаалгыг онгойлгож, коридор руу шагайж байсан гэж түрүүнд явсан нэг нь хэлжээ. Энэ нь эрэгтэй хүн байсныг шөнө хардаг шил зүүсэн тэр таньсан ч сум байгаа оносон эсэхийг мэдээгүй байна.
Тусгайхан хаалга руу гэтэж, өрөөнд дайран оржээ. Цагаан майк, цайвар хүрэн өмд, мөн ийм өнгийн урт цамц өмссөн өндөр нуруутай туранхайвтар эрэгтэй хүн орны хажууд амь тавихын өмнө татвалзаж, эвхрэн хэвтэж байсан байна. Шалан дээр цусан дунд хэвтэж байгаа эрэгтэйн дэргэд хоёр эмэгтэй уйлж байжээ. Тэдний арай залуу нь америкчууд руу дайрахад тусгайхны нэг нь түүнийг хоёр дахь эмэгтэйн хамт өрөөний булан руу чирж, харин үлдсэн хоёр цэрэг сахалтай эрийг хэд хэдэн удаа буудаж, үүний дараа тэр чимээгүй болсон байна.
Гуравдугаар давхрыг шалгаж, тэнд эмэгтэйчүүд болон хажуу өрөөнд айснаасаа болоод дагжин чичирсэн гурван жижиг хүүхдээс өөр хэн ч байхгүйг мэдсэнээр тусгайхан алагдсан эрд үзлэг хийж эхэлжээ. Биеийн өндөр болон гадна төрх нь Усама бен Ладенийхтай төстэй байсан ч эхний суманд оногдож алагдсан хүний нүүр нэл цус болсон байжээ. Биссоннетт цусыг хөнжлөөр нь арчсан байна. Алагдсан эр бен Ладентай төстэй байсан ч, яагаад ч юм залуу харагджээ. Ажиллагаа явуулж эхлэхийн өмнө түүний гэрэл зургийг тусгайнханд өгсөн байна. Тэд тэр даруй учрыг нь ойлгоогүй бөгөөд хамаг учр сахланд байжээ. Сахал нь буурал биш, харин тас хар өнгөтэй байсан байна. Сүүлд нь тэд Усамагийн сахлаа будсан будгийг ваннын өрөөнөөс олжээ.
Эмэгтэйчүүд алагдсан хүн хэн гэдгийг хэлэхээс татгалзаж, тэд түүнийг “шейх” гэж хэлж байсан байна. Гэвч худал хэлж сураагүй жаахан охин: “Энэ хүнийг хэн гэдэг вэ?” гэж асуухад, “Усама бен Ладен” гэж хариулжээ. Тэгээд цаашид нуух нь утгагүй гэдгийг ойлгосноор бен Ладений эхнэрүүд ч хүлээн зөвшөөрсөн байна. Мэтт Усамагийн бүтэн биеийн болон хажуу талаас нь хэд хэдэн зураг дарж, нэг хөвөнг цусанд нь норгож, хоёр дахь хөвөнг аманд нь хийн, ДНК-гийн дээж авчээ. Америкчууд хаалганы дэргэдээс автомат, гар буу олж, гэхдээ эдгээр нь сумгүй байсан байна. Гэсэн ч алан хядагч энэ хоёрыг хэрэглэж чадаагүй ажээ.
Чин сүсэгтнүүдийн уур хилэн
Радикал үзэлт лалын шашинтнууд “Хэцүү өдөр” номонд тусгай албаны ажилтны илэн далангүй бичсэн зүйлийг хамгийн түрүүнд мэджээ. Лалын олон сайтад Мэтт Биссоннеттийн гэх зургуудыг байршуулж, түүнийг хатуу гэсгээн цээрлүүлэхийг уриалсан байна. Хэрвээ “Хэцүү өдөр” номын зохиогчийн бичсэнийг үнэн гэж үзвэл бен Ладений цогцсонд Цагаан ордны албан ёсны тайлбарт бичсэнчлэн тийм ч аятайхан хандаагүй байна. Тусгай албаны хоёр ажилтан түүний хөлнөөс нь барьж шатаар доош чирчээ.
Тусгайнхан Афганы Желалабадын баазад хоёр нисдэг тэргээр буцаж ирсэн байна. Гурав дахь нисдэг тэрэг ажиллагааны бүр эхэнд сүйрч, түүнийг дэлбэлэхээс өөр аргагүйд хүрчээ. Мэтт шалан дээр шуудайнд хийсэн цогцос ачсан жижигхэн “Блэк хок” нисдэг тэргээр явсан байна. Маш зай муутай байсан учир нэг хүн “Аль-Каида” бүлэглэлийг үндэслэгчийн цээжин дээр замын турш сууж явахад хүрчээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ