
Бидний ойлголтоор Европын өндөр хөгжилтэй орнуудад бичиг үсэг үл мэдэх явдал байна гэдэгт итгэмээргүй байлаа. Гэтэл хүн амын эзлэх хувьтай харьцуулахад бичиг үсэг үл мэдэгчдийн тоо багагүй хувийг эзэлж байна.
Герман улс 82 сая хүн амтай бөгөөд үүний 4 сая гаруй нь бичиг үсэг үл мэдэгчид байна. Энэ нь хамгийн сүүлийн тоо баримт юм. Бичиг үсэг үл мэдэгчдэд сургалтын төрөл бүрийн арга хэмжээ авч байдаг нэг хэлбэр нь оройн сургуульд хамруулах буюу насны онцлогоос шалтгаалж сургалтын төвүүдэд тодорхой хугацаагаар семинар, мэргэжил дээшлүүлэх курс боловсролын түвшинд тохируулж сургалт явуулахын зэрэгцээ мэргэжил эзэмшүүлэх сургалтыг давхар явуулдаг байна. Оройн сургуульд ихэвчлэн сурлагаар хоцорсон буюу сургууль завсардсан, бичиг үсэг мэдэхгүйгээс мэргэжил эзэмшиж амжаагүй зэрэг хэсэг бүлэг хүмүүс хамрагдаж байна. Гэвч эдгээр сургалт нь сайн дурын үндсэн дээр явагдах буюу тодорхой төлбөртэй.
Социализмын үед Монгол оронд бичиг үсэг үл мэдэх асуудлыг бүрмөсөн халсан гэж үздэг байсан ба цөөн тооны ард иргэд тэр тоонд хамрагдаж байсан боловч тухайн үедээ эзлэх хувь тодорхой бус байлаа. Энэ нь ил тод мэдээлэгддэггүй байсантай холбоотой байв. Ардын хувьсгал ялснаас хойш бүх хүүхэд том хүнийг сургууль бүлгэмд хамруулснаар 90-ээд оны эхээр бичиг үсэгтэй, боловсролтой хүмүүсийн тоо хүн амын 98%-ийг эзэлдэг буюу 1990 оноос хойш 87% болж буурсан гэдэг мэдээ байдаг. Хүн болгон дээд мэргэжилтэй, орос хэлтэй болох ёстой гэсэн шуургалсан үзэл суртлын лоозонгийн дор бид сурч, амьдарч байсан үе саяхан. Гэсэн хэдий боловч бүх хүнийг хамарч чадаагүй нь мэдээж.
Берлинээс И.Отгонбилэг мэдээлэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ