
1988 оноос эхлэн ХБНГУ герман гаралтай орос, румын болон польш иргэдийг хүлээн авах ажил эхэлж, улмаар 1990 оноос 1996 он хүртэл жилдээ 200.000 иргэдийг хүлээн авсан байдаг. Үүний 99 хувийг Оросын холбооны улс болон Казакстан, Украинаас шилжин ирэгсэд эзэлдэг. XVIII зуунаас эхлэн орос оронд шилжин суусан, улмаар үе дамжин амьдарсаар дэлхийн II дайны үеэр оросын нутагт хоригдож байсан герман үндэстнүүд дайны дараа суллагдан суурьшиж, тоо нь нэмэгдсээр иржээ.
1990 оны улс төр, эдийн засгийн өөрчлөлттэй золгон, төрөл бүрийн хавчилт шахалтад өртсөн гарал үүслээ даган герман улсад амьдрах өргөдлийг оршин суугаа засаг захиргаагаараа дамжуулан уламжилж, германд амьдрах эрхийн виз авч олон мянгаараа ар араасаа ирсээр өнөөг хүрчээ.
1991 онд хамгийн их шилжин суугчид ирсний зэрэгцээ, гэр бүлийн гишүүд нь мөн ирж суурьших асуудал шилжин ирж суугчдын хувьд чухал байр суурийг эзэлж байв. Энэ асуудалтай холбоотой Германы засаг захиргааны байгууллагуудын ажлын ачаалал ихэссэн нэг шалтгаан нь шилжин ирэгсдийн герман хэлний мэдлэг хангалтгүй байсантай холбоотой байлаа. Мөн түүнчлэн байр орон сууцны гачигдал нэлээд гарч, уг шилжин ирэгсдийг хүлээн авах газруудад түр байрлуулан, тэднийг хүлээн авах чадвартай мужуудад хуваариладаг байжээ.

Иймд 1997 оноос Германд шилжин суухаар өргөдөл гаргагчдын хэлний мэдлэгийг тухайн орон нутагт нь шалгалт авахуулж байх арга хэмжээ авсны үндсэн дээр шилжин суухаар ирэх иргэдийн тоо эрс багассан байна.
Тухайн муж улс хүлээн авсан шилжин суугчдыг оюутан, сурагчдын байр, биеийн тамирын заал зэрэг газруудад байрлуулж, улмаар баруун зүүн германы хил дээр байрлаж байсан орос цэргийн хуарангуудад 2 жилийн хугацаатай байлгаж байсан ба одоо ч байрлуулсан хэвээр байна. Энэ хугацаанд орон сууцны бололцоо гарсан нөхцөлд гэр бүлийн гишүүдийн нөхцөл байдлыг харгалзан байр хуваариладаг байна. Ингэж шинээр шилжин ирж суурьшиж буй иргэд нь нийтийн байрнуудад 2 жил орчим амьдрахдаа үнэ төлбөргүй амьдрахаас гадна тодорхой тэтгэмж авдаг. Улсын тэтгэмж авахын зэрэгцээ насны эрэмбээр дайны үед амьдарч байсан хүмүүст дайнд нэрвэгсдийн тэтгэмж авдаг. Засагт захиргааны байгууллагууд нь тэдгээр шилжин ирэгсдээс герман хэлний шалгалт аван, гарал үүслийг тогтоох ажлийг давхар гүйцэтгэж байна. Шилжин ирэгсэдийг насны ирэмбээр нь сургалтанд хамруулж, юуны түрүүнд герман хэлний хичээлд бүгдийг оролцуулдаг байна. Хүүхэд залуучуудыг жигд сургалтанд хамруулан төрөл бүрийн мэргэжил сургахад нь анхаарч, герман хэлний хичээлийн сацуу программчилсан арга хэмжээ аван явуулж байна. Гэвч эдгээр арга хэмжээ нь тухайн хүмүүст нийцэхгүй, ялангуяа залуучууд хэтэрхий зав чөлөө ихтэй байснаас хэрэг төвөгт холбогдох нь олонтой тохиолдож байна. Энэ нь ажилгүйдэл их байгаагаас шалтгаалж амьдрал нөхцлийн гэнэтийн өөрчлөлт, үзэл суртлын ялгавартай үзэгдэлд тэнцвэр алдан хаашаа ч гарч чадахааргүй гацаанд орж хүндэрснээс үйдэлтэй гэж үзэхээс аргагүй юм. 90-ээд оны сүүлч хүртэл оросын холбооны улсаас шилжин ирж суугчдын нэлээд хувь нь эмч, багш, инженер техникийн ажилтнууд байсан боловч хэлний мэдэгдэхүүн хангалтгүйгээс ажилд тэр бүр орж чадахгүй байхаас гадна тухайн хүмүүсийн мэргэжил эндэхийн зах зээлийн болзол хангахгүй байснаас шинээр өөр мэргэжилд сургах буюу заавалч үгүй мэргэжил давтан сургах чиглэлээр бүх хүмүүсийг хамруулж байна. Ялангуяа эмч нарыг ажилд авахаас татгалздаг байлаа. (энэ тухай мэдээлэл бий)
Иймд оросоос шилжин ирсэн эмч нар хойшдоо эмчийнхээ мэргэжлээр ажиллах зорилгоор асрагчаас эхлэн, туслах сувилагч зэрэг ажлийнхаа гарааг эхэлдэг байна. Үүний үр дүнд одоо эмчээрээ ажиллаж буй цөөнгүй хүмүүс бий болжээ.
Одоо дээрх шилжин ирж суурьшигчдын гачигдал ихсэх нь ажил олдохгүй, авч буй тэтгэмжийн бага байгаагаас ихэнх шилжин суурьшигчид амьдралын хүнд нөхцөлд амьдарч байна. Берлин хотод шилжин ирж суурьшигчид нь Берлиний захын хорооллууд болох угсармал орон сууцанд ихэвчлэн амьдарцгааж байна. 1990 оноос өмнө зүүн Германд шилжин ирэгчдийг хүлээн авдаггүй байсан ба ихэнх хүмүүс ах дүү нараа бараадан баруун Германд очиж суурьшдаг байжээ. Ялангуяа Бауварн, Райн мөрний сав газрын нутгуудад ихэвчлэн суурьсан байна. Ийнхүү дээрх орнуудаас 3 сая гаруй шилжин ирж суурьшигчдийн 98,5% нь Оросын холбооны улсаас шилжин ирэгсэд юм. Сүүлийн үеийн статистик мэдээгээр Берлинд оршин суугчдын тоо 33.8100 байна. Берлинд европын орнуудаас нийтдээ 400 мянга гаруй оршин суугчид шилжин иржээ.
Берлинээс И.Отгонбилэг мэдээлэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ