Гоо сайхан ертөнцийг тагнуулдана (1-р хэсэг)

img

Энэ эмэгтэйг дайчин, гайхалтай бүжигчин, хоёр талд зэрэг тагнуулын үйл ажиллагаа явуулагч, дайтаж буй ард түмнүүдийн хувь заяаг шийдвэрлэгч бөгөөд эрчүүдийг нусны алчуур шиг сольдог нэгэн гэж хэлдэг байв. Дорнын тэнгэрлэг баячуудын алт эрдэнэс түүний хөлд Европын дипломат алба, улс төрийн тайлагдашгүй нууцуудын хамт унасан гэдэг. Эмэгтэй хүнд баймгүй авьяас чадвар, сод гүн ухаан түүнд заяагджээ. Магадгүй, ямар нэг далдын хүчин түүнд туслаж байсан биз ээ. Зарим нэг судлаачид чухам түүнийг Дэлхийн I дайны үр дүнд ихээр нөлөөлсөн гэж үздэг. 1905 онд Маргарета Гуртруда Целле гэдэг баясгалант бүсгүйг Парис хотод ирэхэд түүнийг бусад хүүхнүүдээс хоёр шинж чанар нь ялгаруулж байсан юм. Нэгдүгээрт, тэр аливаа хөдөлмөр, ашиг тустай үйл ажиллагаанд ямар ч хэлбэрээр оролцохыг үзэн яддаг байжээ. Хоёрдугаарт, тэр хэзээ ч үнэнийг ярихгүй байх зарчимтай нэгэн байсан аж. “Би Энэтхэгт брахмануудын ариун омогт мэндэлсэн. Миний ээж 14-хөн насандаа өөд болсон юм. Намайг сүм хийдийн лам нар өргөн авч Мата Хари гэдэг нэр хайрласан. Энэ нь үүрийн гэгээний мэлмий гэсэн утгатай үг юм. Бага байхдаа би цэцэгсээр гоёмсог баглаа урлаж, тэдгээрээр хийдийн хоймрыг чимдэг байлаа. Намайг хийдийнхээ ариун бүжигчнээр тодруулж Шива Бурханд өргөл болгосон юм”. Түүний энэ утга учиргүй зохиомол яриаг Парис хотын ард иргэд 1905 онд мэлрэн байж сонссон гэдэг. Мата Хари гэдэг нь үнэхээр л “Үүрийн гэгээний мэлмий” гэсэн утгатай аж. Үүнээс хойш түүний гайхалтай намтар түүхийн бусад зүйлс бүрхэгдүүхэн, заримдаа дэгс байдаг билээ. Гэвч тэр үед зарим нэг чамирхал, хачир шаардагдаж байсан биз ээ. Дээдсийн хүрээнийхний тухай бичиж, нийтлүүлдэг 20 хүрэхгүй тооны сэтгүүлчид түүнийг уулга алдан хүлээн авчээ. Дорнын авьяаслаг бүжигчний хувиар Маргарета өөрийн анхны тоглолтыг Парис хот дахь хатагтай Киреевскаягийн салон дотор хийжээ. Чухам тэнд түүнийг анх ноён Гиме олж харж, овоо хараандаа авсан гэдэг. Үйлдвэрлэгч, хуучны эд өлгийн зүйл цуглуулагч энэ эрийн нэрээр Баруун Европын Дорнын урлагийн томоохон музейг нэрлэсэн юм. Төдөлгүй үзэсгэлэнт энэтхэг бүсгүй цөөн тооны урлаг ойлгогчдод зарим нэг учир битүүлэг зан үйлийн хэсгээс биечлэн танилцуулахад бэлэн байгаа гэдэг нь тодорхой болжээ. Энгийнээр хэлбэл, харь бүсгүй цөөн тооны ноёд, хатагтай нарын өмнө хаалттай байдалд бүжиглэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлэв. Одоогийн үгээр бол тайчих урлаг үзүүлнэ гэсэн үг юм. Дорнын алаг эрээн бөс даавуугаар урласан чамин өмсгөлөө бүжигчин бүсгүй уян налархай хөдөлгөөн үзүүлэн байж тайчдаг байлаа. Мэдээж, үзэгчдэд Дорнын нүцгэн бүсгүйн гоо үзэсгэлэн сонирхолтой байсан нь тодорхой. Мата Харигийн шүтэн бишрэгчид хүрээгээ тэлж байлаа. Цэргийн хамгийн өндөр албан тушаалтнууд, сайд нар, гүн, вангууд хотын эгэл жирийн янхны газруудаар орж, гарах бололцоогүй байсан нь ойлгомжтой. Тэр ч байтугай ийм эрчүүд өндөр үнэтэй, дээдэст үйлчилдэг хүүхнүүдтэй холбогдохоос эмээдэг байсан юм. Мата Харигийн тухай өгүүлэгдэх түүх дотор их хэмжээний хэтрүүлэг байдаг хэмээн олон хүн үзэж байсан билээ. Гэвч энэ хэтрүүлэг хэр их болохыг нэг ч хүн гадарлаагүй аж. Оньсого шиг үл таних харь бүсгүйд мэдээж хэрэг паспорт байжээ. Санаандгүй, хэрэгт дурлаад энэ бичиг баримтыг нь олж харсан хүнд гэнэтийн бэлэг болох зүйл тэнд бичигдсэн байв. Тэрхүү паспорт дээр Маргарета Целле гэдэг эмэгтэйн нэр дурайж байсан юм. Энэ эмэгтэй Голланд улсын иргэн бөгөөд армийн хижээл насны офицерын эхнэр, таван настай охины ээж гэдэг нь тэнд бичигджээ. Түүний гарал үүсэл нь Голландад нэр цуутай байсан бүрх малгай гар аргаар хийгчийн гэр бүл байв. Голландын бөглүү нутагт өссөн Маргарета Целле охин 12 наснаасаа эхлэн тэр амьдралаасаа залхаж эхэлжээ. Ингээд тамлагдан байж насанд хүрээд тэр даруй толгойд орж ирсэн нэгэн бодлыг гүйцэлдүүлэхээр шийдвэрлэсэн аж. Тэрээр зарын сонины “Танилцах булан” руу ороод хамгийн сонирхолтой нэгэн зарыг олж аваад гуравхан хоногийн дотор армийн нэгэн ядарч, туйлдсан офицерыг уургалж авчээ. Мэдээж хэрэг, төдөлгүй тэр эр нөхрөө шалчийсан өвгөн болгож орхив. Дэндүү тачаангуй, гал халуун бүсгүйд илүү эрч хүчтэй хамтрагч хэрэгтэй байсан нь дамжиггүй юм. Тэгээд ч офицер нөхрийнх нь цалин пүнлүү түүнд бага санагдаж байсан нь тодорхой. Иймээс тэр үе үе нөхөртэйгөө хамт ажилладаг шижгэр залуустай цэнгэж, долоон хоногтоо дор хаяж дөрвөн удаа араар нь тавихаа мартсангүй. Цэргийн дүрэмт хувцастай хүмүүст янаг халуун ханддаг байдал нь эргээд түүнд боломжийн шан харамж авчирдаг байв. Товчоор өгүүлбэл, хүүхдээ төрүүлж, эр нөхрөө бие сэтгэл, санхүү, мэдрэлийн доройтолд оруулж дөнгөөд дахин гансралд орсон тул Маргарета Целле бүсгүй хэд хэдэн улсын хил давж Парист очсон аж. Түүнд мөнгө, авьяас, танил тал тэнд байсангүй. Яг энэ мөчид тэрээр Мата Хари гэгч Энэтхэгийн сүм хийдийн ариун дагшин бүжигчин бүсгүйн дүрд хувирахаар эргэлт буцалтгүй шийджээ. Хэд хэдэн улирлын туршид түүний тоглолтууд Парис хотын дээдсийн амьдралын гол хэсэг болж байсан юм. Ичгүүр сонжуураа гээсэн энэ бүсгүй үүнийхээ төлөө өндөр шан харамж нэхэж байсан бөгөөд түүнд ч татгалзах хүн гарахгүй байв. Дээдсийн хүрээнийхэн ганцхан бүжиг бүжүүлээд л түүнд нэг мянган алтан франк өгч байснаа юман чинээ тоож байгаагүй аж. Тэгвэл тэр үед Францад нэг өдрийн хөдөлмөрийн дундаж хөлс 5 франк байсан билээ. Нэг үдэш түүнд 10 мянган франкын төлбөр төлжээ. Олсон орлогоо тэр даруй Парис хотын хувцас загварын ордон, үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд очиж бараа болгодог байв. Тэр хэзээ ч зочид буудал болон үнэтэй зоогийн газруудад тооцоогоо тулгаж хардаггүй байсан гэдэг. Түүнээс гадна үдэш бүрийн тоглолтын дараа түүнд ухаангүй дурласнаа илэрхийлэх хоёроос гурван тооны баян шүтэн бишрэгч олддог байлаа. Харамсалтай нь, Мата Хари өөрийн худал бурсан үлгэрийн ярианд өөрөө ч үнэмшдэг тийм зан чанартай байжээ. Тэр үнэхээр л өөрийгөө ялан дийлэгдэшгүй бүжигчин гэж үздэг байснаас гадна нэг удаа ичгүүр сонжуургүйгээр нэрт бүжгэн жүжгийн багш Сергей Дягилевт өөрийгөө харуулжээ. Нэрт бүжиг дэглээч яагаад ч юм түүнийг өөрийн гоцлол бүжигчнээр авахыг хүсээгүй юм. Удахгүй шуналт бүсгүйн тархинд нэгэн солиотой гэмээр бодол орж ирэв. Тэр нэг сая франктай болохыг хүсчээ. Түүний энэ мөрөөдөл маш их аюул дагуулахаас гадна цаг үеэ олоогүй зүйл байв. Аливаа моод, загвар удахгүй солигдож өөрчлөгдөх хандлагатай байдаг билээ. Тэгвэл 1906 онд Мата Хари 30 насыг зооглосон аж. Хоёр, гурван жилийн дараа тэрээр тайчих үзүүлбэр үзүүлж, бусдыг бишрүүлэх увидас нь бөхөх байсан нь тодорхой юм. Иймд тэр арга буюу биеийн өнгөтэй гэрэлтдэг оймс өмсч эхэлсэн байна. Үүнийгээ тэрээр байх ёстой зүйл гэж боддог байлаа. Харин нэр хүндтэй үзэгчид таталт сайтай дурангаар тоглолтыг үздэг байсан юм шүү дээ. Түүний бүжигчний замнал яагаад гэнэт сүйд болов гэдгийг өөрөө ч сайн ойлголгүй Мата Хари цааш явахаар шийджээ. Тэр өөрийн амьдралын туршлагаараа ямар ч үед чиний төлбөр тооцоог хийх чадвартай хэн нэгнийг хажуудаа байлгах ёстой гэсэн үзлийг ойлгосон байв. “Нууцлаг Мата Хари” гэдэг үг урьдын адил эсрэг хүйстэнгүүдэд хар тамхи шиг үйлчилж байсан юм. Парис, Амстердам, Берлин хотуудын тансаг зочид буудлуудын үйлчлэгч, хаалгачид төдөлгүй түүн дээр ирдэг харчуулын зүс царайг тогтоож үлдэх бодлоосоо хагацсан гэдэг. Түүн дээр ирэх эрчүүд дэндүү ойр ойрхон солигдож байсан аж. Гэхдээ Маргарета Целле нас ахих тусам түүний буудаг зочид буудлуудын хэргэм зэрэг нь буурч байжээ. Гайхалтай замналын төгсгөл ойртож байв. Гэтэл түүний аз болж Дэлхийн I дайн эхэлсэн юм. Мэдээж хэрэг, Мата Хари улс төр гэж юу болох талаар, стратеги төлөвлөгөө, цэргийн шилжилт хөдөлгөөн, хангалт зэргийн талаар юу ч мэддэггүй байсан аж. Харин тэр франц болон герман хэлээр чөлөөтэй ярьж сурснаас гадна офицеруудад дэндүү татагддаг байсан юм. Тэрээр Оросын нэгэн царайлаг офицерт галзууртлаа дурласан учраас удалгүй янз бүрийн улс, орны тагнуулын албаны ажилтнуудтай дотно харьцаа тогтоож эхлэв. Дайны эхэнд тэрээр Берлин хотод байж таарсан аж. Энэ нь үйл явдлын цаашдын өрнөлийг тодорхойлж өгсөн юм. Мата Хари Германы тагнуулын албанд хандаж тэдний талд ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Мэдээж тэр сувилагчаар ажиллан шархдсан цэрэг эрсийн цустай холилдохоос зугтсан хэрэг. Шалиг ааш гаргаж сурсан тэрээр янаг хоолойгоор тагнуулын офицерыг ховсдож дөнгөн Францын цэрэг, улс төр, дипломат албаны өндөр дээд хүрээнийхэнтэй сайтар холбоотой тул аль ч сейфнээс хэрэгтэй баримт бичгийг гаргаж чадна гэдгээ ойлгуулжээ. Үүнийхээ хариуд тэрээр нэг сая марк нэхсэн байна. Харин түүнд эхний ээлжинд 20 мянган марк эелдэгээр санал болгосон бөгөөд Н21 гэдэг нууц дугаарыг ёслол төгөлдөр олгосон бөгөөд Франц руу илгээсэн аж. Түүнд өгсөн даалгавар амархан гэдэг нь ойлгомжтой байв. Хэн нэг өндөр албан тушаалтны сейфнээс Францын цэргийн дайралтын төлөвлөгөөг хулгайлж ир гэсэн үүргийг хэн ч өгсөнгүй. Харин түүний оронд “Та яваад ард түмэн юу ярьж байгаа талаар судлаад ир” гэж хэлжээ. Гэвч түүний хүсэн хүлээж байсан нэг сая маркийг хэн ч ирүүлсэнгүй. Иймээс хатагтай Целле Францын тусгай албаныхантай холбогдоход хүрчээ. Францын тусгай алба түүнийг ойшоосонгүй. Түүнд тагнуулчийн нууц дугаар өгөөгүйгээс гадна халаасны мөнгө ч олгоогүй байна. Яагаад ч юм Испани руу илгээж орхив. Францын тагнуулын алба Мата Хариг давхар туршуул гэдгийг нь шууд л сэжиглэж эхэлснийг онцлох нь зүйтэй болов уу. Тиймээс түүнийг Испани руу цөлж явуулсан аж. Мадрид хотод очоод тэрээр чухам хэний төлөө ажиллаж байгаагаа ойлгохгүй толгой нь гашилж орхив. Тэр эцсийн дүндээ хэн түүнд төлбөр төлөхийг ойлгохоо больжээ. Тэрээр хуучин шалгарсан аргаа хэрэглэн асуудлаа шийдвэрлэж эхэлсэн байна. Испанид байсан дипломат ажилтнууд болон цэргийн офицеруудыг сэгсэрч эхлэв. 1916 оны долоодугаар сарын 12-ны өдөр Хари бага-дэслэгч Алорын хамт явж байжээ. Долоодугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд Бельгийн армийн хошууч де Бофортой сугадалцаж явав. Тэгвэл долоодугаар сарын 30-ны өдөр Монте-Негро улсын офицер Йовилшевичид тэврүүлчихсэн алхаж байсан юм. Мөн оны наймдугаар сарын гуравны мягмар гарагт Оросын офицер Маслов болон Английн бага дэслэгч Гэсфилд нартай явж байгаагаар харагдав. Маргааш өдөр нь тэр Италийн армийн бага офицер Марианитай хооллож байлаа. Наймдугаар сарын 16-ны өдөр Ерөнхий штабын офицер Жерботой дотно яриа өрнүүлж суув. 21-ний өдөр Английн нэр нь үл мэдэгдэх хошуучтай цуг явж байв. Маргааш өдөр нь тэрээр Ирландын хоёр офицер болох Жеймс Планкет болон Эдвин О’Брайен нарыг урхидаж орхижээ. Наймдугаар сарын 24-ний өдөр Мата Хари Францын генерал Баульсгартентай хамт зугаалжээ. Харин 31-ний өдөр Британийн цэргийн түшмэл Ферни Стюарттай хамт буудалд орсон байна. Мэдээж хэрэг гарамгай стратегич эдгээр шилжилт хөдөлгөөнд дайсны цэргийн хүчний давшилтын тактикаа дахин өөрчилсөн явдлыг ч мөн онцгойлон харсан нь тодорхой. Иймэрхүү байдлаар хатагтай буудлынхаа төлбөрийн асуудлыг зохицуулж байсан байж мэдэх юм. Хатагтай Целле чухам юуны учир германчууд түүнийг барьж өгөх болсныг хэзээ ч ойлгож чадаагүй юм. Берлины хувьд Парист Н21 туршуулын талаарх гурван нууц кодыг олж авах боломжийг олгосон юм. Тэрхүү код нь дэндүү энгийн байсан тул Францын код тайлж уншдаг албад ямар ч түүртэх юмгүй түүнийг тайлж уншжээ. Мата Хариг Парис руу дуудан ирүүлж богино хугацаагаар баривчлав. Түүнийг Франц, Голланд, Бельги ба Испанид тагнуулын сүлжээ байгуулсан хэрэгт буруутгаад зогсохгүй Египтэд мөн тагнуулын ажиллагаа явуулж, Их Британийн үйлдвэрлэсэн танкны сүүлчийн загварын нарийвчилсан зургийг хулгайлж, холбоотнуудын бөмбөгдөлт хийх төлөвлөгөөг ил болгосон хэрэгт буруутгасан юм. Гагцхүү Н21 тагнуулч болон түүнд ажил олгогч дайснууд Европоор хийсэн түүний зугаалганаас тодорхой үр дүн гарахгүй гэдгийг мэдэж байлаа. Гэвч Герман улс Мата Харигийн нэр дээр өөрийн улсын бүхий л тагнуулын амжилтыг хамаатуулж түүнээс илүү үнэ цэнэтэй тагнуулчдаа хамгаалж үлджээ. Францын хувьд дайны гурав дахь жилд байлдах сэтгэлийн хатыг гээж үл итгэх байдалд ороод байсан юм. Шүүх дээр болсон гол сэжүүр бол Германы атташегээс ирүүлсэн мөнгөний шилжүүлгийн жагсаалт, баривчилгааны үеэр илрүүлсэн “нууц бэх” зэргийг тэрээр толгойны өвчин намдаах дусаалга гэж нотлохыг оролдож байлаа. Цэргийн атташегээс ирүүлсэн мөнгө нь хайртай хүнээс нь ирүүлсэн бэлэг гэж Мата Хари мэдэгдэв. Хэрэв тэрбээр түүнийгээ нөхөн төлөхийг шаардсан бол түүний үзэж байгаагаар тэр жинхэнэ эр хүн биш гэсэн үг байлаа. Тэрээр 1916 оны тавдугаар сард 20 мянган франкийг Амстердам дахь Германы консулаас авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Чингээд зогсохгүй энэ бол түүнийг дараачийн удаа Парис руу айлчлахдаа германчуудыг мэдээллээр хангасны урьдчилгаа төлбөр гэдгийг консул хэлсэн гэдгийг нотлов. Гэвч түүнд ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүсээгүй бөгөөд энэхүү мөнгийг 1914 онд Берлинд байх үед германчуудын булааж авсан үнэт ангийн арьсны нөхөн төлбөр гэж тооцжээ. Үүнээс гадна Франц улс супер тагнуулчийнхаа талаар домог бий болгож, Мата Хариг үхлийн аюулд хүргэснийхээ хариуд огт төлөгдөөгүй бөөн тооцооны хуудас авсан юм. Тиймээс тайчигч бүсгүйн нэр алдрыг зөв зүйтэй талаас нь тайлбарлахад хүндрэлтэй юм. Үргэлжлэл бий Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

QQQ:
shal teneg hebd hamaa bna ohid busguichuudiig iim zamd or gej bgaa yumuu haashiin ,,
2012-11-18