УИХ-ын гишүүн Ц.Батбаярын дүүг мэргэжлийн хяналтынхан 3-р сараас шалгана

img

Ганьт компанийн Саруул дэнж хотхон ашиглалтанд ороод хоёр жил болж байгаа. Оршин суугчдаа оруулахдаа бэлэн мөнгөөр тооцоогоо хийж оруулсан. Гэвч өнөөдрийг хүртэл оршин суугчидтайгаа байрны гэрээ байгуулаагүй, ордерийг нь өгөөгүй л байна. Тун удахгүй ордерийг чинь өгнө гээд хоёр жил өнгөрсөн. Бүр улсын комисст хүлээлгэж өгөөгүй байрандаа иргэдийг анхнаасаа оруулжээ.Харин нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид удирдлагаасаа Саруул дэнжийг хүлээн авахдаа нарийн нягт хүлээж аваарай гэсэн үүрэг ч авсан гэдгээ бидэнд хэлсэн. Учир нь мэргэжлийн хяналтынханд оршин суугчдаас олон өргөдөл гомдол иржээ.  Гэхдээ өргөдөл гомдлын дагуу шалгах эрх мэргэжлийн хяналтынханд алга байгаа юм байна. Учир нь нийслэлийн засаг дарга Ц.Мөнхбаяр 3-р сарын 15-ны өдрийг хүртэл буюу дулааны улирал иртэл битгий орон сууцуудыг шалга гэжээ. Хэрэв шалгаад айлууд нь гарахаар бол хөхөө өвлийн хүйтэнд тэд хаачих вэ? Тиймээс хаврыг хүлээ гэсэн байна.

Иймээс мэргэжлийн хяналтынхан зөвхөн Саруул дэнжийг биш Улаанбаатар хотод байдаг 30 гаруй барилгын ажлыг хавраас шалгах байна.  Харин Саруул дэнжийн оршин суугчид  хурдхан шиг ордероо авч, нурах вий гэсэн айдастай амьдархаасаа залхаж  байгаагаа ам уралдан хэлж байсан. Харин Саруул дэнжийн эзэн н.Бат-Эрдэнэ гэгч эрхэм УИХ-ын гишүүн “улаан” хочит Ц.Батбаярын дүү гэнэ. Ц.Батбаяр гишүүн өөрөө Ургах наран хороолол гэж бариад бөөн хэл ам болоод ам ч үгүй хамар ч үгүй явж байгаа хүн. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэгчээр ахынхаа шийрийг хатааж байгаа дүү нь чанар муутай хууль бусаар барьсан байрандаа санаа зовохгүй явдаг бололтой. Бүхэл бүтэн хоёр жил өнгөрөөд оршин суугч бүр гомдоллож байхад өдийг хүртэл шийдсэн асуудал алга. Сэтгүүлч хүн хардах эрхтэй. Хотын дарга яагаад ийм захирамж гаргав. 3-р сарын 15-ны өдрийг хүртэл гурван сар дутуу байна. Энэ хугацаанд эвдэрхий заримаа засаж, оршин суугчдидаа ордероо өгч болох л хугацаа.  Иргэдийн талд захирамж гаргасан мэт боловч энэ урт хугацаа нь хэний талд ашигтай нь ойлгомжтой. Саруул дэнж хотхон нь барилгын тухай хуулийн  19.2 заалтыг зөрчсөн. Энэ заалтанд улсын комисст хүлээлгэн өгөөгүй байрандаа оршин суугч оруулж, түрээслэж болохгүй гэж заасан байдаг.

Хэрэв энэ заалтыг зөрчвөл хоёроос дөрвөн  саяар торгуулж, учруулсан хохирлын хэмжээг бүгдийг нь барагдуулна. Жишээлбэл барилгыг засахаар болбол, айлуудыг өөр газар амьдрах бүхий л зардлыг Саруул дэнжийг барьсан Ганьтынхан даана. Гэхдээ хэзээ энэ хуулийг зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Мэргэжлийн хяналтынхны хэлж байгаагаар буруутанг тогтоож, засвар байвал засаж нураах бол нураана. Бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ хэмээсэн.  Улсад хүлээлгэн өгөөгүй байрандаа айл яагаад оруулсныг тодруулахаар хүүхдийн 100-д байрладаг Орбита нүдний эмнэлгийн дөрвөн давхарт байх Ганьт компанийн оффист очлоо. Ганьт компанийнхан ажил дээрээ байгаагүй юу эсхүл хамгаалагч нь биднийг холбогдох хүнтэй уулзуулсангүй юу? Нэг ч хүн алга байна гээд бушуу явахыг шаардсан. Харин хажуугаар зөрсөн хоёр инженер нь гайтай телевизийнхэн  өмхий хогнууд гэх мэтээр элдвээр доромжлоод өнгөрсөн. Хүнийг элдвээр доромжлохынхоо өмнө хана нь гал тогооны хэрэгсэл дийлдэггүй, нойл нь өмхий үнэрээр дүүрэн агааржуулагчаа буруу холбосноосоо санаа нь зовж, инженер мэргэжлийн нэрийг гутааж байгаадаа ичддэггүй юм болов уу даа. Барилгын ерөнхий инженер Норов гэдэг хүний амнаас энэ хана чинь ямар ч даацгүй шүү хамаагүй юм битгий өлгөөрэй гэж хэлүүлсэн гэрийн эзэгтэй ийм хуурамч “балиар” юм бас байдгаа хэмээн шагшиж суусан.  Ганьт компанийн хууль бус үйл ажилллагааг эргэн мэдээлнэ.

У.Сэргэлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ulaanaa:
ulaanaa duugee algad
2012-02-10