Өндөрт дүүлэх тагнуулчид

img

АМЕРИКИЙН АГААРЫН ТАГНУУЛЫН АЛБА ХЭРХЭН БУЙ БОЛСОН ТҮҮХЭЭС 1950-иад оны эхний хагаст Америкийн агаарын нисэх онгоцны аж үйлдвэрийн салбарт хоёр тийрэлтэт онгоц бүтээгдсэн нь тун өндөр наслах  тавилантай байж. “Боинг” корпорацийн хүнд даацын бөмбөгдөгч В-52 болон “Локхид” пүүсийн тагнуулын U-2 гэсэн эдгээр хоёр онгоц одоог хүртэл нисч л байгаа. Мэдээж хэрэг орчин үеийн технологиор шинэчлэгдсэний ачаар шүү дээ. U-2 онгоц 2011 он хүртэл албаа гүйцэтгэсэн аж. Харин удахгүй “Нортроп Грумман” пүүсийн боловсруулсан Global Hawk нисгэгчгүй тагнуулын онгоц түүний орыг залгана. U-2  онгоцнууд 1956 оны долоодугаар сараас 1960 оны тавдугаар сар хүртэл бараг дөрвөн жилийн турш ЗХУ-ын дээгүүр нисчээ. Үүний дараа Зөвлөлт холбоот улсын талаарх мэдээлэл цуглуулахын тулд Тагнуулын төв газар 1960 оны наймдугаар сараас 1972 оны тавдугаар сар хүртэл үйлдвэрлэгдэж байсан Corona загварын тагнуулын хиймэл дагуул  болон илүү сүүлийн үеийн тоноглол бүхий сансрын аппаратуудыг ашигладаг болжээ. U-2 онгоц болон АНУ-ын анхны тагнуулын хиймэл дагуулуудын тухай түүхийг маш өндөр үнэ цэнээр олонд ил болгосон юм. Ийм онгоц байдаг талаар албан ёсоор огт зарлагдаж байгаагүй бөгөөд 1960 онд ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисч явахад нь нэгийг илрүүлж сөнөөхөд л анх мэдэгдсэн гэдэг. Түүнээс гадна Corona хөтөлбөрийн талаар 1992 он хүртэл нууц хэвээр байсан ч өдгөө нэлээдгүй зүйл бидэнд тодорхой болоод байгаа билээ. “ХЭТИЙН ЗОРИЛГО - 2013” 1956 оны долоодугаар сарын 4-нд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны анхны нарийн бичгийн дарга Никита Хрущев  хуучин Москвагийн наймаачин, үйлдвэрийн эзэн байгаад улмаар 1934 оноос Америкийн элчин сайдын яамны ажилтнаар ажиллаж байгаа Николай Второвын “Спасо Хаус” шилтгээнд айлчилжээ. Дайны дараах бүхий л үеийн туршид Зөвлөлтийн удирдагч Америкийн элчин сайдын яаманд хоёр дахь удаагаа айлчилсан нь АНУ-ын тусгаар тогтнолын өдөр байлаа. Тэр өдөр Хрущев элчин сайд Чарльз Болентой нөхөрсгөөр ярилцаж, тэр үед ходоодны мэс засал хийлгэн биеэ эмчлүүлж байсан Америкийн Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрын эрүүл мэндийн төлөө хундага тулгаж, Америкийн ард түмэнд үндэснийх нь баярын мэнд хүргэжээ. Тэдний энэхүү нөхөрсөг яриа Америкийн тагнуулын газраас удирдсан дээд зэрэглэлийн нууцлал бүхий төлөвлөгөө хэрэгжиж эхлэх тэр өдөртэй давхацсан гэдгийг Хрущев ч тэр, Болен ч тэр мэдээгүй байв. Энэ нууц төлөвлөгөөний гол зорилго бол Зөвлөлт Холбоот Улсын бүх газар нутгийг тусгайлан бүтээсэн өндрийн онгоцноос, дараа нь сансрын уудмаас ажиглах явдал байв. Чухам тэр л өдөр хожмоо дэлхий дахинд U-2 гэж танигдсан цоо шинэ онгоц Зөвлөлтийн газар нутаг дээгүүр нислэгээ хийсэн ажээ. Нисгэгч Харви Стокман Баруун Германы хот Висбаденд орших Америкийн цэргийн нисэх онгоцны буудлаас хөөргөж Ардчилсан Германы Бүгд Найрамдах улс хийгээд Польшийн дээгүүр нисч Зөвлөлтийн агаарын орон зайд нэвтрэн Беларусийн дээгүүр гараад улмаар Финийн буланг чиглэсэн байна. Хрущевыг чухам Болентэй “буу халж” байх үеэр тус онгоц Ленинградын дээгүүр нисч цэргийн нисэх онгоцны буудлуудын зургийг авч байсан байна. U-2 онгоцны нислэгийн талаар Болен мэдэж байсан ч чухам долоодугаар сарын дөрвөнд эхэлнэ гэж санаа ч үгүй байсан аж. Хрущевыг “Спасо-хаус”-аас ирсэний дараа л түүнд нэгэн онгоц дайран орж ирсэн тухай илтгэжээ. Хрущевын хүү олон жилийн дараа энэ явдлыг дурсахдаа “Аав ихэд унтууцаж, америкчууд зориудаар түүнийг доромжлохын тулд нислэгийн цагийг зориудаар сонгож авсан” гэж үзсэн тухай ярьсан юм.  Гэвч энэ нь тийм биш байв. U-2-ыг боловсруулах ажлыг удирдаж, нислэгийг биечлэн төлөвлөж байсан ТТГ-ын захирлын тусгай туслах Даллес Ричард Биссел Зөвлөлтийн удирдагч Болен дээр айлчлан ирэх тухай огт мэдээгүй байжээ. Харин ЗСБНХУ-ын баруун хэсэгт цаг агаар сайхан, үүлгүй байна хэмээн синоптикоор мэдээлж байсан учраас л “Хэтийн зорилт-2013” гэсэн нууц код бүхий анхны нислэгийг тэр тусгаар тогтнолын өдөр хийхээр товлосон байжээ. 1956 онд Зөвлөлтийн агаарын байлдааны цэрэгт U-2-ын нисч яваа 20 км-ийн өндөрт гарч чадах сөнөөгч онгоц ч байсангүй, тэнд хүрчих зенитийн пуужин ч байгаагүй билээ. Стокман ч нисэх төлөвлөгөөгөө биелүүлж Висбаденд эсэн мэнд газардсан юм. Дараа өдөр нь ТТГ-ын өөр нэг нисгэгч Кармайн Вито “Хэтийн зорилт 2014”-ийг Зөвлөлтийн нийслэл дээгүүр дайран өнгөрснөөр амжилттай гүйцэтгэв. Тэр өдөр өтгөн үүлтэй байсан тул ахиухан мэдээлэл цуглуулж чадаагүй ч Москвагийн тэнгэрт ч U-2 ямар нэг саадгүй нисэх чадвартай юм байна гэдэг нь нотлогджээ. ЗӨВЛӨЛҮҮДИЙН 17 ДАХЬ МИГ Америкийн онгоц 1946 оны сүүлээр Зөвлөлтийн нутаг дэвсгэрийг электрон болон зургийн аргаар судлах ажилдаа орсон ажээ. Эдгээр нислэгүүд үйлдэгдэж эхэлсэн нь “хүйтэн дайны” эхлэлтэй давхцсан нь мэдээж санаандгүй хэрэг биш билээ. АНУ Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсоны дараа байгуулсан Тагнуулын газар болох Стратеги албаны удирах газрыг албан ёсоор тунхагласан тэр үед /1945 оны аравдугаар сар/ Тагнуулын Төв газар гэж байгаагүй байв. /ТТГ-ыг 1947 оны есдүгээр сарын 18-нд хүчин төгөлдөр болсон Үндэсний аюулгүй байдлын хуулийг баталсаны дараа байгуулагдсан/ Тиймээс тагнан турших ажлыг энхийн үед Агаарын тагнуулын нууц хөтөлбөрийн хүрээнд агаарын байлдааны онгоцоор хийж байлаа. Ихэвчлэн эдгээр онгоцууд нь Зөвлөлтийн радиолокацийн станцуудыг илрүүлж, ажлын давтамжийг тогтоохын тулд өргөн өнцөгт фотокамер болон электрон мэдрэгчээр тоноглогдсон бөмбөгдөгч онгоц байдаг байв. Эхэн үедээ эдгээр онгоцууд нь зөвхөн Аляскаас хөөрч, Зөвлөлтийн далайн болон хуурай замын хил орчмоор эргэлдэж “дайсны”/албан ёсоор ингэж нэрлэдэг байв/ агаарын орон зайд огт нэвтэрдэггүй байлаа. Зөвлөлтийн эрх баригчид бүр анхнаасаа л үүнийг эсэргүүцэж байсан, гэвч ямар ч арга хэмжээ авагдаагүй байна. Улмаар АНУ-ын Батлан хамгаалах яамны удирдлага ЗСБНХУ болон тэдний холбоотнуудын нутаг дэвсгэр дээр агаарын тагнуул хийх шаардлага улам бүр гарч байна хэмээн шаардах боллоо. Ингээд агаарын орон зайд нэвтрэх нислэгүүд 1950 оны хаврын эхэн сард эхэлсэн бөгөөд яваандаа олон онгоц, нисэх багийнхнаа алдахад хүргэсэн юм. Ихэнх тагнуулын онгоцууд Зөвлөлтийн агаарын орон зайд устгагдсан бөгөөд мөн Хятадын нутаг дэвсгэр дээр устгагдсан юм. Нисэх багт явсан хүний нийт тоо 252 гарсан бол тэднээс 90 хүрэхтэй үгүй нь амьд үлдсэн, заримыг америкчууд өөрсдөө аварсан бол үлдсэн нь олзлогдсон тухай холбогдох улс орнууд баталсан юм. 138 нисгэгчийн хувь заяа өдгөөг хүртэл тодорхойгүй байна. U-2 онгоцыг бүтээх тухай шийдвэрийг 1954 оны тавдугаар сарын 8-нд болсон нэгэн нислэгтэй холбоотойгоор гаргасан юм. Тэр өдөр Английн нэгэн нисэх онгоцны буудлаас RB-47Е онгоц хөөрчээ. Энэ онгоц нь АНУ-ын стратегийн нисэх хүчний удирдлагад захирагддаг агаарын тагнуулын 91 дэх жигүүрийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд зураг авах, электрон тагнуул хийх аппаратаар тоноглогдсон, B-47Е радиуст үйлчлэлтэй, зургаан хөдөлгүүрт тийрэлтэт бөмбөгдөгч онгоц байв. Онгоцны хурд цагт 980 км бөгөөд 12 км-ийн өндөрт хөөрөх чадалтай байлаа. Гарольд Остиноор удирдуулсан нислэгийн багт Зөвлөлтийн Хойд флотын хөлөг онгоц болон агаарын нисэх хүчин байрлаж байсан Мурманск-Североморскийн дүүрэг дээгүүр нисч, дараа нь зүүн өмнөд зүг рүү эргэж, Архангельскийн ойр орчимд нисэх буудлуудын зургийг авах даалгавар өгсөн байлаа. Тус нислэгийг төлөвлөсөн улсууд онцгой хүндрэл гарахыг урьдчилан харж чадаагүй аж. Зөвлөлтийн агаарын нисэх хүчний гол хүч нь тэр үед МиГ-15 тийрэлтэт сөнөөгч онгоц байсан агаад хурдны хувьд Америкийн тагнуулын онгоцоос хол хоцрогдсон байлаа. Харин илүү боловсронгуй болгосон МиГ-17 онгоц RB-47Е–ийг бодвол цагт зуун километрээр илүү хурдлах хүчин чадалтай байсан ч Америкийн удирдлага хойд зүгийн агаарын нисэх хүчнийхэн энэ онгоцыг хараахан хүлээн авч амжаагүй байгаа байх хэмээн тооцоолсон байлаа. МиГ-17-г зэвсэгт хүчинд 1951 онд нэвтрүүлж, анх удаа 1953 оны зун Тушин дахь агаарын зэвсэгт хүчний парад дээр олонд харуулсан тул Пентагонд тус онгоцыг бүрэн боловсруулж дуусаагүй байх хэмээн бодож байж. Гэвч аюулгүй байдлын тооцоолол хоёр шалтгаанаар буруудав. Үүнээс арваад хоногийн өмнө Их Британийн Эзэн хааны Агаарын нисэх хүчний гурван тагнуулын онгоц Белорусс, Украин дээгүүр нисч, Киев рүү дөхөж очжээ. Зөвлөлтийн зенитчид болон сөнөөгчид тэднийг сөнөөхийг оролдсон ч Английн онгоцууд зугтааж чадсан байна. Тиймээс Зөвлөлтийн Агаарын нисэх хүчнийхэн дээд зэргийн байлдааны бэлэн байдлыг хангасныг Америкийн цэргүүд хэрхэн мэдэх билээ. Түүнчлэн Архангельскийн нисэх онгоцны буудалд МиГ-17 сөнөөгч онгоц хэдийнэ ирж Остины онгоцыг барьж авахаар замдаа гарсныг ч тэд бас мэдсэнгүй. Остин хойд талын их буугаар гал нээж, Цагаан тэнгисийн эрэг хавиас дээд зэргийн хурдтайгаар зугтан гарахад хүрсэн юм. Хойд талдаа олон удаа оногдсон ч Финландын агаарын орон зайд нэвтэрч, Шведийн хилийг даваад Англид эргэн ирж чаджээ. Энэхүү агаарын байлдаан олон улсын анхаарлыг татжээ. Хамгийн түрүүнд Шведийн батлан хамгаалах яам эсэргүүцэл илэрхийлж, хэдэн хоногийн дараа энэ тухай Финландын хэвлэл мэдээлэлд цацагдав. Америкийн Агаарын нисэх хүчний удирдах газар энэ хэрэгт хамаатай гэдгийг үгүйсгэж байсан ч Европт үүнд итгэх хүн тун ховор байв. Цагаан ордонд тагнуулын онгоцнуудыг Зөвлөлтийн нутаг дэвсгэр рүү гүнзгий нэвтрүүлэх нь туйлын аюултай болсон тул үүнийг нэн даруй зогсоох хэрэгтэй хэмээн шийдвэр гаргажээ. Тагнуулын зорилтуудыг аливаа нэгэн эрсдэлгүйгээр гүйцэтгэхийн тулд Зөвлөлтийн булаан эзлэгчдийн бүхий л боломжоос хамаагүй дээгүүр хүчин чадалтай онгоцнууд хэрэгтэй байлаа. ЗӨРҮҮД ДАЙЧИД Америкийн агаарын тагнуулын албыг сансрын өндөрлөгөөс хийгдэх түвшинд аваачих нэн шаардлагатай гэдгийг бусдаас эрт ухамсарласан олон хүн байв. Энэ жагсаалтын эхний эгнээнд Ричард Легхорн орох бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үед байлдааны онгоцны нисгэгч байгаад дараа нь “Кодак” корпорацийн судалгааны хэлтэст шилжин ажиллажээ. 1946 оны сүүлээр тэрбээр Бостоны их сургуулийн дуран авиа зүйн судалгааны лабораторийн нээлтэн дээр “Агаарын тагнуулын салбарт хийгдэх судалгаа, боловсруулалтын зорилго” илтгэл тавьжээ. Тэнд тэрбээр маш том радиусын үйлчлэл бүхий сансрын тагнуулын онгоц  бүтээх зорилтыг тун оновчтой боловсруулсан байв. Түүний илтгэлийг Агаарын нисэх хүчний дээд албан тушаалтнууд, тэр дундаа ирээдүйн нисэх хүчний командлагч, дэслэгч генерал Кертис Ле Мэй болон зургийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Америкийн томоохон компаниудын топ менежерүүд сонсч байлаа. Легхорн өөрийн зөв гэдгийг итгүүлж чадсангүй, Ле Мэй түүний үзэл бодлыг хүчтэй эсэргүүцэж байлаа. Гэвч тэр цаашид хүчин чармайлтаа орхисонгүй, Агаарын нисэх хүчний хэтийн төлөвлөлтийн нэгэн удирдагчийн тусламжийг авчээ. ѫнэндээ 1953 оны эхээр Легхорн Вашингтоныг орхин, урьдын ажилдаа орсон юм. Ирээдүйд бүтээгдэх тагнуулын онгоцыг өөр бусад хүмүүс ч дэмжиж байв. Lockheed агаарын тээврийн корпорацийн тэргүүний зохион бүтээгч Кларенс Жонсон 1950-иад оны эхний хагаст Агаарын нисэх хүчний удирдах газарт хориос дээш километрийн өндөрт удаан хугацаагаар нисэх чадвартай турбо тийрэлтэт онгоц зохион бүтээх бодит шаардлага байгааг баталж чаджээ. “Локхид” болон “Дуглас” пүүсүүд ч түүнчлэн газарт ойр орон зайнаас Зөвлөлтийн нутаг дэвсгэрийг ажиглах чадалтай хиймэл дагуулыг зохион бүтээх явдалд нисэх хүчний удирдлагын анхаарлыг татах гэж оролдож байв. Остины бүтэлгүй нислэгийн дараа ч Батлан хамгаалах яамны дээд удирдлага Ле Мэйийн багагүй байр сууринаас болж агаарын холын болон өндрийн тагнуулын ажиллагааг хэрэгжүүлэх талаар төлөвлөгөөг онцгойлон анхаарч үзэхгүй байв. Тэгсэн атлаа зэвсэгт хүчинд оюуны үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан Калифорнийн тархины төв RAND Corporation-ы санал болгосон тагнуулын хиймэл дагуул боловсруулах төслийг ямар ч саадгүйгээр дэмжиж сайшаажээ. Тагнуулын хиймэл дагуулууд нь стратегийн чанартай мэдээлэл цуглуулахад илүү ирээдүйтэй, бас аюулгүй /тэднийг сөнөөх боломжгүй/ санагдаж байж. Ингээд 1954 оны наймдугаар сард Пентагон байлдааны нисэх хүчинд энэ ажлыг эхлүүлэхийг даалгажээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улмаар Corona бүлгийн зургийн тагнуулын хиймэл дагуулуудыг бүтээхэд хүргэжээ. Гэвч сансрын онгоцыг боловсруулах талаар санал 1950-иад оны эхээр одоо хэр байлдааны нисэх хүчний удирдлагын дунд түвшинд хэлэлцэгдсээр байлаа. 1953 оны зун “Белл Эйркрафт” пүүс түүнийг зохион бүтээх урьдчилсан гэрээг хүлээн авсан байна. Жилийн эцсээр энэхүү мэдээлэл “Локхид”-ын сонорт хүрч улмаар тус төслийн төлөө өрсөлдөхөөр шийдсэн байна. Зохион бүтээгчдийн бүлгийг Кларенс Жонсон толгойлсон юм. Ердөө долоо хоногийн дараа тэрбээр ирэдүйн CL-282 онгоцны угсралтын үндсийг дүрсэлсэн илтгэлийг бэлэн болгоод удирдлагадаа танилцуулахаар явж байлаа. 1954 оны гуравдугаар сард тэрбээр илтгэлээ генерал Шриверт танилцуулахад тэр даруй “Локхид”-ын удирдлагад илүү нарийвчилсан төсөл танилцуулахыг хүсчээ. Агаарын нисэх хүчний удирдлага ч Жонсоны төслийг авч үзээд татгалзсанаа зургадугаар сарын 7-нд мэдэгдсэн байна. УХААЛАГ ТАГНУУЛЧИД Локхид пүүсийн онгоц зохион бүтээх төлөвлөгөө ийн булшлагдав. Гэвч CL-282-ийг нөлөө бүхий хүмүүс дэмжиж байсан нь Дуйат Эйзенхауэрын эрдмийн зөвлөх Жеймс Киллиан, “Полароид” пүүсийг үүсгэн байгуулагч, мөн ерөнхийлөгчийн зөвлөх Эдвин Лэнд, бас Тагнуулын төв газар байлаа. Лэнд Жонсоны төсөлтэй 1954 оны наймдугаар сард танилцаж, итгээд улмаар Киллианыг ятгав. Аравдугаар сарын сүүлээр тэд ерөнхийлөгч Эйзенхауэрт илтгэж, түүний дэмжлэгийг урьдчилсан байдлаар авав. Дашрамд хэлэхэд энэ ярилцлага Ерөнхийлөгчийн уулзалтын албан ёсны тэмдэглэлд огт бүртгэгдээгүй байв. Шинэ тагнуулын онгоц албаны тодорхойлолттой байх ёстой байв. Лэнд агаарын нисэх хүчний удирдлагыг ятгаж цаг алдахыг хүссэнгүй ТТГ-т хандахаар шийджээ. Арван нэгдүгээр сарын 5-нд бичгэн хэлбэрээр Аллен Даллест яаралтай Жонсоны төслийг батлахыг санал болгож зөвшөөрүүлж чадав. Арваннэгдүгээр  сарын 22-д Даллес Эйзенхауэртэй Цагаан ордны зуйван танхимд ярилцаж, улмаар 24-нд тус төслийг албан ёсоор танилцуулсан тунхаг бичгийг илгээжээ. Тэр өдөр Ерөнхийлөгч Пентагоны удирдагч Аллен Даллес болон түүний төрсөн ах АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Фостер нартай уулзжээ.  Арван таван минутын хэлэлцээрийн явцад ТТГ-т тус онгоцыг барих хөтөлбөрийг удирдахыг даалгажээ. Харин энэ онгоцоор нисэх хүчний офицерууд бус харин ТТГ-ын нисгэгчид нисэх болно гэдгийг ойлгуулжээ. ѫүний дараа хэрэг явдал тун хурдан өрнөв. Арванхоёрдугаар сарын 1-нд Биссел Жонсонд тус төсөл дэмжигдсэн тухай мэдэгджээ. Үүний хариуд зохион бүтээгч 1955 оны зун шинэ онгоцны туршилт эхлэх болно гэж амлажээ. Энэхүү нууц төсөл Aquatone нууц нэрийг авав. Төслийг удирдагчаар өнөө Биссел томилогдов. Цагтаа дэлхийн улс төрийн нисэх хүчний тайзан дээр байсан тэрбээр өдгөө бүрмөсөн мартагджээ. /Тэрбээр 1994 онд нас нөгчсөн/Биссел тэр даруй шинэ онгоц болон түүнийг зохион бүтээгчид нь итгэж, бүхий л бичиг баримтуудыг маш хурдан бүрдүүлэв. Арванхоёрдугаар сарын сүүлээр ТТГ “Локхид”-той сансрын онгоц угсрах урьдчилсан гэрээ байгуулж 1955 оны гуравдугаар сарын 22-нд албан ёсны гэрээ байгуулагджээ. Ингээд “Локхид” 22 сая долларын нийт өртөгтэй хорин онгоц бүтээх ёстой болов. Эхний онгоцыг “Локхид” дөрвөн сарын дараа бэлэн болгох ёстой байсан нь нэн хатуу шаардлага байлаа. ХАМГИЙН НУУЦ АЖИЛЛАГАА Захиалгыг гүйцэтгэх техникийн ажлын талаар нарийн ширийн юмс өдгөө ч гэсэн нууцлагдсан хэвээр байна. Тухайлбал, тэр үед тийрэлтэт онгоцны шатахуун 20 километрийн өндөрт буцалж, ууршдаг байв. Тиймээс “Шелл” пүүс маш шуурхай тогтворжуулагч нэмэлт бүхий агаарын керосиныг боловсруулсан байв. /Нууц нэр нь LF-1A гэдэг нь л мэдэгдэж байгаа/. Энэ төрлийн шатахуун нь агаар мандлын хорины нэг даралтанд буюу шинэ онгоцны нисэх ёстой өндөрт ямарваа нэгэн асуудалгүй ажиллах ёстой байлаа. Ийм бодисын нэгэнд Flit гэх шавьж устгагч үйлдвэрлэхэд ашиглагддаг бодис орж байсан агаад эцэст нь Flit худалдаанд хомсдож эхлэхэд үүний шалтгааныг худалдан авагчдад тайлбарлах хүн олдсонгүй. J57 хөдөлгүүрийг шинэчлэх нь бас л хүндхэн даалгавар байсан агаад зовлон бэрхшээл үүгээр зогссонгүй. Гэвч хорин онгоцны хамгийн анхных нь цагтаа бэлэн болсон байлаа. ѫлдсэн бусад онгоцыг ч мөн Калифорнийн Сан Фернандо хөндийд байрлах Бербанк хот дахь Локхид пүүсийн нэгэн салбарт үйлдвэрлэсэн байлаа. Олон түмэнд энэ дээд зэрэглэлийн нууц үйлдвэр Skunk Works нэрээр мэдэгдэж байв. Энэ үе шатанд онгоцонд албан ёсны нэр өгөх ёстой болсон ч агаарын нисэх хүчнийхэн сансрын хүчин чадалт онгоцын талаар мэдэгдэхийг хүсээгүй тул “Локхид”-ынх туслах онгоц буюу англиар utility aircraft гэж нэрлэхээр шийдэв. Энэ үед Америкийн байлдааны нисэх хүчний иймэрхүү төрлийн U-1, U-3 онгоцууд байдаг байлаа. Эцэст нь CL-282 y, U-2 болж тэр хэвэндээ үлдлээ. Загварын онгоцны туршилт мөн л богино хугацаанд нууцлаг болж өнгөрөв. Лас-Вегасаас хойд зүгт Невада мужийн хатсан нуурын гүнээс хөөрч, бууж байв. Зургаадугаар сарын 29-нд туршигч нисгэгч Тони Левиерын жолоодсон онгоц 19.5 км-ийн өндөрт гарсан бол 1956 оны гуравдугаар сард 22 км-ийн өндөрт хөөрсөн аж. Ингээд тавдугаар сарын 1-нд U-2 загварын дөрвөн онгоцыг угсраагүй байдлаар Английн Лэйкенхит бааз руу илгээсэн бөгөөд тэнд нь угсарч нислэгт бэлджээ. U-2 ТЭНГЭРТ ХӨӨРӨВ Анхны нислэг болохоос өмнө U-2 Вашингтонд өнгөлөн далдлах ажиллага явагдав. Тавдугаар сарын 7-нд НАСА-гийн захирал Хью Драйден “Локхид” сансрын цацраг, озоны давхрага, сансрын агаарын урсгал зэргийг судлахад зориулагдсан өндрийн онгоцны үйлдвэрлэлийг эхэлсэн тухай мэдэгджээ.  Хожмоо олон түмэнд шинэ онгоцнууд нь Англид байх цаг уурыг ажиглагч 1-р эскадрилийн бүрэлдэхүүнд бөгөөд дэлхийн бөмбөрцгийн бусад бүс рүү ч нисэх болно хэмээн мэдээлсэн байна. Энд ЗХУ-ын тухай мэдээж хэрэг нэг ч үг дурссангүй. U-2-ын ажлын нислэг мэдээж хэрэг Цагаан ордны зөвшөөрөлгүйгээр эхлэх боломжгүй байлаа. Тавдугаар сарын 28-нд Аллен Даллес, Бисселийн хамтаар Эйзенхауэрээс зөвшөөрөл авахаар ирсэн байв. Ерөнхийлөгч эргэлзсээр байв. Зөвлөлтийн нутаг дэвсгэрийн гүн рүү тагнуулын ажиллагаа хийх нь хэтэрхий эрсдэлтэй зүйл гэж тэр үзэж байлаа. Гэвч ТТГ-ын удирдлага Зөвлөлтийн радио долгион илрүүлэгч станцууд нь тэртээ арван жилийн өмнөх технологиор баригдсан тул U-2-ыг анзаарах ч үгүй гэдэгт итгэлтэй байлаа. Тохиолдлоор тэр л өдөр тавдугаар сарын 28-нд ТТГ-ын шинжлэх ухааны тагнуулын удирдах газрын шинжээчид удирдлагадаа нууц илтгэл өргөн барьсан нь тус онгоц Зөвлөлтийн тэнгэрт огт анзаарагдахгүй хэмээн бичсэн байлаа. Гэвч Эйзенхауэрт энэ тухай илтгээгүй байж. Түүнчлэн Зөвлөлтийн тал тус онгоцыг илрүүлэн устгах тохиолдолд /энэ нь магадлал муутай гэж итгүүлсэн байна/ нисгэгч нь тэр даруй амь үрэгдэнэ. Тиймээс олон улсын эрх зүйгээр хориглосон тагнан турших үйл ажиллагаанд АНУ-г буруутгаж чадахгүй гэжээ. Тэр өдөр Ерөнхийлөгч Даллес, Биссел нарт за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Удалгүй Даллес болон байлдааны нисэх хүчний штабын дарга Натан Твайнинг нар Цагаан ордон руу нислэгийг эхлүүлэх тухай албан ёсны хүсэлтийг тавьжээ. Дараагийн долоо хоногт хариу ирээгүй бөгөөд зургаадугаар сарын 7-нд Эйзенхауэрыг эмнэлэгт хэвтүүлжээ. ТТГ-ын удирдлага “цаг уурын эскадриль”-ийг Баруун Германд нүүлгэн шилжүүлэхээр шийдэж энэ талаар Биссел ХБНГУ-ын канцлер Конрад Аденауэртэй маш хурдан тохиролцоонд хүрчээ. Чухам эндээс зургаадугаар сарын 20-нд ТТГ-ын нисгэгч Карл Оверстрит анх U-2-ыг агаарт хөөргөж тагнуулын даалгавраа биелүүлэхээр Ардчилсан Герман, Чехословак, Польш, Унгар, Румын, Болгарын агаарын орон зайд нэвтрэх тухайгаа тэр даруй ерөнхийлөгчдөө илтгэжээ. Үүний дараа Эйзенхауэр ТТГ-т арван хоногийн турш ЗСБНХУ-ын дээгүүр анхны цуврал нислэг үйлдэхийг зөвшөөрч Биссел түүнийг нь төлөвлөж эхэлжээ. КОММУНИЗМЫН ҮҮРЭН ДЭЭГҮҮР НИССЭН НЬ Ерөнхийлөгчийн заасан хугацаанд U-2 ЗСБНХУ-ын дээгүүр долоодугаар сарын 4-10-ны хооронд таван удаа нисч өнгөрсөн аж. Тэр л өдөр Зөвлөлт улс АНУ руу эсэргүүцлийн бичиг илгээсэн бөгөөд үүний дараа Эйзенхауэр U-2-г Зөвлөлтийн агаарын орон зайд нисэхийг зогсоожээ. Харин дараа нь бүр 1957 оны зургаан сард Баруун хэсэгт биш Алс Дорнодод нисэх зөвшөөрлийг олгосон байна. Нислэг бүрийг ерөнхийлөгчийн шууд зөвшөөрлөөр гүйцэтгэх болов. Нийтдээ U-2 онгоц Зөвлөлтийн дээгүүр 24 удаа ниссэн байна. Хамгийн сүүлийн нислэг “Хэтийн зорилт 4154” нь 1960 оны тавдугаар сарын 1-нд тохиосон юм. Үүнийг Эйзенхауэр биечлэн зөвшөөрсөн бөгөөд үүний дараа ахин ЗСБНХУ-ын дээгүүр нисэхгүй байх тушаал гаргажээ. Тус онгоцыг Свердловскийн орчим газар зенитийн пуужингаар оносон тул нисгэгч Пауэрс шүхрээр бууж олзлогдсон тухай Хрущев дэлхий дахинд зарлажээ. Ингээд Зөвлөлт-Америкийн харилцаа ахин хямралд орж үүнээс болж Парист тавдугаар сарын 16-нд болох байсан Их Британи, ЗСБНХУ, АНУ, Францын удирдагчдын уулзалт хойшлогдов. Пауэрс 1962 оны хоёрдугаар сар хүртэл хоригдож, улмаар түүнийг Зөвлөлтийн тагнуулч Рудольф Абель гэж нэрд гарсан Вильям Фишерээр солилцоо хийн сулласан байна. Тэрбээр ахин долоон жил “Локхид” пүүст туршигч нисгэгчээр ажиллаж байсан агаад улмаар 1977 онд агаартаа осолд орсон юм. Пауэрсын нислэг бол ТТГ, Байлдааны нисэх хүчний хамтарсан ажиллагаа байсан ч энэ мэдээлэл 1998 онд л илэрхий болсон юм. Хоёр жилийн дараа буюу Пауэрсын нислэгийн дөчин жилийн ой дээр түүний гэр бүлд гавъяаны гурван одонг нь гардуулсан гэнэ. Дөрвөн жилийн нислэгийн турш U-2 онгоц Зөвлөлт улсын 3 сая 370 мянган кв.км нутаг дэвсгэр буюу нийт талбайн 15 хувийнх нь зургийг авч амжсан аж. Энэ зураг бүхий 392 мянган метр хальс өдгөө ТТГ-ын архивт хадгалагдаж байгаа юм. Эх сурвалж: wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гүүгл - транслейт программ ашиглажээ
2020-05-05
bx:
wikimon.mn ees medee hulgailaad tavisan bna
2012-12-05