Хятад, Монгол хоёр хамтран хүний наймаатай тэмцэнэ
"Хүн худалдахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Хятадын Макаогийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Хүн худалдаалах хэрэг нь ихэвчлэн хил дамнасан, өндөр зохион байгуулалттай, нууцлагдмал учир манай улсын хууль хяналтын болон бусад холбогдох байгууллага дангаараа илрүүлж, мөрдөн шалгах, хохирогчдыг хамгаалж, эх оронд нь буцаах боломж байхгүй.
Иймээс монгол эмэгтэйчүүдийг худалдаалдаг томоохон төв болоод байгаа Макаод буй монголчуудынхаа эрх ашгийг хамгаалахад энэ хэлэлцээр чухал хувь нэмэр оруулах юм.
Хэлэлцээр байгуулснаар хоёр талын хооронд хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг худалдахаас урьдчилан сэргийлэх болож бий болно.
Мөн энэ төрлийн хэргийг таслан зогсоох, хохирогчдын эрх ашгийг хамгаалах, эх оронд нь буцаах боломжтой. Дээр нь хохирогчидтой хүнлэг ёсоор харьцах, эргэн нийгэмшүүлэх, гэмт хэрэгтнүүдийг олж тогтоон хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдэнэ. Хэргийн улмаас хохирсон эд хөрөнгө, эрүүл мэнд, оюун санааны хохирлыг барагдуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах эрх зүйн үндэс ч мөн бүрдэж байна.
Ж.Хишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ