Д.Дэмид: Амьдралын сайн сайхныг дутуу мэдрээд торны цаана орох нь дээ

Ө.Хэрлэнчимэгийн гэх хэргийн дуулиан тасрахгүй үргэлжилсээр байна. Өчигдөр хэрэгт холбогдоод байгаа Ж.Очбадрах, Ж.Очмандах нарын ээж аав хэвлэл мэдээллийнхэнд хандаж, миний хүүхдүүд гүтгэгдэж байна. Талийгаачийг хөнөөсөн гээд байгаа тэр үед миний хүүхдүүд гэртээ байсан. Ж.Очбадрах маань бүр миний өвөрт хэвтэж байсан. Хэргийг үнэн зөв шүүхгүй байгаа. Нэг талыг барьж байна хэмээгээд тэмцлийн хэлбэрт шилжинэ гээд үсээ хуссан. Хэргийг хүлээгээд байгаа ганц сэжигтэн Д.Сарантуяагийн аавтай бид уулзлаа.
- Сайн байна уу? Та хамгийн сүүлд охинтойгоо хэзээ уулзсан бэ? - 12-р сарын дундуур уулзсан.- Сэтгэл санааны байдал ямаршуу байна вэ? Дарамт байгаа гэж байна уу? - Өрөөнөөсөө ч гарахгүй байгаа гэсэн. Дарамт ер нь байгаа л гэж байна лээ. Уйлаад л байсан. Нэг их олон юм яриагүй ээ. Ер нь бол охин маань дарамтанд байгаа.
- Өөр хорих руу шилжүүлэх гээд хөөцөлдөж байгаа гэж байсан. Одоо юу болж байна вэ? - Юу ч болсон юм алга. Намайг Төв аймгийн хорих руу ч хамаагүй шилжүүлээд өг. Хатуу аймаар л гэдэг. Надад тэр нь амар санагдаж байна гэж байсан. Өмгөөлөгч нь хөөцөлдөж л байгаа даа.
- Та хоёрын амьдрал ер нь ямаршуу байсан бэ? - Бид хоёр миний халамжийн 50 мянган төгрөгөөр амьдардаг хүмүүс. Би тосны харшилтай. Одоо нүүр их эвгүй болчихоод байгаа юм. Яахав дээ тэгээд л болдог л юм.
- Шүүх хурлын үеэр Ө.Хэрлэнчимэг танаас мөнгө авсан гэдэг юм. Хэдэн төгрөг авч байсан юм бэ? - Д.Сарантуяа нэг өдөр ирээд л ааваа мөнгө өгчих гээд л их мөнгө авсан. Ер нь Хэрлэнчимэг нь ч авсан юм уу мэдэх юм алга.
- Таны охины ярьж байгаагаар Хэрлэнчимэг их дарамталдаг гэсэн. Танд ер нь хэлж ярьсан зүйл байдаг уу? - Миний таньдаг хэдэн хүмүүс хэлж байсан. Муу хүүхэдтэй нийлээд байна шүү. Сайн анхаараарай гэж байсан юмдаг. Зодуулсан юм уу даа гэсэн байдалтай орж ирж байсан удаа бий шүү. Тэгээд асуухаар зүгээрээ ааваа. Уначихсан юм. Санамсаргүй бэртчихлээ л гэдэг байсан. Одоо бодоод байхнээ энэ Ө.Хэрлэнчимэг л дарамталдаг байсан бололтой.
- Хэрлэнчимэгийг та хэр сайн мэдэх вэ? Хэрлэнчимэг болон түүний найз залуу таны охиныг огт мэдэхгүй л гэдэг. - Би харж байсан. Орж гараад явдаг л байсан. Нэг сургуулийн л хүүхдүүд, үеийн охидууд гээд тоодоггүй байлаа.
- Сүүлд уулзахад хэргээсээ буцсан ч юм уу? Тийм зүйл байсан уу? - Үгүй ээ. Энэ хэргийг бид хийсэн. Ө.Хэрлэнчимэг хоолойг нь боосон. Та нар юугаа хараад байгаа юм. Гар хөлийг нь дараач гэхэд би айсандаа дарж өгсөн. Тэгээд Ж.Очбадрахын хар машинаар зөөсөн. Бүх зүйл үнэн л гэдэг. Хэрэг нэг тийшээ болоход охин маань ял сонсох л байх. Одоо яая гэхэв дээ. Нэгэнт л хийсэн хэрэг. Хэргээ хүлээсэн болохоор арай бага ял сонсох болов уу гэж найдаж байна. Охин маань ер нь багын л их аймхай, цочимтгой их аймхай хүүхэд байсан юм даа. /уйлав/ Одоо ялаа эдлэхийг нь хөгшин хонины насгүй болсон би хүлээж чадах нуу үгүй юу мэдэх юм алга. Насны бөгсөнд ийм ч юм үзэх гэж. Одоо яая гэхэв дээ. Миний л хувь тавилан байлгүй дээ. Гэхдээ миний охин чинь хүний үгээр хар багын л хэн юу гэж хэлнэ тийм л байсан. /уйлав/ Чих зөөлөнтэй гээд өхөөрддөг байсан. Эцсийн эцэст ийм зүйлд уналаа даа. Эвий дээ охин минь. Амьдралын сайн сайханыг дутуу мэдрээд торны цаана орох нь дээ. Хийсэн хэрэг нь үнэн учраас ял эдлэх л байх даа. /уйлав/
- Мөрдөн байцаалтын үед танд болон таны охинд дарамт байсан уу? Нөгөө долоон сэжигтэн нь их дарамталдаг байсан гэх юм билээ. - Үгүй ээ. Ямар ч дарамт байгаагүй. Бүх юм зүгээр өнгөрсөн.
- Одоо таньд дарамт шахалт байна уу? - Алгаа хүү минь.
- Одоо та гэртээ ганцаараа байгаа юу? - Тиймээ ганцаараа. Өөр хэнтэйгээ хамт амьдрах вэ дээ, ах нь
- Ц.Гончиг гуайтай та уулзаж үзсэн үү? - Үзсэн. Бид хоёр ярьж хөөрөөд өнгөрдөг л юм. Тэр хүний оронд өөрийгөө тавиад үзэхээр их тэвчээртэй хүн юмаа гэж боддог. Амьд байгаа ч шоронд байгаа охиноо бодохоор надад хэцүү байдаг. Гэтэл Ц.Гончигийн охин хүний гарт амиа алдсан. Мөн л амьдрал гэж юу ч мэдэхгүй цэцэг цэврүү шиг насан дээрээ амиа алдсан. Тэгээд дээр нь хог дээрээс цогцос нь олдсон. Тэгээд өдөр бүр тэр үхсэн охиныхоо нэрийг хэлж, хэргийн талаарх үйл явдлыг ярьдаг. Өдөр бүр л сэтгэл нь өвдөж шаналдаг. Үхсэн хүний ясыг өндөлзүүлэхгүй гэж нэрийг нь ч хэлдэггүй шүү дээ. Гэтэл Ц.Гончигт хэцүү л байгаа шүү дээ.
- Хэдий охин тань хэрэг хийсэн гэж байгаа ч охиноо битгий хоригдоосой гэж боддог л байхдаа - Үхтэл үр харам. Тэгэлгүй яахав дээ. Гэхдээ л хийсэн хэргийнхээ горыг амсахаас яахав дээ. Охиноо санаж үгүйлдэг л юм. Ганцаараа их эвгүй шүү дээ. /уйлав/
- Таны бие болоод сэтгэл санаа одоо ямаршуу байна? - Бие гайгүй ээ. Эхэндээ хэцүү л байсан одоо арай дээр л байна даа.
У.Сэргэлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ