Канадын прокурорын байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлнэ

img

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав, Англи Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Торда Абботт-Воттыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий прокурорын газар Олон улсын прокуроруудын холбоотой хамтран “Прокурор солилцон ажиллуулах” төсөл боловсруулсан бөгөөд энэ төслөө Олон Улсын Прокурорын холбоогоор дамжуулан Англи Улсын Засгийн газарт хүргүүлж, төслийг санхүүжүүлэх саналт тавьсан юм. Англи Улсын Засгийн газар энэхүү төслийг дэмжиж, санхүүжүүлэх тухайгаа  Англи Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаараа дамжуулж мэдэгджээ. “Прокурор солилцон ажиллуулах” тухай энэхүү төслийн хүрээнд Монголын 2 прокурор орчуулагчийн хамт Канад Улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тавьж буй прокурорын хяналт, шүүх эрх мэдлийн хүрээнд мэтгэлцэх зарчмыг прокурор хэрхэн хэрэгжүүлэх байгаатай танилцах юм. Түүнчлэн Канадын прокурор мөрдөн байцаалтын тодорхой үйл ажиллагааг мөрдөн байцаагчтай хэрхэн хамтран явуулдаг практикийг судлаж, Мөрдөн байцаагчид зааварчилгаа өгч, мөрдөн байцаалтыг удирдан явуулах арга туршлагаас суралцах юм. Төслийг хэрэгжүүлж байгаа Монголын прокурорууд төслийн сэдвээр прокуроруудад зориулсан багц цагийн сургалтын материал бэлдэж, Канадын прокуроруудтай хамтран, Монголд сургалт явуулахаар төлөвлөжээ. Мөрдөн байцаагчид зааварчилгаа өгч, мөрдөн байцаалтыг удирдан явуулах арга туршлагаас суралцах юм. Энэхүү төслийг 2011 оны 12 дугаар сарын 1-нээс 2012 оны 3 дугаар сарын 1-ний хугацаанд батгаан хэрэгжүүлэх бөгөөд төслийг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх тайланг Олон Улсын Прокурорын холбоогоор дамжуулан төслийг санхүүжүүлэгч Английн талд хүргүүлэх юм. Уулзалтын явцад Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Монгол Улс, Англи Улсын прокурорын байгууллагын цаашдын хамтын ажиллагаа улам хөгжиж, илүү дүнд хүргэнэ гэдэгт найдаж байгаагаа элчин сайд хатагтай Торда Абботт-Воттод илэрхийллээ. Элчин сайд Торда Абботт-Вотт Монгол Улсын прокурорын байгууллага Үндсэн хуульд заасан чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ажилдаа шинэ амжилт гаргахыг хүслээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ