
“Мэдээллийн дэлгэц” ShuuD.mn сайтын маань олны танил болсон “Нэгжлэг” булангийн ээлжит дугаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн Төрийн ордон дахь ажлын өрөөнөөс та бүхэндээ хүрч байна.
УИХ-ын 2012 оны сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар гарч ирсэн хатагтайг тухайн үед зарим сонгогчид хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж байсан. Гэвч гишүүд заавал өндөр боловсролтой, бас баян байх албагүй. Тэд ард түмний төлөөлөл малчин, оёдолчин байж болохгүй юу хэмээх нэгэн ч байсан. Дугаарын баатар маань байнгын хорооны дарга болсноосоо хойш толгой өндийлгүй хэвлэлээр шүүмжлүүлж байсан ч тэрээр эрчүүдийг бялуугаа хуваалцан гацаж байх зуур парламентад албан бус бүлэгт нэгдэн ажлыг яралзуулж эхэлсэн. Тангараг өргөсөн цагаасаа л тэр зүгээр суусангүй.
Эх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаас эхлээд хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гээд олон амин чухал асуудлыг хөндсөн. Өнгөрөгч жилүүдэд орхигдсон амаржих газарт анхаарлаа хандуулж эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарынхантай уулзаж амаржих газруудын хүрэлцээ, эх баригч, эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх талаар ярилцаж, үүнийг эрх баригчдын анхаарлын төвд авчирсан гэж хэлж болно. Зангадын Баянсэлэнгийн талаар хүмүүс УИХ-ын гишүүн болсноос нь хойш ихэд сонирхож, харж ажигласаар өдгөө хагас жилийг ардаа үджээ. Түүний намтрыг сөхвөл, 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1994 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 35 дугаар дунд сургуулийг төгсчээ. Түүнээс хойш гурван жилийн дараа буюу 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн. Үүний дараа 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн нэгэн. Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа танилдаа туслах гэж өөрийгөө балласан гээд түүнтэй холбоотой элдэв мэдээлэл сонин, сайтын хуудаснаа олонтоо бий. Төрөлхийн тэмцэгч гэж хочлогддог эрхэм гишүүн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байгаад халаагаа өгч МАХН-ын дарга Н.Энхбаярыг дагаж Мянгатын дарга болсноор өдгөөгийн улс төрийн гараа нь эхэлсэн гэдэг.
Бид энэ удаад түүнтэй ажил ярьсангүй. Шинэхэн эмэгтэй гишүүн Төрийн ордон дахь ажлын өрөөндөө хэрхэн тохижсныг сонирхлоо.

Гишүүн хамгийн сүүлд Робин Сигерийн “Яллагчаар сэрцгээ” гэдэг номыг уншжээ.

Түүний ээж дөрвөн бэрхийг бэлэглэсэн гэнэ. Тэрбээр өглөө ажлаа эхлэхээс өмнө дөрвөн бэрх хаядаг уламжлалтай.

Монгол төрөө хүндэтгэн үндэсний хувцастай чуулганы хуралдаанд суудаг аж. Одоогоор зургаан дээлтэй. Энэхүү цагаан өнгөтэй дээлийг нэртэй компанийн оёдолчноор хийлгэсэн боловч сэтгэлд нь хүрээгүй гэх. Дээлийнхээ талаар “Өндөр үнээр дээл оёулаад ямар ч ялгаа байхгүй. Сэтгэлийн хөөрлөөрөө очоод дээлээ хийлгэсэн. Одоо бол жирийн л гарын уртай хүнээр дээлээ урлуулна” гэсэн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярын “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” гэдэг номыг өрөөнийхөө хоймор шүүгээнд залжээ.

Бугын ясаар урласан гар зургийг Хөвсгөлийнхөн түүнд бэлэглэсэн гэнэ.



Болорын цуглуулгатай


З.Баянсэлэнгэ гишүүн бар жилтэй. Ивээл жил нь морь.

Iphone-4S хэрэглэдэг

Үзэгний цуглуулгатай. Гэхдээ хүндэлдэг хүмүүстээ үзэгнээсээ бэлэглэчихдэг гэнэ лээ.

Эрхэм гишүүн улаан өнгийн түрүүвчтэй. Түүний түрүүвчинд яг одоо 20000 дэвсгэрт 5 ширхэг, нэгтийн дэвсгэрт нэг ширхэг бий. Дашрамд сонирхуулахад түүний цалин сая хоёр зуун мянган төгрөг. Амьдралд нь хүрэлцдэг гэлээ.

Тэрбээр Япон улсад болсон “Хүн ам хөгжлийн асуудлаархи Азийн 28 дахь парламентчдын уулзалт”-ын үеэр Индонез Улсын Их хурлын гишүүн ухаан алдаж унан, харвалт өгөхөд нь хиймэл амьсгаа хийж тусалжээ. Түүнд Япон Улсын Онцгой байдлын албанаас эл хүндэтгэлийн жуухыг өгсөн байна.

Дөрвөлжин хар өнгийн цүнх барьдаг. Тэрбээр цүнх болон мөнгөн эдлэл сонирхдог. Алтан ээмэг бараг зүүдэггүй.





Монголын эмэгтэй төрийн түшээдийн тоог нэгээр нэмж түүхийн хуудаснаа бичигдсэн эл эрхэм гишүүний ухаан саруул, мэлмий цэлмэг байх болтугай.
Н.Түвшин
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ