Хот, хөдөөний мэргэжилтэй ажилчдыг бэлтгэнэ

img

Монгол улсын Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагуудын захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх нөхцлийг бүрдүүлж, ирсэн захиалгын дагуу богино хугацааны эрчимжсэн сургалтыг зохион байгуулж эхtлж байна. Түүнтэй холбоотойгоор эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож буй аж ахуйн нэгж байгууллага болон ажил олгогчдод нэгэн боломж олгожээ. Энэ нь ажил олгогчид “Оюутолгой” ХХК-ийн санхүүжилтээр 2013 онд Үндэсний хэмжээний уул уурхай, барилга, зам, тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт шаардлагатай мэргэжилтэй ажилтныг Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудтай хамтран бэлтгэх явдал юм. Ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагууд хөдөлмөрийн насны иргэдээс өөрийн шалгуурт тэнцсэн хүнийг ярилцлагын үндсэн дээр сонгон ирэх оны хоёрдугаар сараас эхлэх мэргэжлийн сургалтад хамруулж болно. Сургалт онолын мэдлэг, үйлдвэрлэлийн дадлага хосолсон сургалтын хосмог хэлбэрээр явагдах бөгөөд сургалтын агуулга, хөтөлбөрөөс шалтгаалан 5-6 сар хүртэлх хугацаатай юм байна. Ингэснээр “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн үр дүнд хөдөлмөрийн насны 3 300 иргэн богино хугацааны сургалтанд хамрагдаж, ажлын байртай болох боломжоор хангагдана. Мөн суралцагч суралцах хугацаандаа сар бүр тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг авах ажээ. Сургалтын бүхий л шатны үйл ажиллагаанд ажил олгогчийг татан оролцуулах бөгөөд ингэснээр ажил олгогч мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээгээ тодорхойлж, хэнийг бэлтгэж, ур чадварыг нь дээшлүүлж авахаа сонгож, сургалтын байгууллагатай хамтран сургаж, үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэр, аж ахуйн нэгж дээр хийлгэх, төгсөлтийн шалгалтыг хамтран авч, төгсөгчийг ажлын байраар хангах зэрэгт хамтран ажиллах юм байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчид мэргэжилтэй ажилтны захиалгаа тухай аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хэлтэст ирүүлэх, нийслэлийнхэн Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн төв биржид хандах учиртай ажээ. Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ