“Ану хатан”маргааш нээлтээ хийнэ

img

“Цаг хугацаа улиравч, цадиг түүх мөнх” гэсэн уриатай “Ану хатан” уран сайхны кино маргааш 13.00 цагт "Өргөө" кино театрт, 17.00 цагт "Тэнгис" кино театрт нээлтээ хийнэ. “Маргааш буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр нь зохиолч Б.Шүүдэрцэцэгийн төрсөн өдөр тул энэ өдрийг сонгон нээлтээ хийж байгаа аж. Өнөөдөр “Ану хатан” киноны уран бүтээлчид “Өргөө II” кино театрт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дөрвөн улирал дамнан зураг авалтаа хийж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан энэхүү кинонд Монголын түүхийн хамгийн эмгэнэлт үе буюу 1697 онд  халх, ойрд, баяд хэмээн хоорондоо хагаралдсанаар Манжийн идэш болсон эгзэгтэй цаг үеийг харуулсан аж. Энэ нь  түүхэн цаг хугацаа нь өөр байж болох ч өнөөдөр монголын ард түмэн жалга довын үзлээр хоорондоо хагаралдан эвдрэлцэн муудаж, бусдын идэш болох вий гэдгийг харуулахыг зорьсон хэмээн тус киноны уран бүтээлчид мэдэгдсэн юм. Мөн өнөөдөр Монголын баялаг дэлхийн анхаарлыг татаж байгаа энэ цаг үед бидэнд эх орон, газар шороо, тусгаар тогтнол ямар үнэтэй вэ гэдгийг харуулахыг зорьсон. Нөгөө талаасаа эмэгтэй хүний түүхэнд гүйцэтгэж ирсэн гавьяа, тэсвэр хатуужлыг, монгол эмэгтэй хүний гайхамшигт чанарыг Ану хатны дүрд шингээж үзүүлэхийг хүссэн. Өнөөдөр дэлхий даяар хүмүүст хамгийн их дутагдаж байгаа зүйл бол чин үнэнч  хайр. Тийм байгаа юм уу, үгүй юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Хүн хайрынхаа төлөө зориулсан тэр чин сэтгэл эх орноо хайрлах сэтгэлтэй хамт байдаг юм гэсэн тийм санааг  илүү гаргах гэж хичээлээ. Заавал түүхэн кино гэхээр л төр улсын тухай байх албагүй. Түүхийн аль ч цаг үед хүн хүнээ хайрлах тэр гайхамшигт халуун сэтгэл байсан. Тийм хайр ямар ч гавьяа байгуулахад хүргэж болдгийг эгэл жирийн хүний амьдралаар үзүүлэхийг хүссэн. Хэмээн тус киноны зохиолч, продюссер Б.Шүүдэрцэцэг өгүүлсэн юм. П.Наран Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ