
Нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчих ёстой нийтийн тээврийн автобуснууд хаа нэгтээ “нисдэг авс” болон хурдлах нь энгийн үзэгдэл мэт. Өнгөрсөн 15-ны өдрийн 13.10 цагийн орчимд Багшийн дээдийн автобусны буудлаас хөдөлж буй хоёр автобусны бичлэгийг хэн нэгэн утсандаа буулгаж авчээ. Дүүрэн хүн суулгасан 9-126, 9-127 баазын дугаартай, 45-26 УНБ, 45-27 УНБ дугаартай хоёр автобус буудлаас хөдөлмөгц уралдаж, нэгнээ шахаж улмаар эсрэг урсгалаа сөрж давхих ажээ. Явган зорчигч байтугай хэр баргийн машиныг нялаад өнгөрмөөр эрсдэлтэй үйлдэл хийж буйгаа энэхэн үедээ тэр автобусны жолооч ухаарсан болов уу. Олон хүний амь насыг тээж яваа, жирийн биш хариуцлагатай тэд юуны төлөө ийнхүү аюулыг үл тоон давхилдана вэ.
Автобусны буудал дээрээсээ ухарч байгаад л хүний амь хөнөөчихдөг, гэрийнхээ хашаанд автобусаа хонуулчихаад өглөө нь шал согтуу барьж яваад онхолдуулчихдаг гэх мэтчилэн дурдахаас ч халшрам ослуудын сүүдэр хотын төвд ч та бидний дэргэдхэн давхилдах аж. Тэд ямар Формулагийн нисгэгчид биш дээ.
http://youtu.be/jUTwsviDYbY
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ