
БНХАУ-ын статистикийн газар өнгөрсөн 10 жилийн Хятадын хүн амын орлогын ялгааг харуулсан Жинийн коэффициентын (зохиогч болох Италийн статистик, социологи, хүн ам зүйн багш Коррадо Жинийн /Corrado Gini/ нэрээр нэрлэжээ) тухай тоо баримтыг анх удаа нийтлэв.
Дээрх газрын мэдээгээр, өнгөрсөн 10 жилд Жинийн коэффициент эхлээд нэмэгдэж, харин дараа нь дахин багассан байна. Гэхдээ хятадын хүн амын орлогын ялгаа их хэвээр байгааг үзүүлэлт бүхэлд нь харуулж байна.
Жинийн коэффициент нь баялгийн тэгшитгэн хуваарилах явдал, ядуу, баян хүмүүсийн ялгааны хэмжээг тусган харуулдаг үзүүлэлт юм. Энэ коэффициент хичнээн өндөр байх тусам, ядуу, баян хүмүүсийн хоорондын ялгаа их болж, харин энэ индекс бага байх тусам, тэгш бус байдал бага байдаг байна. Олон улсын стандартаар бол, 0,4 нь хүн амын орлогын ялгааны нэн ноцтой түвшин бөгөөд үүнээс дээш гарвал, ядуу, баян хүмүүсийн орлого эрс ялгаатай байна гэсэн үг юм.
Хятадын статистикийн байгууллагын мэдээгээр, 2003 онд энэ үзүүлэлт 0,479, 2006, 2008, 2009, 2012 онд дарааллаар 0,487, 0,491, 0,490, 0,474 байжээ.
Орлогын хуваарилалтын тогтолцоонд шинэтгэлийг хурдасгаж, ялгааг багасгах нь онцгой тулгамдсан шинжтэй болсныг энэ тоо баримт анхааруулж байна гэж улсын статистикийн газрын дарга Ма Зяньтан хэлжээ.
“Хотын хүн амын орлого хөдөөгийн хүн амын орлогоос барагцаалвал 3 дахин их байна. Харин цалин сайтай салбаруудад бага цалинтай салбарын албан хаагчдаас 4 дахин их цалин авч байгааг” тэр хүлээн зөвшөөрчээ.
2012 онд хот болон хот маягийн тосгонуудын хүн амын нэг хүнд ногдож буй орлого 24565 юань /1 ам. доллар нь 6,28 юань/, хөдөөгийн хүн амын цэвэр орлого 7917 юань байжээ.
Ху Жиньтиао ХКН-ын 18 дугаар их хуралд тавьсан илтгэлдээ 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн болон хот, хөдөөгийн хүн амын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн юм.
“Манай орон орлогын хуваарилалтыг зохистой болгох талаар хүч чармайлт тавьж, дунд болон бага орлоготой хүн амын орлогыг түргэн нэмэгдүүлэхийг эрмэлзэх ёстиой” гэж Ма Зяньтань хэлсэн байна.
Хятад улс Жинийн коэффициентаар Энэтхэг, Оросоос түрүүлж, Аргентин, Мексиктэй адилхан, Бразилиас хоцорч байгаа ажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ