
Ирэх 21-нээс ерөнхийлөгч маань Польшийн ерөнхийлөгчийн урилгаар Европыг зорино. Улмаар 23-26-ны хооронд Швейцарьт болох Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм.
Хилийн чанадыг зорихоосоо өмнө амжаад тэрээр өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанд суулаа. Мөн энэ хуралдаанд хотын дарга Э.Бат-Үүл ч суусан юм. Агаарын бохирдол гэх мэт тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцсэн хуралдаан нэлээдгүй ширүүн болж өндөрлөсөн. Ер нь бол Засгийн газар Ерөнхийлөгчийн асуулгад таг бүдэрч хөгөө чирсэн гэхэд болно.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын сайд нарыг болон хотын даргыг ч хатуухан зэмлэлээ. Тулгамдсан асуудлууд явсаар эцэстээ эд мөнгө, эрх мэдлийн төлөөх асуудлууд болж хувиран шийдэгдэхгүйгээр үл барам нийгэмд бухимдал нэмэгдүүлэхэд нэрмээс болж байна хэмээлээ.
Ерөнхийлөгч нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд хандан "Юун буруу жолоотой машин бэ? Иргэдээс нэг удаа асуулаа, 75 хувь нь үгүй гээд байхад яагаад дахин дахин асуух гээд байгаа юм? Хилээр орж ирэх машины тухай ярихаас нэгэнт орж ирээд явж байгаа машиныг хязгаарлах хэрэггүй. Энэ бол хүний эрх, энэ эрхийг засварлаж зааварлах эрх та нарт байхгүй. Дарга нараас өмнө хүний эрх гэж байсан юм" хэмээн бангадсан юм.
Мөн ажлаа хангалтгүй хийж байна хэмээн сайд нарыг ч зэмлэлээ. Уул уурхайн сайд Д.Ганхуягийг "Төмөр зам баригдаагүй, хариуцлагыг та өөрөө хариуцна шүү. 2013 он гэхэд шинэ төмөр замыг хүлээж авна гэж байгаа. Төмөр зам барих ажил улс төр, албан тушаалтны шийдвэрээс хамаараад байгаа бол УИХ дээр ярилцъя. Улаанбаатарт ашигт малтмал байхгүй мөртлөө ашигт малтмалын талаар хамгийн их ярьдаг газар нь болоод байна. Хотод Налайхын уурхайгаас өөр юм байхгүй.
Шадар сайд Д.Тэрбишдагва "Ард түмэн хаан" гэж сайхан үг хэлдэг. Гэтэл тэр хаад чинь утаанд угаартаж унаад байна. Утаа ганцхан Улаанбаатарт биш Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд байна. Тавдугаар цахилгаан станц барих асуудал олон жил болж байна.
Оросоос авдаг эрчим хүчний импорт нэмэгдсээр байгаа. Монгол өнөөдөр эрчим хүчний диваажин биш гуйлгачин болсон байна. Монголд нэг газар юм хийх гэхээр хийхгүй гэдэг синдром байна. Тиймээс асуудал хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх хэрэгтэй" гэв.
Мөн олны анхаарлыг татсан нэг асуудлыг хөндсөн нь вэбсайтуудын сэтгэгдлийн тухай асуудал байв.
Ерөнхийлөгч: "Ч.Сайханбилэг сайд аа, нэг хүнийг гүтгэлээ гэж байгаа бол сая хүний асуудлыг яах вэ? Сая хүний асуудал өчнөөнөөр байсаар байхад хэсэг хүмүүсийн асуудлыг битгий тоо. Вебсайтаар хамгийн их муулуулдаг хүний нэг нь би. Үүнийг сайтуудын холбоонд нь орхиод өөр чухал ажлаа хий л дээ. Ямар завтай юм бэ? Та бүхэнд ажил хийх бүрэн эрхийн дөрөвхөн жил байхад сайтын сэтгэгдэл зэрэг жижиг зүйлтэй зууралдах хэрэггүй. Ч.Сайханбилэг сайдаа" хэмээн шүүмжиллээ.
Үнэхээр ч Ерөнхийлөгчийн асуулт бүрт бардам хариулт өгөх хүн олдсонгүй. Тавдугаар цахилгаан станц, хөрсний бохирдол, цэвэрлэх байгууламж, барилгын шинэ стандарт гээд ерөнхийлөгчийн асуусан асуулт бүрт сайд нар тэр ч ажлыг хийх гэж байна, тийм ч асуудалтай тулгараад байгаа, ийм ч юм болохгүй байна хэмээн дүлгэнэж бантаж суусан юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ