Ч.Ганбат 6 сая төгрөгийн үнэтэй шагнал хүртлээ

img

Оны шилдэг гэрэл зураг шалгаруулах "Press photo-2012" уралдааны "Гранпри" шагналын эзэн өчигдөр тодорлоо. Уг шагналыг "Хасу-Бөх" сэтгүүл болон www.bukh.mn-ий эрхлэгч, чөлөөт уран бүтээлч Ч.Ганбат "Олимп 2012-Алтан агшин" цуврал бүтээлээрээ хүртэж, ивээн тэтгэгчийн шагнал болох зургаан сая төгрөгийн үнэ бүхий "Canon" фирмийн зургийн аппарат, дуран авай, өргөмжлөлийн хамт гардлаа. Харин "Байгаль, хүрээлэн буй орчин" номинацид чөлөөт уран бүтээлч Б.Баярын "Говь толгод", "Нийгэм" номинацид "Ардчилал" сонины гэрэл зурагчин Ү.Одбаярын "Хөдөө тал минь малаар дүүрэн, Хүн ард минь махаар маруухан", "Соёл урлаг" номинацид "Гамма" агентлагийн гэрэл зурагчин Д.Даваанямын "Монгол гайхамшиг", "Спорт" номинацид www.inet.mn сайтын гэрэл зурагчин Б.Уугансүхийн "Сумын наадам", "Улс төр" номинацид www.info.mn сайтын гэрэл зурагчин Н.Ариунаагийн "Аав минь эх орныхоо төлөө амиа өргөсөн" зураг тус бүр шалгарч, өргөмжлөл хүртсэн юм. Үндэсний гэрэл зургийн танхим, "Монголын гэрэл зураг мэдээлэл" сэтгүүл, Фото мэдээллийн www.inet.mn вэбсайтаас санаачлан хоёр дахь жилдээ дээрх уралдааныг зарлаж зохион байгуулсан нь энэ юм. Уншигч та "Press photo-2012" уралдааны шилдэг бүтээлийг сонирхохыг хүсвэл Төрийн ордны Баганат танхимд очиж танилцах боломжтой. Үзэсгэлэн өчигдрөөс эхлэн нэг сарын туршид олны хүртээл болно. МОНЦАМЭ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ