Нийтлэлийн мөрөөр: Халуун сэтгэлт залуус тусламжийн гараа сунгав
Гал түймрийн аюулын улмаас таван ханатай гэр нь шатаж, орох оронгүй болж үлдсэн Ц.Ганбаатарынх гэх өнөр бүлийн тухай өгүүлсэн “Хормоор хэмжигдсэн амь буюу дуудлага” нэртэй нийтлэл манай сайтад гарснаас хойш яг хоёр долоо хоног өнгөрчээ. Халуун ам бүлээрээ гэртээ амар тайван амьдардаг байсан тэд нэг л өдөр ийнхүү хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлонд унасан. Тэдэнд тохиолдсон энэхүү гэнэтийн үйл явдлыг уншигчдад хүргэсэн нийтлэлийн дараа тусламжийн гараа сунгахаар маш олон хүн бидэнтэй холбогдсон. Одоо ч утсаар, цахим хаягаар холбогдож тэдэнд туслах хүсэлтэй байгаагаа цагаан сэтгэлт буянтнууд илэрхийлсээр байна.
Өнгөрөгч баасан гаригт л гэхэд “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлээс Ц.Ганбаатар гуайнд тусламжийн гараа сунгав. “Хамтын халуун сэтгэл”-ийн залуус нь фэйсбүүкээр холбогдож бусдад туслах чин хүслээрээ нэгдэцгээжээ. Тус нэгдэлд гадаад, дотоодод амьдардаг 300 орчим залуус бүртгэлтэй бөгөөд Улаанбаатар хотод зохиогддог үйл ажиллагаанд 100-гаад нь оролцдог аж. Тэд нийгмийн сайн сайханд чиглэсэн “Бүгдээрээ дулаан өвөлжъе I” аяныг өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулж, Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүмүүст дулаан хувцас түгээсэн байна. Мөн Шинэ жилийн өмнөхөн хотын захын хорооллын 1000 гаруй хүүхдэд бэлэг тараах ажлыг мөн зохион байгуулсан ажээ. Харин энэ удаад “Бүгдээрээ дулаан өвөлжье II” аяны эхний тусламжаа Ц.Ганбаатарынд хүргэж өгөхөөр “Мөрөөдлийн гэр”-тээ цуглан хэрхэн хүргэж өгөхөө ярилцаж, удалгүй Улиастайд түр байрлаж байгаа гэрийг нь зорихоор болов. Энэ үеэр Монголын радиогийн “Хурд” агентлагийн редактор Ц.Мөнхзул Ц.Ганбаатарынд мөнгөн хандив өргөсөн юм.
Ц.Ганбаатарынх Баянзүрх дүүрэгтээ гэр хүссэн өргөдлөө гаргасан боловч одоогоор бэлэн гэр байхгүй тул “Заяа тайж”нийгэмлэгийн Улиастайд байрладаг хашаанд түр байрлаж болно гэжээ. Тус нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара арав гаруй жилийн өмнөөс гэр оронгүй, ядарсан иргэдэд туслах болсон бөгөөд өнгөрсөн оноос БЗД-ийн аравдугаар хороо, Улиастайн эцэст 25 гэр бүхий хашаанд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж. Ц.Ганбаатар гуайнх тус нийгэмлэгийн дөрвөн ханатай 25 гэрийн нэгд нь байрлан гэр бүлээрээ нэг дор цугласан байхад нь халуун сэтгэлийн залуустай хамт зорин очсон юм.
Тэд энэ үеэр “Танай Шууд.мн сайтын хамт олноос зохион байгуулж буй энэхүү сайн үйлсийн, тусламжийн аянд бид оролцож, сэтгэлийн дэм өгөхөөр нэгдсэн. Ядарсан цагт хүний сэтгэлийн өчүүхэн тус ч амьдралд итгэх итгэл хайрлаж, дэм болдог. Бид энэ удаад Шууд.мн сайтынхантай хамт танайхыг сонгон хүрч ирлээ. Гэнэтийн аюул тохиосон ч халуун ам бүлээрээ байгаа нь хамгийн чухал, ядарсан цагт хүний сэтгэлийн тус дэм хэзээд багаддаггүй” хэмээн авч очсон гурил будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал хувцас, индүү, аяга зэргийг бэлэглэсэн юм. Ийнхүү халуун сэтгэлт залуус Ц.Ганбаатарынд хандив өгснөөр тэд нэг хэсэгтээ идэх хоолоор тасрахгүй, өмсөх хувцастай болов. Одоо тэд өөрийн гэсэн гэртэй л болчихвол аз жаргалтай сайн сайхан амьдрах цаг тун ойрхон байна.
Энэ дашрамд сайтын маань нийтлэлийн мөрөөр халуун сэтгэлийн гараа сунгасан “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийн сайн үйлсийн аян нь улам өргөжиж, олон олон хүнийг баярлуулж байх болтугай.
[caption id="attachment_192567" align="aligncenter" width="620" caption=""Мөрөөдлийн гэр"-т Ц.Ганбаатарынхыг зорихийн өмнө"]











СЭТГЭГДЭЛ БИЧИХ