Х.Тэмүүжинг өмөөрөхүй
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг захын авгай доромжилдог болж. Бүр үр хүүхдийг нь заналхийлэх болсон нь хэрээс хэтрэв. Харамсалтай нь энэ талаар УИХ, Засгийн газрын гишүүд дүлий дүмбэ оргиж суугаа нь монгол төрийг улам хүчгүйдүүлж байна. Тэд уг нь арьсаа хамгаалах тал дээр хамгийн түрүүнд атирдаг хүмүүс. Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө эрхэм гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бусдаас илүү тэмцэж байгаа нь үнэн. Монголын нийгэмд ашиг сонирхлуудын зөрчилдөөн дээд цэгтээ хүрсэн учраас шударга ёс хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа юм. Английн эрдэмтэн Ф.Бэкон шударга бус явдлын гурван эх сурвалж байдгийг хүчирхийлэл, хуулиар халхавчилсан санаатай хийж буй хорон муу үйл, хуулийн өөрийнх нь харгис хатуу чанар гэсэн байдаг.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөгийн улс төрд үнэт зүйл, үзэл санаа, зарчим үнэгүйдсээр байна. Зарчимтай, мэдлэгтэй нь бус зальтай, мөнгөтэй нь үнэлэгддэг болоод удлаа. Мөнгөний өрсөлдөөнөөс бодлогын өрсөлдөөн руу орох цаг болсон. Судалгаанаас харахад манай парламентаас гарч буй хуулиудын дийлэнх хувь нь явцуу эрх ашиг, бизнес бүлэглэлийн захиалга байдаг нь тодорхой харагдаж байна. Аливаа хууль нь олигархийн эрх ашигт бус, олон түмний эрх ашигт үйлчлэх ёстой гэж бичсэн байна. Үүний наад захын жишээ бол өнгөрсөн оны тавдугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Нийтийн албанд нийтийн ашиг ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль юм. Уг хуулийг төрийн албан тушаалтнууд гууль болгож байгаа нь нууц биш.
Ардчилсан улс оронд Хууль зүйн сайдаа хууль бусаар дарамтална гэдэг үнэндээ даварсан алхам. Тэгээд экс тэргүүн хатагтай, хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтны эхнэр, парламентын гал тогоонд ажиллаж байсан хуульч хүнээс ийм ааш авир гарна гэдэг төрийн эсрэг санаатай үйлдэл. Иймэрхүү эмсийн үйлдэл нийгэмд цаашдаа ямар муу муухай уршиг тарьж байгаа нь бүр ч аймшигтай. Тэдний дэргэд Ц.Шинэбаярын салаавч тавьсан нь юу ч биш. Тэгэхээр салаавч тавьсан хүн жилийн тэнсэн харгалзах ял авдаг юм бол санаатай заналхийлсэн нь чанга л тусах учиртай баймаар. Хууль зүйн сайдыг ална гэж сүрдүүлж байгаа хүүхнүүд жирийн иргэнийг зүгээр л тааралдсан газраа үгүй хийчих юм байна л даа.
Өнөөдөр Монголын нийгэмд хүн алж, хүрээ талахаар айлгасан жишиг тогтоох уу, хуулиа дээдэлж, хүн шиг амьдрах ёсоо баримтлах уу гэсэн салаа замын уулзварт хүмүүс тулж ирэв. Монголчууд эрт дээрээс шударга ёсны үнэлэмтэй, мэдрэмжтэй ард түмэн. Чингис хаан тайчуудтай хийсэн тулалдаанд өөрийнх нь хүзүүг харваж шархдуулсан Зургаадайг үнэнч бөгөөд нөхөрлөж болох хүн хэмээн Зэв гэж нэрлэн, өрлөг жанжнаа болгодог. Харин эзнээсээ урваж, Жамухыг барьж ирсэн таван иргэнийг цаазалсан. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан даруйд хүмүүсийг гавьяа зүтгэлээр нь албан тушаалд томилон шагнаж урамшуулж байлаа. Ер нь ард түмэн төрөөс хүсдэг хамгийн гол бөгөөд чухал зүйл бол шударга шагнал, шударга шийтгэл байдаг. Их хаан идэр Тэмүүжин насандаа энэ байтугай зовлон бэрхшээл туулж явсан болохоор эдний сүрдүүлэг юу ч биш, ард нь гарахдаа л гарч таарна.
Ардчилсан сонгуулийн үндсэн гол зорилго нь сонгогчдын зүгээс улс төрийн намуудад итгэл үзүүлэх замаар төрийн эрх барих боломжийг олгоход чиглэдэг. Гэтэл Ерөнхий сайд асан Н.Энхбаяр 2000 оны зургадугаар сард “Би ард түмний эрхийг авлаа...” хэмээн олныг цочирдуулсан хариуцлагагүй мэдэгдэл хийж байсан. Энэ нь төрийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн зарчимтай шууд харшилж байлаа. Энэ хүн одоо ч эл сэрүүн зүүднээсээ салж чадахгүй, олон хүнийг хөлдөө чирч байна. Эвслийг задлах, эхчүүдийг өлсгөлөнд уруу татах, эхнэрээрээ хүн дарамтлуулах юу эсийг бодож олов. Нам бол гэмт хэрэгтнүүдийн үүр биш, дор хаяж ёс суртахууны үндсэн хэм хэмжээг сахиж чаддаг, хатуу чанд сахилга баттай улс төрийн бүлэглэл байх учиртай. Түүнээс биш Ц.Нямдоржийн хэлснээр Н.Алтанхуягийн өрөөсөн бөөр руу хутга шаадаг Д.Тэрбишдагватангууд биш. Шударга иргэд Х.Тэмүүжинг өмөөрч байна.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ